Манай улсын 16 аймгийн 200 суманд үлийн цагаан оготно үүрлэжээ

үлийн цагаан оготноХотын биднийг “тэжээдэг” хүмүүс бол яах аргагүй малчид. Харин малчдыг тэжээдэг нь мал аж ахуй. Тэд хүйтэнд хөрч, халуунд халж бороо шороотой хэцүү үед амь дүйн байж амьжиргаа  залгуулах хэдэн малаа авч үлддэг. Зуд, ган ганчиг болж малчдын малыг олноор үхүүлэх нь бий. Мянган малтай байсан айл зуднаар 100 малтай үлдсэн тохиолдол  ч бий. Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгаль дэлхийн араншинг яалтай. Тэгвэл малчдын санааг зовоож малыг идэх өвсгүй болгож, ноцтой хөнөөл учруулж байгаа нэг дайсан бий. Тэр бол үлийн цагаан оготно. Бүх аймаг сумын нутгаар тархан малын бэлчээрийг сүйтгэж байна. Албан ёсны мэдээллээр манай улсын гуравны нэг буюу 40 орчим га талбайд тархсан байдаг аж. Харин аймгаар нь авч үзвэл 16 аймгийн 200 суманд үүрлэчихсэн өсөж үржиж байна. Хамгийн хорлонтой нь үлийн цагаан оготно өвсний үндсийг иддэг учраас дахиж ургах боломжгүй болдог гэнэ. Энэ нь дэлхийн дулаарлаас болж цөлжилтөд өртөж байгаа манай улсыг улам бүр цөлжүүлж байгаа аюулын дохио юм.

Харин улс орон, аймаг орон нутаг үлийн цагаан оготнотой тэр бүр тэмцэж чаддаггүй бололтой. Учир нь үүнийг устгахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддаг гэнэ. Энэ онд л гэхэд улсын хэмжээнд 1.1 тэрбум төгрөг төсөвлөсөн ч арван аймгийн 500 га талбай дахь үлийн цагаан оготныг устгахад зарцуулжээ. Үлийн цагаан оготно айхтар үрждэг амьтан юм байна. Өөрөөр хэлбэл үржилд орсон гөлчгий сарын дараа гэхэд л дараагийн үржилд орох чадвартай болдог байна. Тэгэхдээ нэг удаа 16-20 зулзага гаргадаг гэж бодохоор ёстой гэрлийн хурдаар өсч байна гэсэн үг. Бүр дүн өвлийн хүйтэнд өсөж л байдаг гэнэ.

Манай улсын ихэнх аймагт үлийн цагаан оготно үржиж төр засгаас мөнгө нэхэж байна. Энд нэг аймгийн нэг сумын жишээг авч үзье. Завхан аймгийн Отгон сум газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа томд тооцогддог. Харин энэ сумын газар нутгийн 70 гаруй хувь нь үлийн цагаан оготнод талхлагдаж байна. Нутгийнхан нүхэнд нь ус хийх, оготно барьж идэх шувууны суулт хийх зэргээр чадах ядахаараа тэмцэж байгаа ч хүчрэхгүй байсаар өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн талаар тус сумын Засаг дарга н.Амгаланбаяр ярьж байсан. Уг нь үүнтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь хор цацах ч хөрөнгө санхүүгийн асуудал тулгардаг гэнэ. Отгон сумын 100 мянган га газар үлийн цагаан оготно тархсан байхад 1 га-д байгаа эл амьтныг устгахад 1.5 сая төгрөг шаардлагатай байдаг аж. Тэгэхээр 100 га-д байгааг устгахад 150 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Тус сумын хувьд үлийн цагаан оготныг устгахаар орон нутгийн хөгжлийн сангаасаа гурван сая төгрөг гаргаж, Үйлдвэр хөдөө аж ахуй яамнаас гурван сая төгрөг гаргасан нь 100 га талбайн  дөрвөн га-г л аварч чаджээ. Уг нь салбарын яаманд 60 га газрыг устгах санал өгсөн юм байна.

Харин энэ асуудалд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан “Мөнгө санхүү хүрэхгүйн улмаас төсөвлөгдсөн хэдийгээ аймгуудад тарааж өгсөн. Малчид газар нутгийнхаа ашиг шимийг авч байгаа учраас өөрсдөө тодорхой хэмжээгээр тэмцэх хэрэгтэй. Үлийн цагаан оготнотой бэлчээрийн менежментийн аргаар  тэмцэх хэрэгтэй. Хэрэв өвс 12 см  өндөр ургасан бол үлийн цагаан оготны амьдрах таатай орчин алдагдаж үржил нь зогсоно. Гэхдээ  дөрөө шүргэж ургасан өвстэй аймаг бараг байхгүй нь харамсалтай” гэсэн тайлбар өгч байгаа юм.

 

 

С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих