Хөгжих үү, хоцрох уу? хөгжлийн боломж бий юу?

527-1435723920c8b8765963d57a5cgreatМонгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Үржилт хөрсөндөө үнэт баялгаа үүцэлсэн есөн эрдэнийн орон. Энэ бол бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаараа хамгаалж үлдээсэн нутаг.
Үүнийг дараах судалгаа нотолдог.
Үүнд:
Нэг. 2011 оны Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын баялгийн хэмжээ 1.3 их наяд ам.доллараар үнэлэгдсэн байна. Энэ үнэлгээг нэг килограммын 999 сорьцтой алтан гулдмайгаар төсөөлвөл нэг тонн алтан гулдмай ачсан 36 мянган портер машины цуваа үүснэ.
Хоёр. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 6700 америк доллар. Сүүлийн таван жилийн дунджаар нэг тонн зэсийн үнэ 5600 ам.доллар. Ирэх таван жилд нэг тонн зэсийн үнэ 6700 ам.доллар байх таамаглалтай байна. Өнөөгийн үнэ цэнээр бодоход Оюутолгой ордын зэсийн нөөц 200 тэрбум ам.доллар болно.
Дэлхийн зах зээл дээр нэг унци алтны өнөөгийн үнэ цэнэ 1250 ам.доллар. Сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл нэг унци алт 1125 ам.доллар. Ирээдүйн төлвийг нь авч үзвэл нэг унци нь 1250 ам.доллар байх таамаглалтай байна. Оюутолгойд 1500 тонн алт бий. 1500 тоннд 48 сая унци алт байна гэж үзвэл (48 сая унци х 1250 ам.доллар) алтны нөөц 60 тэрбум ам.доллар болно. Оюутолгой ордын алт ба зэсийн нөөц 260 тэрбум ам.доллар. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардал баялгийн 40 хувьтай тэнцэнэ гэвэл Оюутолгойгоос 160 тэрбум ам.долларын цэвэр ашиг хүртэх боломж судалгаагаар харагдаж байна. Ашиглах хугацаа 30 жил гэж үзвэл жилд 5.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олно.
Гурав. Монгол Улсын баялгийн нөөцийг авч үзвэл 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд одоогийн байдлаар бүртгэгдсэн байна.
Үүнд:
-1619 тонн алт;
-9.8 тэрбум тонн нүүрс;
-227 мянган тонн мөнгө;
-36.3 сая тонн зэс;
-660 сая тонн төмрийн хүдэр;
-5.9 сая тонн цайр;
-250 сая орчим тонн нефть. Энэ бол зөвхөн одоогоор илрээд байгаа баялгийн нөөц. Судлагдаагүй байгаа асар их баялгийн нөөц бий.
Дөрөв. Дэлхийн уул, уурхайн нэгдсэн мэдээлэл бүхий www.mining.com сайтаас дэлхийн хамгийн том зургаан алтны уурхайг нэрлэсэн. Эдгээр уурхайнуудын алтны нөөцийг авч үзвэл (унци алт):
1. Индонез- 106.231.000;
2. Өмнөд Африк – 81.413.000;
3. Шинэ Гвиней- 64.100.000;
4. Узбекстан -50.000.000;
5. ОХУ – 47.500.000;
6. Монгол – 46.340.000;
Энэ ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглавал дэлхийн тэргүүлэгч орд болохыг www.mining.com сайт онцолсон байна.
Тав. Uildverjilt.mn сайт дэлхийд нүүрсний нөөцөөрөө тэргүүлэгч 10 орныг нэрлэсэн.
Үүнд (тэрбум тонн):
1.ОХУ 6806.3;
2. АНУ 3599.7;
3. Хятад 1465.5;
4. Австрали 782.9;
5. Канад 582.2;
6. ХБНГУ 336;
7. ӨАБНУ 205.7;
8. Англи 189.5;
9. Польш 173.9;
10. Монгол 162.3.
Энэ бүхэн Монгол Улсын хөгжлийн алтан боломж. Бид энэ алтан боломжийг ашиглан хөгжихдөө өнгөрсөн өв сангийн үр төл дээр боловсорч, ирээдүйн гайхамшгийг бүтээх л үүрэгтэй. Тэгвэл ийм гайхамшигтай өгөгдэхүүнтэй Монгол Улс яагаад өндөр төвшинд хөгжиж, ард иргэд нь баян чинээлэг, ихэмсэг, хараа шулуун амьдарч чадахгүй байна вэ?
Монгол Улсын хөгжил удааширч байгаа шалтгаанууд юу вэ?
Монгол Улсын хөгжил удааширч байгаа дараах хэд хэдэн үндсэн шалтгаан байна. Үүнд:
1. Сэтгэл хүрсэн газар амжилт мөнхөд оршдог. Өнөөдөр Монголын залуучууд мэдээлэл, технологийн давуу талыг ашиглаж дэлхийн төвшний боловсрол эзэмшиж байгаа боловч зүрх, сэтгэлийн боловсрол эзэмшээгүй байна. Дээрхийн гэгээнтэн далай багшийн нэгэн сургаалиас иш татъя. Хүний дотоод ертөнц бол туршилтын лаборатори. Та улам төгөлдөржихийн тулд энэ лабораторт дүн шинжилгээ хийж, сэтгэлийн нууцад аяс аясаар нэвтэрвэл зохино гэж хэлсэн байдаг.
Монголчууд бидэнд улс орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэл дутаж байгаа нь хөгжил удааширч байгаа нэг дэх шалтгаан болж байна.
2. Аливаа улс орны хөгжилд гурван гол хүчин зүйл нөлөөлдөг. Энэ нь хүн, технологи, хөрөнгө оруулалт. Хөгжлийг 100 хувь гэж үзвэл 40 хувь нь хүний, 30 хувь нь технологийн, 30 хувь нь хөрөнгө оруулалтын хүчин зүйлсээс тус тус хамаардаг. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд дэлхийн эдийн засаг өндөр төвшинд хөгжиж байна. Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн хөгжлийн үр дүнд дэлхийн улс орнуудын ард иргэдийн амьдрал сайжирч, хүмүүсийн аялан жуулчлах хөдөлгөөнт чанар нэмэгдсэн. Монгол Улсын хувьд хүний хөгжил, хөрөнгө оруулалт, технологийн бодлого, төлөвлөлт-тодорхойгүй байгаагаас хүний бүтээмжийн чанар, амьдралын чанар, амьдрах орчны чанар сайжрахгүй байна.
Монгол Улсын хөгжлийн хүчин зүйлс тодорхой бус байгаа нь хөгжил удааширч байгаа хоёр дахь шалтгаан болж байна.
3. Хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон орнууд хөгжлийн өндөр төвшинд хүрсэн. Хаана очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхи танд тус болохгүй гэж нэгэн далайчны хэлсэн үг бий. 2015 оны эдийн засгийн форум дээр Солонгос улсын хөгжлийн алсын харааны талаар форумд оролцогчид тодорхой ярилцсан. Тухайлбал, Солонгос улс зургаан жилийн дотор экспортоос олох орлогоо нэг тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлээд энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд жил бүр экспортыг 40 хувиар өсгөсөн байна.
10 жилийн дараа экспортын орлогоо 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд экспортоо мөн л жил бүр 40 хувиар өсгөнө гэж тодорхойлсон. Солонгос улс
өнөөдөр зорилгодоо хүрч дэлхиин 11 дэх эдийн засаггай орон болтлоо хөгжсөн байна. (Эх сурвалж: Дэлхийн банк, 2014 он)..Энэ бол хөгжлийн алсын хараа юм.
Монгол Улсын хөгжлийн алсын хараа тодорхой бус байгаа нь хөгжил удааширч байгаа гурав дахь шалтгаан болж байна.
