Төрийн банкийг “Анод”-ын араас оруулах мастер төлөвлөгөө
Төрийн банкийг татан буулгаж Хөгжлийн банк байгуулах тухай мессеж саарал ордонд нисэж эхэллээ. Банкийг
хэрхэн үгүй хийх, хэн хувьчилж авах тухай шуугиж байна. Түүгээр ч үл барам энэхүү нууц төлөвлөгөөг зохиосон эрхмүүд, гардан хэрэгжүүлэгчид хэдийнэ ажилдаа орж ард түмний тархийг хэрхэн угаахаа нэгэнт шийдэж.Ингэснээр Төрийн банк ойндоо ч хүрэлгүй “Анод”-ын араас орсноор хэсэг хүмүүс татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хуримтлуулсан төрийн гэх тодотголтой мөнгийг хувааж идэхээр ажилдаа орсон бололтой. Монголд Хөгжлийн банк хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргадаггүй. Адаглаад л жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал бол банкны зээлийн баталгаа. Хувийн хэвшлийн банкууд үйлдвэрлэгчдийн санаснаар зээлийн баталгаа гаргадаггүй. Ингэхлээр хувийн хэвшлийнхнийг дэмжихийн тулд Хөгжлийн банк байгуулах шаардлага амьдралаас урган гарсан.
Хамгийн сүүлийн мэдээгээр УИХ-ын гишүүд хоёр талцан Төрийн банк бидэнд хэрэгтэй, хэрэггүй хэмээн маргаж арай л чи би дээ тулаагүй гэдгийг тэдний туслахууд нь гэрчилж байна. Энэ бүхнээс харвал Төрийн банкны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бололтой. Тэгвэл Төрийн банкийг үгүй хийх гэсэн сонирхол хэнд байна вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Улмаар хэн үүнийг сонирхоод байгаа нь бүр сонин. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын арилжааны банкууд бүгд гадны эзэнтэй. Тэдний ихэнхийг нь Оросын олигархууд эзэмшдэг гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. “ХААН” мэтийн ганц нэгхэн банкны хувьцааны ихэнхийг япон, хятадууд эзэмшдэг. Оросууд Монголын банк, санхүүгийн салбарыг гартаа оруулахдаа эрхэм гишүүдийг ашигласан. Эрхэм гишүүд ч ах нарт хайр зарлан, хойгуур урдуур нь гүйж тэдний хүссэн шийдвэрийг гарган хөлсөө авдаг нь нэгэнт шинэ зүйл биш болсон. Одоо бас л энэ аргаараа Төрийн банкийг үнэгүйдүүлж, нэр хүндийг нь навс унаган байж хувьчлалд шилжүүлнэ.
Саяхан хөдөө орон нутагт Хүний хөгжлийн сангаас олгож буй мөнгийг Төрийн банкаар дамжуулан олгох явдал нэг л урагшгүй байгаа талаар хэвлэл, мэдээллээр яригдаж байсан. Энэ нь Оросуудын талд ажиллаж байгаа нөхдийн ажлын төлөвлөгөөний нэг хэсэг л гэсэн үг. Түүнийх нь эсрэг Төрийн банк тодорхой мэдэгдэл гаргаж байсан. Гэвч энэ бол хэлбэрийн төдий зүйл. “Анод” банкийг хүчээр дампууруулж, түүний суурин дээр Төрийн банкийг байгуулсан. “Анод”-од байсан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төр баталгаа гаргах замаар Төрийн банкинд шилжүүлж, зээлдэгчдийн чанаргүй зээлийг ч татан авч төвлөрүүлсэн. Үүний дээр Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих, иргэдэд итгэл үзүүлэх зорилгоор Сангийн яам, бүр тодруулбал С.Баярцогт сайдын санаачлагаар бусад арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрч байсан цалин, тэтгэвэр тэтгэмж, Хүний хөгжил сангаас олгох мөнгөний багагүй хэсгийг энд төвлөрүүлсэн. Ингэснээр Төрийн банк нэг хэсэгтээ иргэдийн итгэлийг олж авсан. Үүний дараа хэвийн ажиллаж байгаа банкийг зориудаар муучлан улмаар татан буулгаж, хувьчлах ажил дэс дараалалтай өрнөж байна. Энэ бүхэнд төрийн зарим нэг хариуцлагатай албан тушаалтан ч буруутай гэхэд болно. С.Баярын Засгийн газрын үед Монголд Хөгжлийн банк байгуулах тухай яригдаж эхэлсэн. Энэ санаагаа С.Баяр ч илэрхийлж байлаа. Түүгээр ч үл барам Сангийн яаманд судалгааны ажлын хэсэг байгуулах аман даалгавар өгч байв. Энэ нь цаг үе, амьдралаас урган гарч байсныг эдийн засагчид онцолдог.
Гэтэл яг энэ үед Ерөнхий сайд С.Баярын хамгийн итгэлтэй хүний нэг гэгддэг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нэгэн өдөр тутмын сонинд “Монголд одоохондоо Хөгжлийн банк байгуулах шаардлагагүй” гээд л ярилцлага өгч билээ. Ерөнхий сайдаасаа өөр санал бодолтой Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга байдаг юм уу гээд С.Баяр дарга Ч.Хашчулууныг шанаадсан тухай саарал ордноор нэг яригдсан. Нэг их удалгүй “Манайд Хөгжлийн банк байгуулагдах гэж байна. Ерөнхий захирлаар нь Ч.Хашчулуун томилогдох юм гэнэ” гэсэн яриа гарч байв даа. Үүнтэй адилхан зүйл саяхан тохиолджээ. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж дороо тэргүүн болон дэд ерөнхийлөгч хэмээх албатуудтай. Монголбанкны дэд ерөнхийлөгч Р.Жавхлант “2011 оны Монгол Улсын төсвийн нэгдсэн төслөөс харвал ирэх жилийн сүүлчээр инфляц 25 хувьд хүрч одоогийнхоос 2.5 дахин нэмэгдэнэ. Инфляц өсгөсөн гол буруутан нь Монголбанкны удирдлагууд биш 2011 оны улсын төсөв, түүнийг баталсан УИХ” хэмээн мэдэгдсэн. Р.Жавхлангийн ийнхүү том толгойлсны хариуг дээрээс чангахан өгч, сануулсан байна.
Зарим нэг мэдээллээс харвал хоёр намын удирдлагууд Р.Жавхланг өрөөндөө дуудан ирүүлж толгой түрүүгүй загнаж, дахиад том дуугарвал гудамжинд хөөж гаргана хэмээсэн бололтой. Энэ бүхнээс харвал Хөгжлийн банк байгуулах ажил эртнээс эхэлсэн ч заавал Төрийн банкийг дампууруулан, оросуудад хувьчилдаг нь анхаарал татахгүй байхын аргагүй. УИХ-аас баталсан 2011 оны төсвийн төслөөс харвал бид ирэх жил 2.8 их наяд төгрөгийг захиран зарцуулах юм байна. 2.8 их наяд гэсэн тоо нь манай улсын төсвийн тэлэлт хэрхэн нэмэгдсэнийг харуулна. Дээр нь ахиулаад харвал ирэх жил бид дотоодын нийт бүтээгдэхүүний 7.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсвийг баталжээ. Энэ бүхэн өнөөх л хоёр намын сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд хийгдсэн хэмээн тодорхойлогдож байгаа ч Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас бидэнд анхааруулсан зөвлөмжид түүнээс ч илүү аюул нүүрлэж болох тухай өгүүлсэн. Энэхүү нүүрлэх аюул, эрсдэлийн эхнийх нь Төрийн банкийг татан буулгаж Хөгжлийн банк байгуулах тухай Төрийн ордонд хийгдсэн мастер төлөвлөгөө аж. Манай улсад арилжааны банк үүсээд 20 гаруй жил болж байгаа ч тэдний амийг хэрхэн амархан тасдаж болдог гэдгийг харуулсны 15 жилийн ой ч тохиож байна.
Л.ГЭРЭЛ
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
URL:













