“Универсиад” XXVIII наадмаас Монголчууд хоёр алтан медаль хүртлээ

БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд “Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болсон тус наадамд 170 орны 12 мянга 500 тамирчин, төлөөлөгчид оролцжээ.

2eu33d0cufrehtb7tnfu606dtm

Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш нийт 272 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 65 орон эх орондоо медалийн уухайг цуурайтууллаа.

БНСУ-ыг баг тамирчид 47 алтын эзэн болж, наадмыг медалийн тоогоороо тэргүүллээ

 

 Наадмыг тэмцээнийг зохион байгуулагч орны баг буюу БНСУ-ын баг, тамирчид 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ /34+29+4/), БНХАУ /34+22+16/, Япон /25+25+35/, АНУ /20+15+18/, Франц /13+9+8/, Итали /11+14+17/ медальтайгаар эхний байруудыг эзэллээ.

“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцсоноос буудлага, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 24-р байрт жагслаа.

Монголын буудлагын эрэгтэйчүүдийн алт,  мөнгөн медаль хүртлээ

 Үүнд, буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буун төрөлд Э.Даваахүү алтан медаль хүртэн эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

Түүнчлэн буудлагын эрэгтэй баг 10 метрийн хийн гар буун төрөлд мөнгөн медалийн эзэд болсон бөгөөд тэд дахин 50 метрийн сонгомол гар буун дасгалд  манай тамирчид 1620 оноо авч, хүрэл медаль хүртсэн байна. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Даваахүү, спортын мастер Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар багтжээ.

ОУХМ Д.Сумъяа алтан медалийн эзэн боллоо

 ОУХМ Д.Сумъяа хүртлээ. Тэрээр саяхан болсон “Чингис хаан” гран при олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Харин оюутны Универсиад их наадамд Хорватын бөх Андрео Бекичийг 2 мин 55 секундэд цэвэр хожсоноор дахин алтан медаль хүртсэн байна.

Мөн жүдо бөхийн төрөлд  М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн амжилтаар “Универсиад” наадмыг өндөрлүүллээ.

Б.Мөнхзаяа хагас марафоны төрөлд VI байрт шалгарлаа

Эмэгтэйчүүдийн хагас марафоны төрөлд 20 метрийн зайд 25 тамирчин уралдсанаас манай тамирчин Б.Мөнхзаяа 1:17:19 цагийн амжилтаар VI байрт орсон байна. Мөн тэрээр 10.000 метрийн зайд 33:54:93 минутийн амжилтаар VII байрт орсон байна.

Хагас марафоны эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын баг Япон, Турк, Өмнөд Африкийн ард IV байрт орсон юм.

Монголын сагсчид XVII дугаар байрт оржээ

 “Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг оролцож 17-р байрыг эзлэв.

Тус наадмын “В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан манай залуучуудын шигшээ баг хэсэгтээ хараахан хожил авч чадаагүй юм. Харин 17-24-р байрын төлөө тоглох эрхийг авсан сагсчид Африк тивийн төлөөлөл Мозамбик /62:58/, Америк тивийн төлөөлөл Чили /72:54/, Европ тивийн төлөөлөл Швейцарь улсуудыг /76-71/ дараалан хожсон юм. Ингэснээр манай сагсчид Швейцарь, Чили, Мексик, Япон, Тайван, Мозамбик улсыг ардаа орхиж, 17-р байрт оров.

 

Энэ удаагийн “Универсиад” наадамд манай баг тамирчдын өндөр амжилт үзүүлдэг чөлөөт бөх, боксын төрлүүд багтаагүй юм. Одоогоор Монголын баг тамирчид “Универсиад” наадмаас 11 алт, 14 мөнгө, 23 хүрэл медалийг хүртээд байна.

 

Италийн Туринээс улбаатай  “Универсиад” наадам

 

Универсиад наадам нь 2 жил тутамд сондгой тоотой жилүүдэд өвөл, зуны спортын төрлүүдээр явагддаг. Зуны Универсиад наадам анх 1959 онд Италийн Турин хотноо зохиогдсон. Дэлхийн спортын түүхэнд Универсиад наадмыг оролцсон орон, зохиогдож байгаа хэлбэр, далайцаараа олимпийн дараа ордог “Бага олимп” хэмээн нэрлэдэг ба оюутан залуучуудын спортын их баяр наадам нь юм. Учир нь 5 тивийн 200 орчим орны 13,000 оюутан тамирчид нэг улсын, нэг хотод хуран цугларч, нэгэн хугацаанд спортын олон төрлийн тэмцээнд орж, тамирчид нь бүхэл бүтэн томоохон тосгонд нэг дороо амьдарч тэмцээнүүдээ оролцдог. Универсиад гэдэг үг нь их сургууль (University) гэсэн үгнээс үүсэлтэй. Мөн олон талт (Universal) цогцолбор арга хэмжээ гэсэн үгний утгыг ч илэрхийлдэг. Олимпиад (Olympic), Спартикиад хэмээх үгний сүүлийн “иад” дагаварыг авч их наадам гэсэн үгний төгсгөлтэй ижил утга санааг харуулдаг байна.

Дэлхийн өнцөг булан бүрт итгэл, найдварын гэрлийн илчийг түгээгч “Гэрлийн далавч”

 ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний өөрийн онцлогийг илэрхийлсэн бэлэгдэл, таних тэмдэгтэй байдаг. Харин таних тэмцэг нь заавал “U” үсгийг зайлшгүй багтаан дүрслэх уламжлалтай юм. Харин таних тэмдэг дээр байгаа улаан, шар, цэнхэр өнгөтэй ”U” үсэгний хэлбэртэй дүрс нь “Гэрлийн далавч” юм. Дэлхийн өнцөг булан бүрт итгэл, найдварын гэрлийн илчийг түгээн, тэднийг даллан дуудах утга санааг илэрхийлжээ. Мөн 28 дугаар Универсиад наадмын бэлэгдэл нь “Дэлхий ба бороо” юм байна.

 Энэ удаагийн Универсиад наадмын уриа нь “Маргаашийг гэрэлтүүлцгээе- Гэрлийн хот” гэсэн ба энэхүү өгүүлбэр нь асах гэрэл, ирээдүйн гэрэл гэсэн утга санааг агуулдаг юм байна.

Гванжу хотноо долдугаар болсон Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадамд БНСУ-ын хамтлаг дуучид, ая дуугаа өргөсөн бөгөөд дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан реппер PSY өөрийн хит дуугаар мэндчилгээ дэвшүүлжээ.

Дараагийн Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам 2017 оны зун Тайпейд болохоор товоо зарласан юм.

Г.Даша

 


URL:

Сэтгэгдэл бичих