Хорин цагийн турш ухаангүй сэгсчүүлсээр хагас цус харвалтын байдалтай иржээ

a2d5c26a8a0152442d69730c5d05098eОрон нутгийн зам сайжрих тусам урд нь хоёр, гурван хоног тээвэрт явж байж зорьсон газартаа хүрдэг байсан холын тээврийнхэн одоо хоногтоо л хотод орж ирэх болсон. Үүнийг сайны тэмдэг гэж үзэж болох ч, нөгөө талаар хүний тоо хэтрүүлж ачих, түүнээсээ болоод осол аваарт өртөх, хүний алтан амь нас үрэгдэх явдал цөөнгүй гарах боллоо.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 12-нд Увс аймгаас хотруу хөдөлсөн хот хоорондын зорчигч тээврийн автобус хүний тоо хэтрүүлснээс халуун наранд агааргүйтэж, 19 настай оюутан хүү 20 цагийн турш ухаангүй сэгсчүүлсээр хотруу хагас цус харвалтын байдалтай орж иржээ.

Гэвч хамгийн харамсалтай нь хүүг бүхэл бүтэн 20 цагийн турш ухаангүй арын суудал дээр сэгсчүүлэн явж байхад эргэн тойронд нь сууж явсан нутгийн хүмүүс нэг ч удаа хүүе, хаая гэлгүй согтуу юм байна хэмээн бараг харааж зүхэх нь холгүй явсаар замд буудаллахад бүгд орхин бууснаар жолооч ч автобусанд ганцааранг нь цоожлон буух зэргээр ёстой л ардчилсан нийгмийн үед монголчууд яаж хүний мөсөө гээж болдгийг харууллаа.

Одоо 19 настай оюутан хүү эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хойшид байнга мэргэжлийн эмч нарын хяналтад байхаас өөр аргагүй болж байгаа бол хот хоорондын тээврийн жолоочоос ар гэрийнхэнтэй нь “Надад хамаагүй. Би хуулийн зөвлөхдөө хандсан. Миний буруу биш. Явдаг газраараа яв. Унтаад л сэрэхгүй байсан. Би яаж мэдэх юм. Бүх хүнийг анхаарч чадахгүй…” хэмээн утсаар аашилж загниснаас өөрөөр холбогдоогүй байна.

Эндээс өнөөгийн нийгмийн хүн чанар болоод орон нутгийн тээвэрт явж байгаа жолооч нарын хариуцлагагүй, хайнга байдал хэрээс хэтэрснийг харж болох юм. Иймээс манай улсад жолоочийн хайнга байдалд хариуцлага тооцдог, үйлчилгээг сайжруулах орчин нөхцөл зайлшгүй хэрэгтэй байгаа нь тод харагдаж байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч, мэдээллэх болно.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn


URL:

Сэтгэгдэл бичих