Нам хувьчлагдах уу? Дотроосоо шинэчлэгдэх үү?

527-1407913195logo-namuudАливаа нам бол үзэл бодол, зорилго, итгэл нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл юм. Тиймдээ ч олон улсын нэр томъёо нь “партия” /хэсэг бүлэг/ хэмээх үгээр тодорхойлогдон тогтсон байна. Монголчууд хорьдугаар зууны эхээр тусгаар тогтнол улс үндэстнээ аварч, хөгжүүлэх зорилгоор “партия” байгуулж түүнээ “Нам” гэж нэрлэсэн.

“Нам” /сэмхэн/ нийлж, үгсэн ажиллахаар шийдсэнээс “Нам” гэсэн үгийг улс төрийн хэрэглээнд оруулж түүнийхээ тодорхойлолтыг “Монгол ардын” гэж авсан учир “Монгол ардын нам” үүсэн улс орныхоо сэргэн мандах үйлсийг ард түмнийхээ нэрээр хэрэгжүүлж эхэлсээр өнөө үед 90 гаруй жилийг үзэж байгаа билээ. Энэ ерээд жилд “Монгол ардын нам” нэг удаа нэрэндээ тодотгол нэмсэн тэр нь “хувьсгалт” гэдэг үг юм.

Тэр тодорхойлолтыг 1924 оноос хойш хорьдугаар зууныг дуустал нэрнээсээ салгаагүй. Гэвч ерэн наснаасаа хойш “хувьсгалт” гэдэг үгээ нэрнээсээ авч хаяад анхныхаа нэрээр “Монгол ардын нам” гэж явах болсон. Гэтэл “Хувьсгалт” гэдэг үгийг нь шүүрэн авч “Монгол Ардын Хувьсгалт нам” гэдэг хоёр дахь намыг мөнөөхөн МАХН-ын гишүүд тэр ч байтугай олон удаа даргаар нь сонгогдож явсан зүтгэлтэн санаачлан байгуулсаныг нийтээр мэдэж байгаа. Тэгэхээр нам /хамгийн ахмад нам/ маань гаднаас биш дотроосоо “шинэчлэгдсээр” ирсэн намтартай юм.

Харин 1990-ээд он хүртэл МАХН-д Зөвлөлт Орос улсын Коммунист намын нөлөө, бас заримдаа шууд “удирдамж” ихээхэн хүчтэй байсаар ирсэн. Ялангуяа тэр намын удирдагч Иосиф Сталин ихээхэн нөлөөтэй бас зааварчлахаас эхлээд зарим удирдагчдыг нь хэлмэгдүүлэх тэр ч байтугай сүм хийдийг нь устгуулж, шашин шүтлэгээс нь татгалзуулахаар барахгүй “мал сүргээ 200 сая болно” гэхчилэн хэлэх хүртэл “гар дүрж”, үг цээжлүүлж байлаа.

Зарим “дуулгаваргүй удирдагчдыг” маань ардын хувьсгалын ойн өдөр /долдугаар сарын 10,11/ бас манай тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар дахин баталгаажуулсан өдөр /10 дугаар сарын 26/ Оросын шоронгуудад цаазаар аваачиж байсан нь түүхнээ гэрчтэй үлдсэн юм. Сталинг тахин шүтэх уур амьсгал Зөвлөлт Оросын хилийг давж Монголд ноёрхсон бөөн хар үүл болж байсан үед 1949 онд түүний мэндлэсний жаран жилийн ойгоор Монголчууд улсынхаа Үндэсний Төв номын санг нэрэмжит болгож, барилгынх нь өмнө хөшөө босгох, мөн Зөвлөлт Оросын тусламжаар баригдсан Max комбинатыгСталины нэрэмжитболгохоор шийдэж МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо тогтоол гаргажээ.

