“Жаст”-ын Ш.Батхүү шуналдаа хахав уу, хахаж буй дүр эсгэв үү

“Жаст”-ын Ш.Батхүү гэх нууц ноёнтон Монголын бизнесийн ертөнцөд орж ирээд удаагүй байгаа.
Ганзага үүрэн, унаж босож зовлон үзсэн бизнесийн акулуудын дэргэд бол түүнд өөрийн гараар босгочихсон юм бараг байхгүй. Анхны хэдэн шатахуун түгээгүүрийг эс тооцвол. Сүүлийн үед л “Жаст”-ын Ш. Батхүү гэх нэр хуурай өвсөнд тархсан гал шиг хурдан түгж, гэнэт гарч ирсэн цулгар баяны дүр тодрох болсон. Өмнө нь MCS-ийг үүсгэн байгуулалцсан, гэхдээ Оджаргалтай байнга санал зөрөлдөж байдаг учраас больсон гэх мэдээллийг Ш. Батхүү өөрөө өгч Монголын бизнест хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээдэг. Бас “Жамп”-ийг үүсгэн байгуулалцаж явсан боловч удалгүй өөрийн мөрийг хөөсөн. Гэхдээ л түүний талаарх мэдээллүүд бүгд нууцлагдмал байдаг. Хойно сургууль төгссөн түүнийг Орос ах нартай нэлээд “сайн” гэдэг. Гэхдээ бүүр хүнд гаруудтай холбоотой тэдний гар хөл болдог тухай мэдээлэл нэг биш удаа чих дэлсэж л байсан.  С.Баяр бол түүний улс төрийн ар тал гэдэг нь ил цагаандаа гарсан. Ямартаа ч “Жаст” гэх хэдхэн бензин колонктой байсан нөхөр, дампуурлаа зарлаж эхэлсэн Г.Алтан хатагтайн бүх шатахуун түгээх станцуудыг худалдан авч хүчээ сэлбэсэн. Тэр л үед хүний бизнесийг соёлтой аргаар залгих түүний арга барил төлөвшсөн гэлтэй. “Алтжин”-гийн дараа амташсан хэрээ арав нахина гэгчээр “Хадгаламж банк”-ийг ах нартай нийлж өөрийн болгох ажилдаа ханцуй шамлан орсон.  Энэ үед анх нь бол Громов энэ банкийг хөлтэй хөөртэй, хэл амтай хувьчлан авсан ч 14 тэрбум төгрөгийг нь төрийн байх үед нь нэг залжин нөхөр цохичихсоноос болж санхүүгийн гүн хүндрэлд орж улмаар арга буюу энэ удаагийн гол баатар Ш.Батхүүд алдагдал хүлээн байж зарсан гэх. Ингээд яваад байхад болох юм байна гэсэн бодол ч түүний тархинд орсон биз. Толгойтой болгон нь уул уурхай сонирхох болсон өнөө үед мань хүн чүү ай авч явж байсан жоншны уурхайгаа орхиод хэн хүний анхаарлын төвд байсан “Олон овоотын алтны уурхай”-г өөрийн болгох ээлжид ажилаа эхлүүлж Ц.Мянганбаярын ордыг нэн хурдтайгаар залгисан.
Гэхдээ бүр “Олон овоот”-ыг босгох гэж банкуудад тавьсан өртэй нь хамт авсан байх юм. Өрийг нь ч график гарган төлөхөөр холбогдох байгууллагуудтай гэрээ хийсэн. Гэтэл одоо “Олон овоот” ашиггүй, алт гарахгүй байна гэж ам ангайх болж. Энэ бол түүний үе шаттай төлөвлөгөөт арга хэмжээний нэг хэсэг биз. Үнэндээ “Олон овоот” бол маш их нөөцтэй гэдэг нь тогтоогдчихсон. Юу гэж л Монголын топ гурван банкны нэг болж явсан Анод, энэ хэмжээнд банкийг удирдаж явсан нөхөд нөөц нь тодорхойгүй, хулхи орд дээр өдий төдий хэмжээний зээл өгч үхлээрээ тоглохов дээ. Тэдний хэлдэгээр бол тус ордын нөөц 100 гаран тонн, харин 18,4 тонн алттай гэж Эрдэс баялгийн нөөцийн санд бүргэсэн байдаг. Эндээс “Монгол газар” дөнгөж л 5 тонн алт олборлосон гэдэг. Тэгэхээр цаана нь 13 тонн алт ямар ч эргэлзээгүй байгаа нь тодорхой.  Энэ бол  хамгийн багаар бодогдох алтны нөөц.  “Анод”-ын банкируудын хэлж байгаа шиг 100 гаран тоннын нөөцтэй бол бүүр ч их хэмжээний алт Ш.Батхүүгийн болоод, Орос ах нарых нь мэдэлд очсон нь тодорхой. Хэрэв “Олон овоот”-од  нөөц байхгүй байгаа бол Монголын эрдэс баялгийн зөвлөл байхгүй юмыг байгаа гэж баталдаг болж таарч, манай бусад бүх ордын нөөц “НО”-той болох нь.
Уул уурхай, тэр дундаа алтны уурхай бол дурын хүний санаан зоргоороо хийдэг ажил биш гэдгийг шуналдаа хөтлөгдсөн Ш.Батхүү ноёнтон ойлгох биз ээ. Ямартай ч “олон овоот” од нөөц байхгүй байна гэж гоншигнох түүний энэ байдал үнэн болтэрээр уул уурхайд жижигдэж том санаархаж шуналдаа хахсаны дохио, худлаа бол  хахаж буй дүр эсгэж буйн илрэл.


URL:

Сэтгэгдэл бичих