Ямар ч гоё хотод очсон эх орны минь нийслэл бидний зүрхэнд байдаг

9dc3f68e-3f05-4cc3-b5df-d992774d3d5bӨргөө эхтэй нийслэл Улаанбаатарын 375 жилийн ойд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маань өнөөдөр 375 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. Монгол улсын түүхт нийслэлийн иргэд гадаад, дотоод явахдаа утаатай ч гэсэн Улаанбаатар минь, тоос тортогтой ч гэсэн нийслэл минь сайхан гэдэгтэй санал нийлэх бизээ.

Ямар ч сайхан улс, хотод очлоо гэсэн эх орны минь нийслэл Улаанбаатар хот л та бидний сэтгэл, зүрхэнд байдаг.

Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, дэлхийн анхны дархан цаазат уул Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй.

Мөн Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туулаас гадна Сэлбэ голын бэлчир хөндийд байрладаг билээ.

Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг.

Эрт цагаас нүүдэлчдийн Их улс, гүрнүүдийн нийслэл хотууд Орхон Туулын савд суурьшин байсныг эртний хот суурины тууриуд гэрчилдэг. Монголын нууц товчоон /МНТ/-д тэмдэглэснээр XII зууны сүүлээр Хэрэйдийн Ван ханы өргөө нь Туулын хар Түнэ /шугуй/-д байж. Энэ газар нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндий бөгөөд нарийвчлан үзвэл Сонгино, Шувуун фабрикийн дунд туурь нь байдаг.

1639 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхдугаар Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөн өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуурын хөвөөнд Их, Бага Монгол уулын хормойд “Өргөө”-г анх байгуулсан юм.

Нийслэл хот маань тэр үеэс 29 удаа нүүдэллэж, 1778 оноос одоо байгаа газартаа суурьшсан. Тухайн үед энэ газрыг “Хүн чулууны хонхор”, “Алтан тэвшийн хөндий” хэмээн нэрлэдэг байсан аж. Энэхүү 375 жилийн урт удаан хугацаанд нийслэл хот Өргөөгөөс эхлээд Номын хүрээ, Их /Да/ Хүрээ, Богдын хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар хэмээн нэрлэгдэж иржээ.

1911 оны сүүлээр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Их хүрээг улсын нийслэлээр зарлан Нийслэл хүрээ нэртэй болгосон.

Харин 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэсэн юм. XIX зууны үеэс Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан.

Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан гэдэг.

Харин Нийслэл хүрээ болсон тэр үедээ хот хэдийн 50-аад мянган хүн амтай болжээ. Түүнээс хойш Монгол улсын нийслэлийн хүн ам байнга өссөөр ирсэн юм.

2007 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь нэг саяд хүрсэн. Манай хотын нийт хүн амын 67 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30 хувь нь 16-аас доош насны хүүхдүүд.

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш Монгол улсын нийслэл хот маань хөгжин дэвжиж Эсгий хотоос “Азийн цагаан дагина” алдарт хүрсэн түүх бий.

Харин өнөө бидний үед л утаа тоосонд дарагдаад байна. Гэхдээ хот маань улам түргэн хөгжиж байгаа учир тун удахгүй цэвэрхэн сайхан утаагүй болно гэсэн найдлага бий. Мөн Монгол улсын нийт хүн амын 40% Улаанбаатар хотдоо төвлөрч байгаагаас үүдэн нийгмийн болон байгалийн, тээврийн зэрэг олон бэрхшээлүүдтэй тулгарч байна.

Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сүлжээ, эдийн засаг, аялал жуулчлал өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байхын сацуу үндэсний уламжлалт өнгө төрхөө хадгалсаар ирсэн түүхтэй юм.

Г.Хуяг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих