Их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл бодитой эсэхийг шалгана
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хавар анх удаагаа 12-р анги төгсөлтөө хийж хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадны улс оронд шууд суралцах нөхцөл боломж бүрдсэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр зарим их дээд сургуулийн удирдлагууд байдлыг овжноор ашиглан цөөхөн хүүхэд төгсч байгаа учраас төлбөрөө нэмэхгүй төсөв хөрөнгө бүрдэхгүй нь хэмээн 15-45 хувар төлбөрөө нэмэх шийдвэрийг гаргаснаар эцэг, эхчүүдийн нуруунд хүнд ачаа үрүүлээд байгаа юм.
Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас их дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөрөө ямар үндэслэлээр нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд анх удаа арванхоёрдугаар анги төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус.
Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад хариуг олон нийтэд мэдээлнэ” хэмээн мэдэгдэв.
Хэрэв их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн байвал зохих хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.
URL:













