Аялал жуулчлал араа даах уу?

“ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монголын 19 компани оролцлоо. Тэд гадаадын 931 компанитай бизнес уулзалт хийжээ. Үүний 228 нь хуучин түнш, эсвэл урьд өмнө уулзаж байсан компани гэнэ. Харин 703 нь Түнш орноор оролцож, “ITB Berlin 2015”-д харанга дэлдсэний учир Монголыг сонирхжээ. Гэхдээ манайд ирэх жуулчдын тоо энэ зундаа суга өсчихнө гэсэн үг огт биш. Харин Түнш орноор оролцох ажлыг гардан зохион байгуулсан “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ-ынхны хийсэн ажлын үр дүн гэж ойлговол зохилтой юм.

7bflv0fvfg34qu129d2vp7k1k5

Харанга ба хүлээлт

 

Энэ үзэсгэлэн худалдаанд 25 жил тасралтгүй оролцсон “Tsolmon Travel” компанийн ерөнхий захирал М.Навчаа төр салбарт нь анх удаа ингэж анхаарал хандуулсанд баяртай байлаа. Ганц М.Навчаа ч бус яам яамны өвөр дамжиж ирсэн салбарт төсвөөс 7.3 тэрбум төгрөг зарцуулсан болохоор манай компаниуд талархаж суугаа. Харин энэ жил Түнш орноор орох ёстой байсан эсэх дээр хүмүүсийн байр суурь өөр өөр. “Mongolia Expedition” компанийн захирал С.Алдархишиг “Саяын арга хэмжээ цагаа олоогүй, арай эртэдсэн сурталчилгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бидэнд сав нь алга” гэсэн юм. Үзэсгэлэн худалдааны үеэр Монголын компаниудтай уулзагсад “Шинэ бүтээгдэхүүн гаргасан уу, үнэ хямдарсан уу, нислэгийн тоо нэмэгдсэн үү, үйлчилгээний чанар дээшилсэн үү” гэх мэтийг асуух нь зүй. Гэвч ийм бодит өөрчлөлт үгүйтэй л адил. Урьд урьд жилийнхээс ахиц дэвшилд хүрсэн хойноо бид Түнш орноор орох учиртай байсан мэт. Харин “ITB Berlin 2015”-д оролцох бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй Үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Есөнмөнх “Сав суулга бэлдээд суучихвал цаг их алдана. Монгол маш хурдацтай хөгжиж байна. Тиймээс маркетингаа сайн хийе. Жуулчдын тоо нэмэгдэх хэрээр давхар суралцаад явъя” гэдэг саналтай байлаа.

 

Энэ ажлыг 2011 онд салбарын сайд байхдаа уг яармагийн “Соёлын түнш”-ээр орж “шуугиулсан” БОАЖ-ын сайд асан Л.Гансүх сэджээ. Нэр төрөө өргөх мөнхийн хэрэгцээн дор амьдардаг улстөрчид “Messe Berlin GmbH”-тай гэрээ үзэглэхийг дэмжин, “Түнш орон” гэдэг алдрыг зүүхэд 700 мянган евро төлсөн. Төлбөрөө хийсэн учир “ITB Berlin 2015”, ерөөс Берлин хотын хаа сайгүй “Mongolia, Nomadic by Nature” уриа харагдана. Харин БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын “2020 онд хоёр сая жуулчин хүлээж авна” гэдэг мэдэгдэл түргэдэв. 2010 онд “ITB Berlin”-ий Түншээр оролцсон Туркийн жуулчин ноднин бараг тавин хувиар нэмэгдсэн сургаар ийм тоо хэлсэн биз. Гэвч газарзүйн таатай байрлалтай, масс жуулчлал хөгжсөн улстай Монголыг жиших нь зохимжгүй. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр ““ITB Berlin” бол аялал жуулчлалын тайз. Бид Монголоо тайзан дээр гаргаад ирлээ. Одоо хөдлөх хэрэгтэй, цаашаа явах ёстой” гэв. Харин бид хаашаа, яаж явах вэ?

 

 

Хууль хуулийн захтай салбар

 

БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад хуульдаа өөрчлөлт оруулахаар бэлдсэнээ дуулгасан. 2000 онд батлагдсан тайлбар толийн шинжтэй, ямар нэг харилцаа зохицуулдаггүй хуулийг өөрчлөх нь бүү хэл, хэрэггүй гэж үзэх мэргэжилтнүүд захаас аван таарав. Аялал жуулчлалын хууль боловсруулах гурван ч ажлын хэсэгт багтаж ажилласан Б.Индраа “Олон улс оронд аялал жуулчлалын бие даасан хууль байдаггүй, практик дээр салбарын бодлого, үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм журмаар зохицуулагдаж ирсэн жишээ түгээмэл, тиймээс манайд тусдаа хууль хэрэггүй. Тус салбар татварын хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт голлох хуулиар зохицуулагдана” гэж боддог аж. Тэрбээр “Манайх экспортын салбар мөртөө хууль нь уялддаггүй. Тиймээс, санхүүгийн дэмжлэг орж ирэхгүй байгаа” гэв. Харин энэ салбарт 16 жил ажиллаж буй, МАЖХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Аялал жуулчлалын хууль тунхагийн чанартай байхад л болно” гэсэн юм. Ерөөс аялал жуулчлал дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, байгаль орчин зэрэг олон бизнесийг нэгтгэдэг болохоор тухай бүрийнх нь хуулиар зохицуулагдаад явах боломжтой. Гэхдээ бусад хуульд аялал жуулчлалд хамаатай заалтыг оновчтой тусгах асуудал бий.

Эдийн засгийн ашиг сонирхол багатай аялал жуулчлалын хуульд улстөрчид төдий л анхаарал хандуулахгүй байгаад С.Алдархишиг олзуурхаж явдаг ажээ. “Selena Travel” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Ө.Золзаяа “Бас хамаагүй муу байна гэчихвэл улстөрчид сайжруулаад өгье гээд бүр муутгаад хаяна” гэсэн нь эрхгүй нэгийг бодогдуулав.

 

Эдийн засгийн ашиг сонирхол багатай аялал жуулчлалын хуульд улстөрчид төдий л анхаарал хандуулахгүй байгаад С.Алдархишиг олзуурхаж явдаг ажээ. “Selena Travel” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Ө.Золзаяа “Бас хамаагүй муу байна гэчихвэл улстөрчид сайжруулаад өгье гээд бүр муутгаад хаяна” гэсэн нь эрхгүй нэгийг бодогдуулав. Аялал жуулчлалын хуульд өөрчлөлт оруулдаг юмаа гэхэд ирээдүй хойчоо бодолцохгүй бол хэдэн жилийн дараа эргээд тушаа болж ч мэднэ. Д.Гантөмөр “Манайх хууль гэхээсээ илүү бодлогоо тодорхойлох ёстой” гэж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бүхэн мөрийн хөтөлбөртөө “аялал жуулчлал хөгжүүлнэ” гэж алба мэт багтаадаг ч бодлого гаргасан хүн алга. Японы “Жайка” байгууллага 1999 онд боловсруулсан “Монголын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө” энэ жил шувтарч байгаа. Өөр хөтөлбөр хэрэгжээгүй учир эхлээд үүнд зохих дүн шинжилгээ хийх учиртай санагдав. Харин дараа нь бодлогоо ярилцвал ядаж барьцтай юм.

 

 

Бодох ёстой бодлого

 

Монгол Улс аялал жуулчлалын салбарт жилдээ 50 орчим сая төгрөг зориулдаг, гэтэл 2011 онд гэнэт 420 саяыг төлж “ITB Berlin”-д “Соёлын түнш”-ээр оролцсон. Харин энэ жил хандив тусламжтайгаа нийлээд 10 тэрбумыг зарцуулчихлаа. Хойтон хэдийг төсөвлөхийг таашгүй. Үзэсгэлэн худалдаа дээр хийсэн сурталчилгаа аялал жуулчлалд ямар өгөөж авчрахыг яс тооцох ярвигтай аж. Нэмэрт нь бодлогогүй учир тамга атгасан хүн цээжинд багтсан тоогоо хэлчихдэг, зүүдэнд орсноо “уруулын будгаараа зурчихдаг” болжээ. Аялал жуулчлал бие даасан яамтай байгаагүй хойно бэлтгэгдсэн төрийн албан хаагч ч үгүй. Энэ бүхэнд эгдүүцсэн бизнес эрхлэгчид хоржоонтой үг унагав. “Mongolia Expedition” компанийн захирал С.Алдархишиг “Монголын аялал жуулчлалын бодлого тодорхойлогчид онигоонд ороод л яваад байна. 2015 онд хоёр сая жуулчин авна гэсэн. Сүүлийн хоёр жил жуулчны тоо буурмагц 2017 онд нэг саяыг авна гэж дуугарсан. Тэгснээ 2020 онд хоёр сая гэлээ” хэмээн инээв. Харин доктор Д.Гантөмөр “Аялал жуулчлал бол дур тавигчдын тоглоомын талбар биш. Эрээн явж ирчихээд динозаврын баримал барих гээд дайрчихдаг. Ингэж дур тавьж болохгүй” гэж байна.

“Монголын аялал жуулчлалын бодлого тодорхойлогчид онигоонд ороод л яваад байна. 2015 онд хоёр сая жуулчин авна гэсэн. Сүүлийн хоёр жил жуулчны тоо буурмагц 2017 онд нэг саяыг авна гэж дуугарсан. Тэгснээ 2020 онд хоёр сая гэлээ” хэмээн инээв. Харин доктор Д.Гантөмөр “Аялал жуулчлал бол дур тавигчдын тоглоомын талбар биш. Эрээн явж ирчихээд динозаврын баримал барих гээд дайрчихдаг. Ингэж дур тавьж болохгүй” гэж байна.

 

Монголд валют олж ирдэг мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гурвуулаа байгальд суурилдаг. Эртхэн бодлогыг нь тодорхойлж, аялал жуулчлалын бүсээ тодорхой болгохгүй аваас мөдхөн эдийн засгийн хамгийн чухал гурван салбар нэг нэгнээ үгүй хийж ч мэднэ. Уул уурхай уначихсан ийм үед аялал жуулчлалаа нураачихвал бид “хил, хэл, мал гуравтай”-гаа үлдэнэ. Гэхдээ баяжих нь юу бол. Хөрсөн дээрээ ч юмтай, дороо ч юмтай, бас түүх-соёлын өвтэй Монголын зовлон мундахгүй. Ноён уул үүний тод жишээ. Түүхийн дурсгал бий, баялаг бий, байгаль бий. Гэвч хун, цурхай, хавч гурав шиг аль нь ч, хаашаа ч хөдөлж чадахгүй тэлчилсээр. Д.Гантөмөр “Аялал жуулчлал бол Монголын эдийн засаг, дипломат харилцаа, үндэсний үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг гаргаж ирдэг дохиур. Тэгэхээр бодлогоо тодорхойлно гэдэг нь дохиураа яаж хөдөлгөх юм, ямар хөгжим тоглох юм гэдгээ тогтооно гэсэн үг” гэсэн нь ойлгомжтой санагдлаа.

 

 

Тодруулсан дүрээ тордоно

 

Улс үндэстэн бүхэнд имиж бий. Бид гэтэл түүнийгээ тодруулж чадалгүй 25 жилийг үджээ. Аялал жуулчлалын зах зээлд улс орнууд өөрийн имижийг оновчтой цөөн үгээр илэрхийлж сурталчилгаа хийдэг. Бид уриагаа жил бүр шахам сольсоор энэ удаа “Mongolia, Nomadic by Nature”-тай оролцлоо. CNN-ийн мэргэжилтнүүдийн бодож олсон үг өмнөх олон хувилбараас хавьгүй дээр гэдэгтэй салбарынхан нь ч санал нийлж байна. Бидний бахархаад бардаггүй дайнч түүх, Чингис хаан хоёр Монголын имиж биш бололтой. “Жуулчин” ХК-ийн менежер Н.Эгчжаргал “Улс үндэстэн бүхэн Чингисийг өөрийн өнцөгөөр хардаг болохоор гол имиж гэхэд хэцүү. Харин орчин үе, нүүдэлчин хоёр хосолсон имиж зохимжтой” гэсэн юм. Мөн огт өөр саналтай хүмүүс бий. Жишээ нь, “Selena Travel” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Нямсүрэн “тааварлашгүй, нууцлагдмал” гэдэг утгатай уриа Монголд тохирно гэсэн бол Д.Гантөмөр “Mysterious Mongolia” гэх бэлэн уриа үг хэллээ. Харин М.Есөнмөнх “Одоо битгий уриагаа солиосой” гэсэн нь салбарынхаа төлөө залбирах мэт сонстов. Ямартай ч одоо жуулчид “Монгол-Язгуурын нүүдэлчин” гэдгээр Монголыг төсөөлж, мөнгөө төлнө.

 

Харин хүн мөнгөө харамлаагүй төсөөллийг нь үзүүлэх ёстой. Өдөр тутам техник, технологи нэвтэрч буй нүүдэлчин ахуй төсөөлөлд нь нийцэх болов уу? Үзэсгэлэнгийн үеэр “Tsolmon Travel” компанийн Ерөнхий захирал М.Навчаа монгол нүүдэлчдийн амьдралд гарч буй өөрчлөлтүүдийг бага гэлтгүй тоочин тайлбарлаж байлаа. Хүнд худлаа хэлж болохгүй. Газар дээр нь очоод ч хөтөч нар зөв ойлгуулах ёстой гэдгийг Ө.Золзаяа онцолсон юм. Монголд ирсэн жуулчид эзгүй уудам тал хараад уулга алдсан тэр л мэдрэмжтэйгээ буцах ёстой. Тэгэхээр үүнийг авч үлдэх нь чухал. МАЖХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Аялал жуулчлалын салбарынхны хувьд Монголыг сурталчлах асуудал биш. Гагцхүү сурталчилсанаа баталгаатай хадгалах ёстой. Тийм учраас аялал жуулчлалын бүс чухал” гэлээ. Одоо “Монгол-Язгуурын нүүдэлчин” имижээ тордох хамгийн хэцүү ажил үлдлээ. Сурталчилгаа, маркетинг, орчин, ахуй, үйлчилгээ, стандарт…

 

Нэхдэг стандартыг нөхнө

 

Үзэсгэлэн худалдааны явцад олон хурал семинар болсны чамгүй нь зөвхөн Монголд зориулагдаж байлаа. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талеб Рифай тэргүүтэн нэлээд зөвлөгөө өгсөн. “Ийм том маркетинг хийчихээд тоглоомын дүрэм, үйлчилгээний стандартаа өөр түвшинд авчир” гэдэг санаа хэдэнтээ давтагдав. Б.Индраа “Монголын өнөөгийн хөгжил дэвшилтэй Зүүн Өмнөд Азийн уян хатан стандарт уялдана” гэж боддог аж. Гэхдээ стандартын сургаар мэргэжлийн хяналтынхан бизнест нь оролцоод ирэхээр хөшүүрэг гэхээсээ чөдөр тушаа болдгийг мэргэжилтнүүд нуусангүй. Бас олон жилийн өмнө мэргэжлийн бус хүмүүс боловсруулсан стандарт энэ салбарыг нэгэн хэвийн уйтгартай болгожээ. Жуулчны баазын ор цагаан даавуутай байх ёстой, банны өрөөний плита 45х45 см байх ёстой гээд хатуу заачихсан тул 15 хоног Монголоор аяласан жуулчин байгаль нь өөрчлөгдөөд байдаг ч бусад бүх юм чинь адилхан гэжээ. Энэ маягаар удаан явбал компаниудын бүтээгдэхүүн ялгагдахаа больж, үнэ унах ч аюултай.

 

Салбар салбарын өмнөөс хариуцлага хүлээдэг аялал жуулчлалынханд асуудал мундахгүй. “Selena Travel” ХХК-ийн Маркетингийн албаны дарга Ө.Золзаяа “Монголын зочид буудлын холбоо аль эрт төрийн гаргасан стандартаар од өгдөг. Гэтэл жуулчид зэрэглэл, бодит байдал хоёр чинь нийцэхгүй байна” гэж гомдоллохыг олонтаа сонсчээ. Зарим тур компанийн ажилтнууд үйлчилгээ гэхээсээ илүү манай орчныг зорьж жуулчид ирдэг тул дээд зэрэглэлийн стандарт тавих нь илүүц гэлээ. Б.Индраа аюулгүй байдал, үйлчилгээний доод хэмжүүрийг эхний ээлжинд тогтооё. Дараа нь бүс нутаг бүрт тохирсон стандарт гаргая гэдэг саналтай байна. Ухаан нь, жуулчин их зочилдог Говь, Хөвсгөлд өөр стандарт байх ёстой. Харин шинэ тутам байгаа Зүүн бүсэд арай уян хатан стандарт хэрэгтэй гэнэ. МИАТ-ийн тийзийг Миланд борлуулдаг “Aviareps SRL”-ийн Ерөнхий менежер Хулио Санторо “Танайх сайн стандартгүй боловч монголчуудын нээлттэй, илүү дутуу маяггүй зан дутуугаа нөхдөг” гэсэн нь маруухан зөвтгөл мэт санагдана. Энэ салбараас хэдэн төгрөг олъё гэвэл зочдын сэтгэлд нийцэх стандарт хэрэгтэй, гэхдээ төрийн байгууллагын атганд орчихгүй байх ёстой.

 

 

МИАТ тойрсон мэтгэлцээн

 

Манай аялал жуулчлалын компанитай уулзсан түншүүд нь “Нислэг олдохгүй байна. Энэ тал дээр туслах арга байна уу” гэж олонтаа асуух аж. Европын жуулчид үнэ өндөртэй МИАТ, үйлчилгээ муутай Аэрофлотоос илүү “Turkish Airlines”-ийг сонгодог ч суудал олддоггүй гэнэ. Үүнийг тодруулахад, “Turkish Airlines”-ийн төлөөлөгч Б.Сарнай “Монгол Улсын Зам, тээврийн яам Станбул-Улаанбаатарын чиглэлд 7 хоногт 500 суудлын хязгаар тавьсан тул 150 хүний суудалтай онгоцоор гурван нислэг үйлдэж байгаа” гэв. Тус төлөөлөгчийн газар “500 суудлын хязгаар”-ыг цуцалж, өдөр бүр нисэх хүсэлтээ тавьсаар өдий хүрсэн авч шийдэгдээгүй л байна. Энд МИАТ саад хийгээд зогсохгүй өөрөө үлдсэн нислэгийг нь авахаар оролдож байгаа гэх хов дууллаа. Энэ талаар асуухад “МИАТ” ХК-ийн захирал Г.Жаргалсайхан “Хөөцөлдөх юу байх вэ. Ер нь төрөл бүрийн хэлэлцээр хийгдэж байна. Европын зах зээл рүү ямар шугамаар гарч, яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр ярилцаж байгаа юм бий” хэмээн хариулав. Харин “Инженер” Ц.Бат “МИАТ нислэгийн зөвшөөрөл өгдөг газар биш. Бизнесийн өрсөлдөөн янз бүрийн фронтоор өрнөж байдаг, тэрний л нэг” гэсэн юм.

 

“МИАТ”-ийн Милан дахь төлөөлөгч Хулио Санторо Монгол “ITB Berlin”-д Түнш орноор орсон учир “Та нар одоо МИАТ-ийнхээ хувьчлалыг шахна биз дээ” хэмээн асуужээ. МИАТ-ийн үнэ өндөр байгаа шалтгааныг хүний өөрийн гэлтгүй өмчлөлийн хэлбэртэй нь холбож үзэх аж.

 

“МИАТ”-ийн Милан дахь төлөөлөгч Хулио Санторо Монгол “ITB Berlin”-д Түнш орноор орсон учир “Та нар одоо МИАТ-ийнхээ хувьчлалыг шахна биз дээ” хэмээн асуужээ. МИАТ-ийн үнэ өндөр байгаа шалтгааныг хүний өөрийн гэлтгүй өмчлөлийн хэлбэртэй нь холбож үзэх аж. “Инженер” Ц.Бат “Монгол шиг жижиг орны агаарын тээврийг хувьчилбал өрсөлдөөн маш хурдан дуусч ганц компани ноёрхдог. Тэгээд үнэ нь урьдынхаасаа ч өсөх магадлалтай. Хэрвээ энэ салбарыг либеральчлах юм бол МИАТ тэсэж үлдэхгүй, үлдвэл монополь болно” гээд Австралийн жишээг дурдав. Харин 1994 оноос хойш Берлин мэтийн алдагдалтай нислэгээ бусдаас нь нөхөж ирсэн МИАТ Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босговол техникээ сайжруулж, тэр хэрээр нислэгийн тоо, чанар сайжирна гэж бодож явдгаа хуваалцав. Гэвч сонгуулийн дараа удирдлагыг нь сольдог, улстөрчид халаасны мөнгөө олдог МИАТ-ийн талаарх гомдол зорчигчдын зүгээс тасрахгүй. Тус компанийн Берлин дэх төлөөлөгч утсаа авдаггүй, и мэйлд хариу өгдөггүй гэх мэт гомдлыг чихээрээ сонсож суув. Удахгүй гуйгаад очих тул нэр, нүүрээ бүгд нуусан ч манай тур операторууд “МИАТ” ХК төрийн өмчид байгаа цагт аялал жуулчлалд ахиц гарахгүй гэдэг дээр санал нэг байна.

 

 

Бурахаасаа өмнө бодъё

 

