Өмнөговийн цэцэрлэгийн ажилчдаас халдварт өвчний нян илэрчээ

omnogoviӨмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдасд шинжилгээ хийжээ.

Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. 40 арчдасын 26-гаас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний савханцар илэрсэн байна. Мөн цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь халдваргүйтгэлийг оромдсон хэрэг болжээ. Тус цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний нян илэрсэн байна. Ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлалтай хэмээн Мэргэжлийн байгууллагын шинжээчид үзэж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон байх ч танил талаараа дамжуулж эрүүл гэсэн тамга тэмдэг даруулсан байж болзошгүйг холбогдох албаныхан үзэж байна. Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэлжээ. Ханбогд сумын хөрс, ундны усыг МХЕГ-ын төв лабораторид шинжилж байгаа аж. Баян-Өлгий аймагт дотуур байрны хүүхдүүд юунаас болж хордсоныг тогтоох шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарна.

Б.Туул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих