Бод гэхээр бог

махАлбан ёсоор гэрээнд гарын үсэг хараахан зураагүй ч хойд хөршид мах экспортлохоор өндөр төвшинд ярьж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлалынхаа үеэр “Энэ асуудлыг судалж үзье” гэж албаны хариулт өгсөн. Гэвч асуудал нэлээд нааштайгаар шийдэгдэнэ гэдэг хүлээлт хөдөө аж ахуйн салбарынханд байна. ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж удахгүй ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай уулзахаар явах гэж буй. Эндээс нэлээд асуудал тодорхой болох нь гарцаагүй. Тухайлбал, малчны хотноос мал, мах гараад ОХУ-ын зах зээлд хүрэх замд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ. Хөнгөвчлөх, хамтарч шийдэх ямар асуудал байна вэ гэдгийг нарийвчлан тодорхой болгох юм. Нөгөөтэйгүүр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ОХУ руу орох гаалийн тариф нэлээд өндөр байдаг. Үүнийг тэглэх юм уу үүнтэй тэнцэхүйц хэмжээнд багасгахаар хэлэлцээ, тохироо хийх биз.

Манай улсын мах үйлдвэрлэгч компаниуд жилд 20 гаруй мянган тонн махыг ОХУ-д экспортолж ирсэн туршлагатай. Харин одоо энэ хэмжээгээ өсгөх сонирхолтой байна. Хойд хөрш ч жилд ойролцоогоор 100 мянга хүртэлх тонн мах, махан бүтээгдэхүүн, дайвар, лаазалсан бүтээгдэхүүн авахаар урьдчилсан байдлаар тохирсон аж. Цаашид ОХУ тогтвортой, урт хугацаанд хамтарч ажиллан жилдээ Монголын зах зээлээс ийм хэмжээний импортыг тогтмол хийх болно гэдэг тооцоотой юм билээ. Нийлүүлэх боломж ч манай малчдад бий. Гагцхүү хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь төрийн хийх ажил юм.

ОХУ-тай манай улс хэдэн жилийн өмнөөс мал эмнэлгийн салбарт хамтарч ажилласан. Ингэхдээ 40 сая тун шүлхийн вакцин, мал эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэх 20 орчим автомашиныг авчээ. Энэ ажлынхаа үр дүнд баруун аймгуудыг малын өвчингүй бүс болгон зарлахаар мэрийж байсан юм. Харамсалтай нь өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн хоёр суманд шүлхий гарч “золигтов”. Ингээд л “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр салхи эсрэг зүгтээ эргэчихсэн.

Харин ҮХАА-н дэд сайд Ц.Туваан үүний эсрэг байр суурьтай байна. Тэрээр “Оросуудын ярьдаг шиг манай улсад өвчтэй мал түгээмэл байсан бол монголчууд ч өвдөх болов уу. Монголчууд олон мянган жилийн турш бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, хүнсэндээ хэрэглээд ирсэн. Гэтэл малын гаралтай өвчнөөс болоод монголчууд нас барж, өвдөж байна гэж сонсоогүй. Гэхдээ бид экспортод гаргаж буй учраас дэлхийн стандарт, норм нормативыг хангаж мөрдөнө” гэв.

Монгол Улс уг нь өргөн уудам газар нутагтай. Тиймээс баруун аймагт гарсан шүлхий зүүн хязгаарт хүрч малд шууд халдварлах боломжгүй. Тиймээс шүлхийгүй, эрүүл бүсээсээ мал, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж зарим хүн үзэж байна. Өөрөөр хэлбэл, баруун аймгийнхан хамгийн түрүүнд малын өвчингүй бүс болж ОХУ-д мал, мах экспортлох боломжоо алдсан ч ОХУ-ын экспертүүд Монголд ирж ажиллаж байна, одоо. Тэд аймгуудыг баруун, зүүн, төв гэж бүсчлэн газар дээр нь шинжилгээ, судалгаа хийж байгаа юм. Мөн махны үйлдвэрүүдийн хүчин чадал, үйлдвэрлэлийн стандартыг хэр зэрэг нэвтрүүлсэн зэргийг үзэж харан эрсдэлийг үнэлгээ хийгээд “Ийм үйлдвэрүүд ОХУ руу мал, мах экспортлох боломжтой” гэдгийг тогтоох юм байна. Эндээс үйл явц нь дэндүү ойлгомжтой, ямар ч асуудалгүй мэт харагдана.

Гэхдээ оросууд “Бод малын мах авъя” гэж яриа хэлэлцээгээ эхэлж байна. Гэтэл манай улсад үхэр, адууны тоо толгой төдийлэн их биш. Өөрөөр хэлбэл, экспортлоод байх боломжгүй гэсэн үг. Тиймээс Монголын талаас “Хонь, ямааны махыг оросын зах зээлд гаргая” гэдэг санал тавьж байгаа юм. Амьдрал бас бизнес гэгч үнэхээр баялаг юм. Албан бус асуудлыг албан ёсны хэлэлцээрийн төвшинд шийдэх авьяас хэний талд байгааг л харах үлдлээ!

 

Г.Ганчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.