4. Монгол Улсын хөгжлийн бодлогыг УИХ тодорхойлдог. УИХ-ын эрхэм гишүүд улс орноо хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн сайн хууль батлах үүрэгтэй. Өнөөдөр бодит амьдрал дээр УИХ-ын эрхэм гишүүдийн баталсан хууль улс орны хөгжлийг тодорхойлж, ард иргэдийн амьдралыг сайжруулах хэрэгсэл тэр бүр болж чадахгүй байна. Иймээс иргэд нь хуулиа хамгаалдаггүй, бас мэддэггүй.
Иргэдийн эрх ашгийг хамгаалсан хууль, эрх зүйн орчин тодорхой бус байгаа нь хөгжил удааширч байгаа дөрөв дэх шалтгаан болж байна.
5. Дэлхийн улс орнуудын хөгжлийн хэмжүүр нь өрсөлдөх чадвар. Монгол Улсыг хөгжлөөрөө ойролцоо 10 гаруй оронтой харьцуулахад сүүлийн жилүүдийн судалгаагаар сүүлчийн байранд орсныг өрсөлдөх чадварын тайлан (Эх сурвалж: Монгол Улсын 2011, 2012, 2013, 2014 оны өрсөлдөх чадварын тайлан)-гийн судалгаа харуулдаг.
Монгол Улсын өрсөлдөх чадвар сул байгаа нь хөгжил удааширч байгаа тав дахь шалтгаан болж байна.
6. Нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох төрийн оролцоо 20-30 хувийн хооронд байвал хэвийн гэж үздэг. Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд оролцох төрийн оролцоо дээрх хувь хэмжээнээс өндөр байгааг судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжилд төр том эрсдэл болж байна. Төртэй холбоотой эрсдлийг шийдвэрлэхгүй бол улс хөгжихгүй байх магадлал өндөр байна.
Аливаа нийгмийг хувийн сектор, хувь хүний бүтээлч чанар, хувь хүний эрх чөлөө нь авч явдаг. Хувийн сектор хэрэглэгчийн сонирхлыг илүү зардалгүйгээр хангадаг учир хувийн секторын ажиллах орон зайг бий болгож, түүнийг хамгаалж, дэмжсэн улс орнууд хөгжлийн өндөр төвшинд хүрсэн нь дэлхий нийтийн сайн жишээ юм. Манай улсын хувьд хөгжлийг чирч явдаг машинаар бол моторын үүрэг гүйцэтгэгч хувийн секторын хөгжил, түүнийг дэмжсэн төрийн бодлого тодорхой бус байна.
Хувийн секторыг дэмжсэн төрийн бодлого тодорхой бус байгаа нь хөгжил удааширч байгаа зургаа дахь шалтгаан болж байна.
7. Ардчиллын 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 1.6 жил тутамд солигдож, засаглалын тогтвортой байдлыг алдагдуулсаар ирсэн. Сонгодог парламентын засаглалтай орнуудад парламент нь ерөнхий сайдаа томилж, ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлдэг. Энэ бол дэлхийд танигдсан сайн засгийн бодлого юм.
Монгол Улсад сайн засгийн бодлого ус, агаар шиг хэрэгтэй байна. Сайн засаг сайн менежмент хийж, сайн стандартыг тогтоож, нийгэмдээ сайн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Иргэд тогтоосон стандартын дагуу ажиллаж, амьдардаг нь бас л дэлхий нийтийн сайн жишиг. Сайн засаг зөвхөн сайн менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Муу менежер байх эрх байхгүй.
Сайн засгийн бодлого тодорхой бус байгаа нь хөгжил удааширч байгаа долоо дахь шалтгаан болж байна.
8. Улс орны хөгжлийг макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр хэмждэг. Монгол Улсын ДНБ 2011 онд 17.5 хувь, 2012 онд 13.8 хувь, 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7.8 хувь тус тус өссөн боловч өсөлт нь жил дараалан буурсаар байна. 2015 онд 5.3 хувь, 2016 онд 5 хувь, 2017 онд 4.4 хувь тус тус өсөх таамаглал бий. (Эх сурвалж: Сангийн яам). Ирэх жилүүдэд ДНБ-ий өсөлт буурах төлөв ажиглагдаж байна.
Маастрихтын гэрээгээр төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувиас хэтрэхгүй байхыг зөвлөдөг. Судалгаанаас харахад Монгол Улсын төсвийн алдагдал сүүлийн гурван жил дараалан ДНБ-ий 10 хувийн босгыг давсан. Өөрөөр хэлбэл, төсөв Маастрихтын гэрээнд заасан түвшингээс 3 дахин, УИХ-аас баталж, хуульчилж өгсөн хэмжээнээс 5 дахин их алдагдалтай болсон. Төсвийн тэнцэл алдагдалтай гарч байгаа нь Монгол Улсын эдийн засагт ойрын хугацаанд хүнд сорилтууд тулгарах магадлал өндөр байна.
Маастрихтын гэрээгээр хөгжиж байгаа орнуудын инфляцийн түвшин 5 хувиас хэтрэхгүй байхыг зөвлөдөг. 2014 онд хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцийн төвшин 9.3 хувьтай гарсан. 2015 онд УИХ инфляцийг 9 хувьд барихаар баталсан. Ирэх жилүүдэд инфляцийн төвшинг 6 хувьд барихаар төлөвлөж байгаа боловч дунд хугацааны мөнгөний бодлогын төлөвлөлт байхгүй байгаа нь байдлыг тодорхой бус болгож байна.
Улсын өрийн хэмжээ ОУВС-гийн судалгаагаар 2013 онд ДНБ-ий 67.3 хувь, 2014 онд 76.5 хувь байсан бол 2015 онд 81.5 хувьд хүрнэ гэсэн таамаглалтай байна. Олон улсын санхүүгийн байгууллагаас байгалийн баялагтай орнуудад тухайн улсын өр ДНБ-ий 60 хувь байхыг зөвшөөрдөг. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр (Монголбанкны-Хятадын ардын банкнаас авсан 30 тэрбум юанийн свопын зээл орно. Энэ нь 300 орчим сая ам.доллартай тэнцэж байна)-ийн хэмжээ ДНБ-ий 77 хувьд хүрсэн. 2017 оноос гадаад өр төлөгдөж эхлэх үед эдийн засагт нэлээд дарамт бий болох магадлал өндөр байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
2011 онд 4.715 тэрбум ам.доллар,
2012 онд 4.452 тэрбум ам.доллар,
2013 онд 2.343 ам.доллар,
2014 онд 541 сая ам.доллар болж жил дараалан буурсан байна.
Төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 2012 онд 1340 төгрөг, 2013 онд 1393 төгрөг, 2014 онд 1752 төгрөг болж жил дараалан өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай, чанаргүй зээл өссөн, валютын нөөц буурсан дүр зураг ажиглагдаж байна.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворгүй байгаа нь хөгжил удааширч байгаа найм дахь шалтгаан болж байна.
9. Урт хугацааны хөгжлийн загвараа оновчтой тодорхойлсон орнууд тогтортой хөгжиж байна. Монгол Улсад урт хугацааны хөгжлийн загвар байгаа боловч түүнийг хэрэгжүүлдэг, үр дүнг нь тооцдог, сайжруулдаг механизм тодорхой бус. УИХ урт хугацааны хөгжлийн загварыг тодорхойлохдоо 70 хувь нь аль ч нам Засгийн эрхэнд гарсан өөрчлөгдөхгүй байхаар хуульчилж өгөх хэрэгтэй. Харин 30 хувьд нь сонгуульд ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байж болно.
Урт хугацааны хөгжлийн загвар тодорхой бус байгаа нь хөгжил удааширч байгаа ес дэх шалтгаан болж байна.
Улс орны тусгаар тогтнолын баталгаа нь эдийн засгийн хөгжлөөр тодорхойлогддог. Дээрх шалтгаануудыг шийдвэрлэж чадвал Монгол Улс хүчирхэг эдийн засагтай болж, ингэснээр тусгаар тогтнолын баталгаа хангагдаж, дэлхийн хөгжингүй орнуудын төвшинд хүрч хөгжих бүрэн боломж бий.
Хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжсөн орон болохын тулд дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд:
1. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах. Аливаа улс орны тусгаар тогтнол хоёр гол хүчин зүйлээс хамаардаг.
Энэ нь нэгдүгээрт, цахилгаан. Цахилгааны хэрэгцээг 100 хувь дотооддоо хангадаг болох. Өнөөдөр цахилгааны хэрэглээний 30 орчим хувийг импортолж байна. Цахилгаан станц барихад түүхий эд болох нүүрс нь Монголд хангалтгай бий. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Цахилгаанаа гаднаас худалдаж авахгүй болчихвол валютын орох урсгал нэмэгдэнэ.
Хоёрдугаарт, газрын тосоо дотооддоо үйлдвэрлэдэг болох. Монгол Улс жил бүр 1.5 тэрбум ам.долларын шатахуун худалдан авч байна. Импортоор авч байгаа барааны 30 орчим хувь нь шатахуун, тослох материал. Газрын тосоо дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол шатахуунд зарцуулж байгаа 1.5 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой болно.
2. Зэсийн баяжмалаа эцсийн бүтээгдхүүн болгож, экспортод гаргах. Зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог. Зэс хэрэглэдэггүй бүтээн байгуулалт гэж энэ дэлхий дээр хаана ч байхгүй. Зэсийн баяжмалаа эцсийн бүтээгдхүүн болгоод экспортловол валютын орох урсгал нэмэгдэнэ.
3. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төмрийн хүдэр боловсруулж, арматур болгох. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн асар их нөөцтэй. Жилд дунджаар 500.000 тонн төмөр хэрэглэдэг. Төмрийн хүдрийг төмөрлөгийн үйлдвэрт боловсруулж, арматур болгож чадвал ханшийг хүссэнээрээ удирдах бүрэн боломжтой.
4. Макро эдийн засгийн бодлого оновчтой бодлого явуулах. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг Европын холбооны Маастрихтийн хэлэлцээрт тусгаснаар дөрвөн хүчин зүйлээр хэмждэг.
Энэ нь нэгдүгээрт, инфляцийг тогтвортой нам төвшинд барих. Европын холбоо инфляцийн зохистой төвшинг 3 хувь гэж тооцсон байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд инфляцийн түвшин 5-7 хувь. Монгол Улс инфляцийн төвшинг 5-7 хувьд барьж чадвал тогтвортой хөгжинө.
Хоёрдугаарт, ДНБ-тэй харьцах улсын өрийн хэмжээ бага байх. Улсын өр бага байснаар татварын орлогыг өр төлбөрт биш дотоодын хэрэгцээ, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг Засгийн газарт олгоно. Олон улсын байгууллагууд хөгжиж буй орны өрийн хэмжээ ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь институцийн чанараас хамаарна. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчин, засаглалын чадавхи, төсвийн тогтвортой байдал, нийгмийн хариуцлага, ил тод байдал зэрэг институцийн чанарын үзүүлэлтүүд тогтвортой байх тухай асуудал юм.
Гуравдугаарт, төсвийн алдагдалыг бууруулах. Төсвийн алдагдлыг бууруулснаар улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх боломжтой болно. Маастрихтийн шалгуур үзүүлэлтээр төсвийн алдагдлыг ДНБ-ний 3 хувь гэж үздэг. Ийм төвшинд барихын тулд төсөвийн төлөвлөлтийг оновчтой болгох, төсвийн орлого, зарлагын зарцуулалтыг хянах, төсвийн сахилга батыг сайжруулах, улс орны эдийн засгийн хөгжилд моторын үүрэг гүйцэтгэгч хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр татварын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Дөрөвдүгээрт, мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал нь импортлогч, экспортлогчдод урт хугацааны өсөлтийн стратегийг боловсруулах, хөрөнгө оруулагчдад валютын ханшны өсөлтөөс үүдэх эрсдлийг бууруулах, гадаад валютаар авсан өрийн дарамт өсөх аюулыг багасгадаг. Үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэх нь Засгийн газар болон гадаад валютаар зээл авсан компаниудад аюул бий болгодог. Учир нь валютын зээлийг эргэж төлөх төгрөгийн дарамт нэмэгдэнэ. Маастрихтийн шалгуур үзүүлэлтээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хэлбэлзлийг 2.5 хувь байвал хэвийн гэж үздэг. Энэ стандартыг барьж чадвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
5. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засаг хөгжихөд ажлын байр бий болгож, татвар, зээлээ хугацаанд нь төлдөг. Энэ агуулгаар нь өндөр хөгжсөн орнууд жижиг, дунд үйлдвэрлэлийг эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болдог гэж үзээд төрийн бодлогоор дэмждэг. Монголын төр жижиг, дунд үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг дэмжсэн бодлогыг цогц байдлаар шийдвэрлэж чадвал эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа хангагдана.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэх нь оновчтой гэж үзэж байна. Кластерт түшиглэсэн бодлого нь бүтээмжийг дээшлүүлдэг. Бүтээмжийн эдийн засагтай орнууд өндөр төвшинд хөгжиж байна. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг түшиглэж эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж, борлуулах боломж байгааг эрдэмтэн, судлаачид олонтаа ярьж байна.
Тухайлбал, жижиг, дунд үйлвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлэх нь оновчтой хувилбар юм.
Кластер хэлбэрээр хөгжихөд:
-Зоорь хэрэгтэй,
-Зоорь дагасан ангилах, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх,
-Ангилах, боловсруулах үйлдвэрүүдээ дагасан тэжээл, бордооны үйлдвэрүүдийг хөгжүүлэх,
-Тэжээлийн үйлдвэрүүдийг дагасан фермерүүдийг хөгжүүлэх,
-Фермерүүдээ дагасан мах, сүүний үйлдвэрүүд хөгжүүлэх. Энэ бол кластерын хөгжлийн зарчим. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний зарчим юм. Энэ зарчмыг хэрэгжүүлбэл бүтээгдхүүний нэр төрөл, чанар сайжирч бүтээмжийн эдийн засаг сонгомол утгаараа хөгжинө.
6. Санхүүгийн бүтээгдэхүүн (хувьцаа, даатгал, хадгаламж, зээл)-ийг иргэн бүрт хүргэх санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх. Иргэн бүр хувьцаатай, хадгаламжтай, даатгалтай, зээлтэй байснаар тэд санхүүгийн бүтээгдхүүний мөн чанарыг мэдэрдэг болно. Иргэн бүр санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглээ болгож чадвал санхүүгийн системийн үр ашиг сайжирна. Санхүүгийн системийн үр ашиг сайжирч байж эдийн засаг хөгжинө.
7. Шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжих. Шинжлэх ухааны салбарыг дэмжсэн орнууд өндөр төвшинд хөгжиж байна. Өнөөдөр Япон улс устөрөгчөөр явдаг машин бүтээж, далай дээр тариа ургуулж байна. Австрали улс 2050 он гэхэд нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдээ хаах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчийг илүүтэй ашиглах болж байна. Энэ бүхэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүн юм.
Монгол Улс өндөр төвшинд хөгжихийн тулд шинжлэх ухааны орон болох ёстой.
Шинжлэх ухааны орон болохын тулд төр шинжлэх ухааны салбарт ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны залуу судлаачдыг олноор нь бэлтгэх, шинжлэх ухааны судалгаа хийх таатай орчныг бүрдүүлэх хэрэггэй. Судлаачид, эрдэмтэд шинжлэх ухааны судалгаагаар нотлосон мэдлэгийг нийгэмд нийлүүлэх. Ингэж байж Монгол Улс хөгжинө.
Бид мэдээлэл, технологийн зуунд Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр ирээдүйн хөгжлийн тухай ярих боломжгүй. Том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа улс орны болон ард иргэдийн эрх ашиг хохирохгүй байх зарчмыг баримтлах ёстой.
Цаана нь техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болоогүй 80 гаруй төсөл байна.
Эдгээр төслийг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадвал ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий. Том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох. Итгэл найдвараар дүүрэн байж улс орон хөгждөг нь дэлхийд танигдсан зам. Итгэлцэл нь хөрөнгө оруулалт, чадвартай мэргэжилтэнг татдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын найрсаг орчинг бий болгож, дэмжиж ажиллах цаг нь болсон.
8. Нийгмиин халамжийг тодорхой зорилтот бүлгүүдэд чиглүүлэх. Тухайлбал өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй эхчүүд, хүүхдүүд, оюутнуудад хангалттай хэмжээний мөнгө өгдөг байх бодлогыг хэрэгжүүлэх нь нийгмийн халамжийн бодлогын оновчтой хувилбар гэж үзэж байна.
9. Нээлттэй эдийн засгийн бодлого явуулах. Өндөр хөгжсөн орнуудын хөгжлийн нууц нь нээлттэй эдийн засгийн бодлого юм. Нээлттэй эдийн засгийн бодлого явуулснаар бүх шатанд хяналт хэрэгждэг. Хяналттай газар хариуцлага бий болно. Хариуцлага байгаа газар бүтээмж бий болж, ингэснээр бүтээмжийн эдийн засаг хөгждөг. Энэ бол нээлттэй эдийн засгийн хөгжлийн бодлого юм.
10. Үндсэн хуулийн санхүүгийн засаглалыг шинэчлэх. Төсөв, мөнгөний бодлогыг дунд хугацаанд төлөвлөдөг болох хэрэгтэй. Төсөв, мөнгөний бодлогыг дунд хугацаанд төлөвлөдөг болсноор санхүүгийн салбар тогтвортой хөгжинө. Эдийн засгийн шинэчлэлийн мотор нь санхүү. Тиймээс санхүүгийн салбарын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй хөгжлийн мотор нь байх болно.
Монгол улс нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хөгжлийн философийн суурь зарчмуудаа хэрэгжүүлж чадвал XXI зууны Азийн өндөр хөгжсөн орон болно гэдэгт эрдэмтэн хүний хувьд эргэлзэхгүй байна.
Хөгжлийн өндөр төвшинд хүрсэн орнуудын өнгөрсөн туршлагаас харахад Япон улсын эдийн засаг 8 хувийн, Солонгос улсын эдийн засаг 10 хувийн өсөлттэй байсан байна.
Монгол Улс Азийн өндөр хөгжсөн орон болоход 10 хувийн дундаж өсөлтийг хангах.
Эдийн засаг жилд дунджаар 10 хувиар өсөхөд 2050 он гэхэд:
-Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 380 тэрбум америк доллар;
-Нэг хүнд ноогдох ДНБ 55 мянган ам.долларт хүрсэн байна. (Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн чуулган-2014. Давос хот.)
Бидний явах зам, хүрэх газар тодорхой болсон учир энэ стандартыг барьж хөгжих нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг болж байна.
“Сан” дээд сургуулийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор С.БААТАР

URL:

Сэтгэгдэл бичих