Аялал жуулчлал торгон мэдрэмж шаардсан бизнес. Эдэлж барахгүй хүний хүслийг эзнээс нь түрүүлж таах ёстой. “ITB Berlin 2015”-д анх удаа бэлгийн цөөнхөд зориулсан танхим гаргажээ. Нью-Йорк Их сургуульд Аялал жуулчлалын менежментийн магистр хамгаалж ирсэн жилээ Б.Индраа “Бэлгийн цөөнхөд зориулсан аялал жуулчлал” сэдвээр яриад төрийн албан хаагч, тур операторуудын гайхшийг барсан гэнэ. Манайд энэ чиглэл эртдэх биз. “Харин хурал чуулганы зах зээл маш чухал. Монгол хэдий БНХАУ, ОХУ-ын дунд хавчуулагдсан ч төвийг сахисан байр суурьтай орон болохоор дэлхийн, бүсийн том хурлыг нутагтаа зохиох ёстой. Энэ ч утгаараа 2016 онд АСЕМ-ийн 11 дэх хурлыг Монголд зохиох гэж байна” гэж Б.Индраа үздэг байна. Цөөн өдөр болдог ч төрийн болон ТББ-ын хөрөнгөөр хийдэг хурал чуулганаас нэг амьсгаагаар ахиухан мөнгө олох боломж бий. Үзэсгэлэнгийн үеэр зохиогдсон MICE (Meetings-Incentive-Conferences-Events) буюу Хурал чуулган, тусгай арга хэмжээний аялалын хуралд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл оролцсон юм. Дангаараа жилд таван сая жуулчин авах мөрөөдөлтэй хотын захирагч төлөвлөсөн олон ажлаа тоочсон. Харин одоо хэдэн тоо бодож үзье.

Э.Бат-Үүлийн таван саяыг орхиод Монгол Улс жилдээ ганц сая жуулчин авъя гэвэл МИАТ өдөрт хоёр удаа жил тойрон тасралтгүй нисэхэд бардаагаар 185000 хүн л зөөнө. Гэхдээ зорчигч нь дан гадаадын жуулчин байх ёстойг энд дурсаад яахав. Нислэгээ нэмэх санаатай “Turkish Airlines”-ийн одоогоор жилд авчирдаг 37500 зорчигч сая хэмээх тоонд нэмэргүй шахам. Том том тоо ярихаасаа өмнө сайд дарга маань дөрвөн аргын тоогоо дахиад нэг давтмаар л байна даа.

 

АСЕМ 2016 буюу Ази-Европын дээд түвшний уулзалт долдугаар сарын 14, 15, 16-нд Улаанбаатарт болно. Энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр урьсан жуулчид хойтон бас ирнэ. Гэвч жуулчны оргил цагаар хотын гудамжинд цэрэг цагдаа дүүрч, замын хөдөлгөөнийг хаана. Тэртээ тэргүй дугаарын хязгаарлалтаас болоод зочдынхоо ая тухыг алдагдуулдаг тур компаниуд сандарна. Улаанбаатарын 132 зочид буудал нийлээд 2477 өрөөтэй, уртаашаа 4449 ортой. Түүний 12.12 хувь нь гурваас дээш одтой учир AСEM-ийн янтгар зочид нэг нэг өрөө эзлээд хэвтчихээр цаана нь хэд үлдэхийг та бодож олоорой. Тусгай үүргийн олон онгоц буухаар хаашдаа олддоггүй хуваарьт нислэгт зай үлдэх болов уу? Э.Бат-Үүлийн таван саяыг орхиод Монгол Улс жилдээ ганц сая жуулчин авъя гэвэл МИАТ өдөрт хоёр удаа жил тойрон тасралтгүй нисэхэд бардаагаар 185000 хүн л зөөнө. Гэхдээ зорчигч нь дан гадаадын жуулчин байх ёстойг энд дурсаад яахав. Нислэгээ нэмэх санаатай “Turkish Airlines”-ийн одоогоор жилд авчирдаг 37500 зорчигч сая хэмээх тоонд нэмэргүй шахам. Том том тоо ярихаасаа өмнө сайд дарга маань дөрвөн аргын тоогоо дахиад нэг давтмаар л байна даа.

 

 

Хийрхэлгүй хийх ажил

 

“ITB Berlin 2015”-ын нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж германаар “Die Mongolen sind da, aber mit friedlichen Absichten” (Монголчууд эргээд ирлээ, гэхдээ эв найрын сэтгэл өвөрлөж ирлээ) гэж хошигносон нь зочдыг хөөрхөн хөгжөөсөн. Гэвч өнөө хэр бидний талаар варвар гэдэг төсөөлөл(имиж)-тэй, хүүхдүүдээ “Монголчууд ирлээ” гэж айлгадаг нутагт тохирсон эсэхийг хэлэх юм алга. Германчуудын араншинг хэнээс ч илүү мэдэх Элчин сайд Ц.Болор хүртэл түүнийг нь давтсаныг бодвол гэмгүй биз. Харин манайд сүүлийн үед хүчээ аваад буй хас тэмдэгтэнд герман гэлтгүй бүх улс үндэстэн таагүй ханддаг. Уул уурхайгаас үүдэлтэй хэрүүлд ашиглахдаа улстөрчид хэргээр улам галзууруулж буй үндсэрхэг үзэл аялал жуулчлалд хамгийн хортой. Жуулчинтай яваа эмэгтэй хөтөчид “янхан” цол өгөх, тэр байтугай германаар ярьсан хүүг хэвтэрт ортол нь жанчихдаа тулсан солиорол Монголд л гай болно. 2020 онд хоёр сая жуулчин хүрээд ирдэг юмаа гэхэд уйгаржингаар хаягласан хотынхоо гудамжны нэрийг өөрсдөө уншиж чадахгүй биз. “Монголоороо омогшиж, аархах” дон шүгэлсэн бид түүнийг гадны хүнд гайхуулах ёстой болохоос хэдэн биедээ харууллаа ч ханамж таашаал нь өчүүхэн гэдгийг хэзээ ойлгох юм бол?! Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн ажлаасаа авдаг таашаал “Монгол хүн болж төрснөөрөө бахархах” гэнэ лээ.

 

Харин манайд сүүлийн үед хүчээ аваад буй хас тэмдэгтэнд герман гэлтгүй бүх улс үндэстэн таагүй ханддаг. Уул уурхайгаас үүдэлтэй хэрүүлд ашиглахдаа улстөрчид хэргээр улам галзууруулж буй үндсэрхэг үзэл аялал жуулчлалд хамгийн хортой. Жуулчинтай яваа эмэгтэй хөтөчид “янхан” цол өгөх, тэр байтугай германаар ярьсан хүүг хэвтэрт ортол нь жанчихдаа тулсан солиорол Монголд л гай болно. 2020 онд хоёр сая жуулчин хүрээд ирдэг юмаа гэхэд уйгаржингаар хаягласан хотынхоо гудамжны нэрийг өөрсдөө уншиж чадахгүй биз. “Монголоороо омогшиж, аархах” дон шүгэлсэн бид түүнийг гадны хүнд гайхуулах ёстой болохоос хэдэн биедээ харууллаа ч ханамж таашаал нь өчүүхэн гэдгийг хэзээ ойлгох юм бол?! Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн ажлаасаа авдаг таашаал “Монгол хүн болж төрснөөрөө бахархах” гэнэ лээ.

 

Тэнд байхад “Messe Berlin GmbH” компанийн Үзэсгэлэн хариуцсан захирал Дэвид Рүтц сайхан мэдээ дуулгасан юм. ХБНГУ-ын Forschungsgemeinschaft Urlaub und Reisen судалгааны байгууллага хүн амынх нь 4.2 хувь ойрын гурван жилд (2015-2017 он) Монгол руу аялах хүсэлтэй байгааг олж мэджээ. Энэ бол бэлээхэн гурван сая жуулчин гэсэн үг. Харин тэдний 150000 нь асуулгад “заавал очно” гэж хариулсан аж. Монгол өөрийгөө зөв таниулж чадвал зах зээл байна. Аялал жуулчлалаар бид уул уурхайд алдсан нэр нүүрээ буцааж авах ч боломжтой. Одоо энэ салбарт бодлого бас төр, мэргэжлийн ТББ хоёрын хамтын ажиллагаа, иргэн бүрийн зүтгэл хэрэгтэй. Аялал жуулчлалын компаниуд тээвэр, зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ зэргийг багцлаад зардаг болохоор орлого нь нийгэмд тэгш хуваарилагддаг. Дэлхийн бусад улс ядуурлаа бууруулах, дундаж давхарга бий болгохын тулд энэ салбарыг бодлогоор, мөнгөөр, дэд бүтцээр дэмждэг. Хэдийнэ сүйрчихсэн баймаар Испани, Грек өдий болтол амьтай голтой яваа шалтгаан нь ердөө л аялал жуулчлалаас хоолоо олдог хүчирхэг дунд давхарга юм билээ.

 

 

Хэлээрээ түлхдэг шар тос

 

Эрээнд ирсэн хятад хүн Замын-Үүдийг үзэхгүй буцвал харамсалтай. Харин Замын-Үүдийг үзсэн хятад хүн насаараа харамсаад ч барахгүй. Аялал жуулчлалынхны ярьсан онигоо. Гэтэл Хятадын жуулчдыг бид авч чадахгүй бол гаслах ч багадах нь. Ноднин 97 сая хятад гадаад руу аялжээ. Энэ нь 2012 онтой харьцуулбал даруй 14 саяар өссөн дүн. Ойрын жилд хятад жуулчны тоо 100 сая хүрэх прогноз гарчээ. Бас хятад жуулчин үрэлгэнээрээ тэргүүн байрт яваа. “Mongolia Expedition” компанийн захирал С.Алдархишиг “Манайхан шар толгойтнуудыг л жуулчин гэж боддог. Гэтэл хамгийн их мөнгөө үрдэг нь япон, солонгос, хятадууд” хэмээн амьдралаас ажигласнаа ярьсан юм. “ITB Berlin 2015”-ын хүрээнд болсон “Төсөөлөл, Бүтээгдэхүүн, Хамтын ажиллагаа” хурал дээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Танайх хамгийн их өсөлттэй байгаа Хятад, Энэтхэгийн зах зээл дээр сурталчилгаа хийж байна уу” гэдэг асуултыг дүйвүүлээд өнгөрсөн. Ямар манайхан Хятадтай холбоотой юм бүхнийг нэг нүдээрээ үздэггүй гэлтэй биш. С.Алдархишиг БНХАУ, Монгол Улс, ОХУ гурвыг дамнасан “Цайны зам” төсөл хийсэн ч манай төрийн байгууллага дээр очиж гацаад олон жил болсон гэж байлаа.

 

МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр бид авчирсан жуулчныхаа потенциалыг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй гэв. Монголд 12 хоногийн багц аялал 2-3 мянган еврогоор худалдаж аваад ирсэн хүн халаасандаа чамгүй мөнгөтэй явдаг аж. Тэрбээр “Энэ бол улсад орох аялал жуулчлалын гол орлого” гэж байна. Харин манайд үндэсний үйлдвэрлэл гэж өргөмжлөгдсөн эсгий шаахайнаас өөр хүн авчихаар зүйл ховор. Мөн дэлхийн жишгээр жуулчид тур операторт төлсөнтэйгөө тэнцүү хэмжээний мөнгө шөнийн клуб болон зугаа цэнгээнд зарцуулахад бэлэн байдаг гэнэ. Гэтэл Монгол Улс 00 цагаас хойш хүн зугаацдаг ганц юмыг нь хуулиар чандлан хорьчихсон суудаг. Д.Гантөмөр “Шөнийн клубууд бол жуулчны халаасыг суллах технологи. Гэтэл манайх үүдийг нь хаачихаар хүний байгалиас заяасан харамч сэтгэхүйг улам дэврээдэг” хэмээв. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг сая, за бүр болъё, хагас сая жуулчин авцгаая. “Хужаа” гэж шоглохын оронд хүний мөнгийг өөрөөс нь харамлалгүй үрүүлж, заруулж өөртөө авч үлдэх арга саам хайя. Амандаа орсон шар тосыг алийн болгон түлхэх билээ.

 

 

Одоо л юм эхэлж байна

 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талеб Рифай “Та бүхэн асар доогуур байсан хүлээлтийг маш өндөрт авчирлаа. Одоо үүнийгээ алдахгүй хадгалж үлдэх чухал. Эс тэгвэл танайх хөлгүй учир нэг уначихвал дахиад босохгүй” гэдэг сануулга өгсөн юм. 2012 оны зун шинэ засаг ширээндээ сууж хараахан амжаагүй байхад Монголд ирж ерөнхий нөхцөлийг нь харсан энэ эрхэм голоор нь хэлэх шиг болов. Үнэхээр энэ удаа Монгол, монголчууд “ITB Berlin 2015”-ыг доргиолоо. Үзэсгэлэнгийн танхимд зэргэлдээ бууриа засдаг БНХАУ манайхыг “Түнш орон” болсныг мэдмэгцээ талбайгаа 1.5 дахин нэмж, 380 мянган еврогоор сүр бараатай павильон зассан нь хэргээр Монголын сүрийг дарах гэсэн мэт харагдаж байлаа. Гэсэн ч Монголын компаниуд хуучнаасаа гурав дахин их шинэ танилтай болсон нь бодит амжилт юм. Сая хийсэн арилжаа хэлцлийн 80 хувь нь 2016, 2017 онд хэрэгжих учиртай. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орохоор зорчигчдын тоо өснө гэдэг хүлээлт хаана хаанаа бий. Одоо Монгол Улс нэгэнт эхлүүлсэн ажлынхаа эрч хүчийг алдуулалгүй үргэлжлүүлэх л үлдлээ. Ирэх намар Лондонд зохиогдох WTM, хойтонгийн ITB-д ч чамгүй мөнгө хаяж нүүр улайхааргүй оролцох ёстой. Нэгэн герман жуулчин “Монголд очих хэцүү, оччихсон хойноо буцаад явах бүр хэцүү” хэмээн ярьсан. Харин бид “Монголд очих амархан, оччихоод буцаад ирэх бүр амаргүй” гэж хэлүүлбэл сая зорилгодоо хүрэх юм.

 

Д.Батбаяр

 


URL:

Сэтгэгдэл бичих