1951 онд хөшөөг нь Монголчууд босгосоноос хойш хоёр жил гаруйхны дараа Сталин өөд болсон юм. Үүнд гайхмаар юмгүй мэт боловч Max Комбинатыг түүний нэрэмжит болгосон нь санамсаргүй мэт боловч тэр үедээ ч өнөө ч гайхмаар шийдвэр мэт санагдаж түүхнээ үлджээ. Уул нь хөшөөг нь тэр нэрэмжит Max Комбинатынх нь үүдэнд шилжүүлсэн бол бааранд өгснөөс дээр байсан бизээ. …

Тэгвэл 1990 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны /Ж.Батмөнх даргатай/ шийдвэрээр нөгөөх Сталины хөшөөг буулгасан юм. Яг нэг жилийн өмнө 1989 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “Иж бүрэн шинжтэй өөрчлөлт хэрэггэй” гэсэн нэр бүхий өргөх бичгийг МАХН-ын гишүүн 15 хүн бичсэнээ нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд нийтлүүлэхээр уг сонины Ерөнхий эрхлэгч асан миний өрөөнд авчирч өгцгөөсөн билээ.

Тэр бичиг цагтаа тун ч осолтой гэгдэхээр зүйл байсан тул уул нь Төв Хороонд хүргэж өгч санал, шийдвэрийг нь авах ёстой байлаа. Гэвч уншаад үзэхэд МАХН-ын нэр бүхий гишүүд гарынхаа үсгийг зурсан ер нь намаа дотроосоо шинэчлэх үзэл санаа агуулсан анхны эрс шийдэмтгий, зориггой бас агуулга сайтай бичиг байсан тул сонины Ерөнхий эрхлэгчийн хувьд дангаараа шийдэж маргаашийнх нь “Үнэн” сонинд яаралтай хэвлүүлэхээр толгой мэдэн шийдвэрлээд орлогч эрхлэгч Х.Цэвлээтэйгээ зөвлөлдөн сонины маргаашийн дугаарт /тэр дугаар хэвлэлд шилжчихсэн байсан/ /1989 оны хоёрдугаар сарын 23-ны №46/ юу орсныг лавлаваас дөрөвдүгээр нүүрийг чөлөөлж болохоор байх тул түүнийг хойшлуулан нөгөө осолтой захидлыг хэвлүүлэх үүрэг өгч билээ.

Тэр үедээ “осолтой” мэт санагдахаар боловч одоо бол хэн ч хэлээд буй санал бодол шингээстэй байсан нь сонины эрхлэгчийг зоригжуулсан гэж болно. Бас тэрхүү өргөх бичгийг баригчид намын ахмад, залуу, дунд насныхныг төлөөлөхөөс гадна ихэвчлэн эрдмийн цол зэрэгтэй, түүх соёл, гадаад дотоод харилцааны асуудал мэдэх хүмүүс байлаа. Бичиг нь шүүмжлэлтэйгээс гадна тодорхой санал дэвшүүлсэн зүйл байсан юм. -”Нийгмийн улс төрийн системд хийх өөрчлөлтийн гол гогцоо асуудал бол намыг өөрийг нь шинэчлэхэд оршино” гэж тэд үзсэнээ хэлээд -”Боловсон хүчний бодлогод гарсан ноцтой алдаа, манай намын эгнээнд хувийн ашиг завшаан хичээсэн хүмүүс орж ирэх боломжийг буй болгосон төдийгүй янз бүрийн шатны удирдах байгууллагыг бүрдүүлэхэд зохисгүй нөлөө үзүүлсэн юм.

Xүн амын дийлэнх олонхи нь залуучууд хийгээд намын гишүүдийн дундаж нас 45,5 атал МАХН-ын Төв Хорооны 85 гишүүний нь бараг 50 хувь нь тэтгэврийн насны хүмүүс 91,7 хувь нь удирдах аппаратын ажилтнууд байна.

Тэдний бараг гуравны нэг нь намын их хуралд таваас дээш удаа сонгогджээ” гэж асуудлыг шийдэх гол хүчин зүйл болдог боловсон хүчний тухайд маш оновчтой, тоо баримттайгаар үнэн байдлыг тэр бичигт дурдсан байлаа. (Энэ байдал нэг хэсэгт засарсан хэдий ч Улсын Их Хурал Үндсэн Хуулийн Цэц мэтэд нь ахин давтагдаж одоо ужчирч нам төвтэй төр болж байгаа юм.) Тэдгээр 15 эрдэмтэд өргөх бичигтээ:
-Намын онц их хурлыг хуралдуулах, намын төв хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх,
-Ардын Их Хурлын ээлжит хугацааг наашлуулах,
-Үндсэн хууль боловсруулах асуудлыг түргэтгэх,
-МАХН-ын мөрдөж байгаа программ, одоо хэлэлцэж буй дүрмийн төсөл нь намд эрс өөрчлөлт хийхнээ гэсэн итгэл тэр бүр төрүүлэхгүй байна.
-Манай нам БНМАУ-ын үндсэн хууль дахь “МАХН бол төр нийгмийг удирдан чиглүүлэх хүч мөн” гэсэн заалтаас шинэ үндсэн хууль батлагдахыг хүлээлгүй өөрийн санаачлагаар татгалзах,
-Улс төрийн олон ургалийг үзлийг хүлээн зөвшөөрөх шүүмжлэх эрх чөлөө, тэгш эрх, хувь хүн ба цөөнхийн үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах эрхийг баталгаажуулах гэх зэрэг санал дэвшүүлсэн байлаа.

Энэхүү саналуудыг МАХН онц их хурлаараа болон дараах хурлуудаараа хэлэлцэж бүгдийг нь хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсэн юм. “Шинэ нөхцөлд эдийн засгийгудирдах гол арга нь зах зээлийн механизм, төрийн зохицуулалт болох ёстой” гэсэн санал нь шууд зөвшөөрөгдөж нам, төр, засгийн үйл ажиллагаанд хориод жил хэрэгжсээр байна. Харин маргаантай нэг Санал бол “манай орны хөгжпийн цаашдын төлөв нь хүнлэг энэрэнгүй, ардчилсан социализм мөн” гэсэн тодорхойлолт байлаа.

Тэр нь Монгол улсы шинэ үндсэн хуульд: “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж бараг үг үсэгчлэн орсон боловч хоёр үг хасагджээ. “Энэрэнгүй”, “Социализм” гэдэг хоёр үг яагаад ч юм бэ үндсэн хуульд ороогүй юм, “Энэрэнгүй” гэдэг үг тэр цагаас өнөөг хүртэлх хорь гаруи жилд жинхэнэ утгаараа хэрэгжихгүй явж нийгмийн зарим хэсэг нэлээн харгисдуу сэтгэлгээтэй, бас гэмт хэрэг өссөөр байгаа нь уул үг гээгдсэнээс болсон гэхэд учир дутагдалтай ч гэсэн үгүйлэгдсээр буй үг юм.

Нөгөөх нь “Социализм” гэдэг үг уул өргөх бичгийн эздийн амнаас ч гарахаа байсан нь гайхалтай юм. Намаа дотроос нь шинэчлэх мөрөөдпөө бол мөнхүү 15 эрдэмтэн бараг бүрэн хэрэгжүүлсэн гавъяатай хүмүүс гэж түүхэнд үлдэх буй заа.

Тэд нар хэн хэн байсан гэвэл: Ц.Даваадорж, К.Зардыхан, Ц.Баасанжав, Ц.Гомбосүрэн, Х.Гүндсамбуу. С.Дашдаваа, Ч.Жалбуу, Т.Лхагваа, Ш.Түдэв, Н.Уртнасан, Ц.Цолмон, Ж.Чунагсүрэн, М.Энхсайхан, Ж.Ядамсүрэн, Б.Бадамдорж нар юм. Зарим нь төр намын том зүтгэлтэн, зарим нь төрийн сайд, гэхчилэн томоохон албан тушаалд тэд хожим нь дэвшиж үр бүтээлтэй ажилласаныг нийтээр мэдэж байгаа.

Ерөнхий сайд хүртэл хийж байсан хүн ч бий (М.Энхсайхан) Зардынхан засгийн газрын дэд тэргүүн байгаад Казахстанд шилжин суурьшсан, Чунагсүрэн, Гүндсамбуу нар өөд болсон. Б.Бадамдорж гэж аавынхаа нэрээр 15 дахь хүн болсон Б.Батхишиг намдаа өндөр алба хааж улмаар дипломат албанд шилжиж, элчин сайдаар ажиллах болсон.

Мөн Ч.Жалбуу нэрээр 15-ын нэг болсон дипломатч Чойнхор улс орныхоо гадаад харилцааны албанд идэвхтэй хүчин зүтгэсэн. Харин бусад нэр бүх 8 гишүүн нь цагийн эрхээр бас үзэл санааны жолоогоор 3-н нам дамжиж, тэр намдаа дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж, улс төрийн идэвхтэй амьдралаар аж төрж байна. Намаа дотроос нь шинэчлэх үйлсийн анхдагч болсон эдгээр хүмүүсийн үлгэр дууриал нь уламжпагдсан гэж болох бөгөөд тийм нэг бүлгийг “Элсний 13″ гэж намынхан нь нэрлэсэн байна.

Тэдний тухайд бол УИХ-ын гишүүн асан Одончимэд дуртгалынхаа номонд өгүүлсэн тул тэндээс үзэх боломжтой. 2012 оны аравдугаар сарын 14-нд Лениний хөшөөг Ардын намын биш зөвхөн нийслэлийн засаг даргын шийдвэрээр буулгаж Баянзүрх дүүргийн хогийн баазын ТҮК-ийн хашаанд хаяжээ. Жилийн дараа МАН Ленинийхээ музейг алдсан юм. Гэвч 15 нь ч 13 нь ч дуугараагүй билээ.

Намыг гаднаас нь биш дотроос нь, хөндлөнгийн хүн биш өөрийнх нь гишүүд шинэчлэх юмуу, хуучруулдаг нь ийм ажээ. Гэхдээ “Нам төвтэй төр” байгуулсан гэж өөр намынхан (АН) Монгол Ардын намыг гаднаас нь шүүмжлээд байх үед түүнийг хүлээн зөвшөөрч нийгмийг удирдах үндсэн хуулийн заалт бүхий үүргээсээ 1990-ээд оны дунд үед өөрөө татгалзан үндсэн хууль дахь тэр томъёололыг хасуулсан юм.

Гэтэл 2000 он гарахад тэрхүү “Арван таван эрдэмтний” бүрэлдэхүүнд байгаагүй хүмүүс МАХН-ын удирдлгад гарч ирснээс хойших жилүүдэд ахиад л “Нам төвтэй төр” байгуулж, (тэд намыг хувьчилсан) сонгуульд олонхийн суудал авсан “эрхээ” эдлэн төр засгийн бүхий л өндөр байтугай “хурган” гэгдсэн албан тушаалуудад МАХН-ынхаа гишүүдийг татаж тавьсан билээ.

Үүнд нь асуудал гарахаар төрийн албанд тавигдсан намын гишүүн хүмүүсийг намаас нь түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэр нь хүмүүсийг тайвшруулан, сөрөг хүчний довтолгоог няцаахад хэрэг болсон ч гэсэн үнэндээ “шоу” гэгдэх өнгөн үзэгдэл байв.

Тэгтэл сонгуульд Ардчилсн Нам олонхийн суудал авмагц өнөөх шүүмжилдэг сэдвээ огоорч мөн л бүх засаг, төрийн албанд өөрийнхөө гишүүдыг тавьж Ардын намынхныг “жийж” ахиад л “нам төвтэй нийгэмд” шилжлээ. Энэ бүхний амин сүнс нь “намуудын тухай хууль” болсон тул уг хуулийг боловсронгуй болгоогүй цагт “төр биш нам төвтэй” тогтолцоо ноёрхсоор байхнээ.

Л.Түдэв

Эх сурвалж: “Дал” сонин


URL:

Сэтгэгдэл бичих