Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр

10-19-3a2_700x700

Нүдэнд торох зүйлгүй цэлийсэн талд гэнэт алсаас тоос босч, мөдхөн тэнгэр баганадав. Машин явж өнгөрснөөс хойш бараг км зайд тоос нь арилаагүй байтал араас нь дахиад бөөн тоос манарч тал дундуур тархана. Арын машин хурдаа нэмэн өмнөхтэйгөө зэрэгцэхэд гүйцэгдсэн нь ч мөчөөгөө өгөхгүй давхисаар байгааг холоос харахад эгээтэй л морины уралдаан гэж андуурмаар. Тэнгэрт боссон тоос мөддөө арилахгүйг харвал цуваа явж байгаа нь илт. Алдарт Мэнэнгийн тал дээрх газрын тосны тээвэрлэлтийг харж байгаа минь энэ.

Монголын хамгийн тэгш хялганат Мэнэнгийн тал газрын тосны тээвэрлэлтэд ингэж талхлагдаж байна. Хад асгагїй тэгш тал дээгїїр хятад жолооч нар олон зам їїсгэн явдаг болжээ.

Монгол орны хамгийн том, байгалийн унаган төрхөө алдаагүй тэгш тал гэж магтан дуулж, дуу шүлгэндээ мөнхөлсөөр ирсэн Мэнэнгийн тал газрын тосны балгаар сүйдэж байна гэж байгаль хамгаалагч, нутгийнхан шимширсээр байгааг олонтаа харж, сонссон юм. Дэлхийд нэртэй гэж сайрхах тал нутаг хамгийн, хамгийн гэх олон тодотголоо яагаад гээх болсныг сурвалжлахаар Дорнод аймгийг зорьсон юм.

Тэнгэр зүссэн өндөр уулсын дунд төрж өссөний хувьд аймгийн хил даваад л харааны цэц шалгасан цэлийсэн талыг харахад уйтгартай ч юм шиг, уртаар амьсгаа авмаар ч юм шиг сонин мэдрэмж төрөх. Нээрээ л Соёлын гавъяат зүтгэлтэн Данзангийн Нямаа гуайн шүлэглэснээр

…Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явсаар явсаар асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ… гэх мөртүүд толгойд харваж, явж барахгүй өргөн талын хаана нь хүн амьдардаг байна аа гэсэн бодлоор Мэнэнгийн талын “дээсийг алхав”.

Мэнэнгийн талын эмзэг, сул хєрсєн дээгїїр тостой 60-70 тонны хїнд даацын автомашины жолооч нар уралдан давхиж байна. 

Уртаараа 90 км, өргөнөөрөө 60 км үргэлжлэх бүртийх ч довгүй тэгш тал дээрх хялгана шагай өнгөрсөн өндөр, зарим хэсгээрээ өвдөг шүргэж ургажээ. Уг нь энэ жил зүүн аймгууд зуншлага сайтай орсон. Гэвч хялгана тачир ургасан гэнэ. “Цаг сайхан үед машин зөрөхөд харагдахааргүй өндөр ургадаг байлаа” гэж жолооч ах шүүрс алдан ярина. Мэнэнгийн талыг хялганат хээр гэж тодотгодог. Хялгана нь 50-80 см өндөр, үндэс орчмын навчтай нийлээд нягт дэгнүүл үүсгэдэг, навчны доод гадаргуу буюу гадна талдаа нүцгэн ширүүвтэр тармаг хатгууруудтай ургамал юм байна. Гэвч Мэнэнгийн талын хялгана тийм өндөр, соргог ургахаа больжээ.

Мэнэнгийн заставаар дайраад давхиж байтал нэлээд холуур жийп машин өнгөрч явна. “Петрочайна дачин тамсаг Монгол-21” компани буюу “Петрочайна дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн кэмп Мэнэнгийн талын зүүн бөөрөнд байрладаг ажээ. Тэндээс аймгийн төв рүү явж байгаа хүмүүс бололтой. Төв замаар бол Мэнэнгийн заставаар дайрч, бичиг баримтаа шалгуулаад нэвтэрнэ. Заставаас холуур хулгайн замаар явчихдаг бололтой.

30 ОРЧИМ МЕТР ӨРГӨН ТАЛЫГ ХҮНД ОВРЫН МАШИНЫ МӨР ТАЛХАЛЖЭЭ

Олон эгнээ замын єргєн зарим хэсгээр 30 гаруй метр їргэлжилжээ.

Аймгийн төвөөс 200 гаруй км давхиж тосны зам руу орлоо. 21 дүгээр талбайгаас олборлосон газрын тосыг Баянхошуу боомт руу гаргадаг замд орсон хэрэг. Энэ газар нутаг нь Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн харъяа. “Петрочайна дачин Тамсаг” компани Дорнодын талд газрын тос олборлодог 19 ба 21 дүгээр талбайтай. 19 дүгээр талбайгаас олборлосон тосыг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргадаг аж. Бидний эхэлж очсон 21 дүгээр талбай 19-өөсөө 150 км-т алслагджээ. Тээвэрлэлтийн автомашин нь хүнд даацынх учраас зам нь нэлээд өргөн юм. Дайны үеийн нуувч таарахгүй л бол хад асгагүй, хаашаа ч чиглээд явахад чөлөөтэй. Кэмпээс гарахдаа нэг чигээр явж байсан зам мөдхөн салаалжээ. Хөрс нь дагтаршин, голоороо өндөрссөн замын хажууд шинэ зам төвөггүй анзаарагдана. Хамгийн нарийндаа гэхэд хоёроос гурван зам байхад өргөн нь гэвэл 30 орчим метр өргөн талыг хүнд оврын машины мөр талхалжээ. Зам дээгүүр хялгана битгий хэл өвсний үндэс харагдахгүйгээр дагтаршжээ. Зөөлөн хөрстэй хэсгээр гишгэвэл хөл далд ором сул хар шороотой юм.

Нэлээд яваад их үдийн хавьд өмнөөс тоос босч харагдлаа. Тосны автомашины цуваа гэдгийг нутгийн хүмүүс хэллээ. Хятад, монгол жолооч нар тосоо хилээр гаргаад кэмп рүүгээ буцаж яваа нь тэр аж. 10 орчим хүнд даацын автомашин хоорондоо зайтайхан цуваагаар явж өнгөрөв. Зам дагуу хэдэн арван метрийн өндөрт боссон тоосыг салхи улам хөгжөөж, цэлгэр талд бүрэнхий нөмрөх шиг болов. Ачаатай үедээ тоосжилт улам нэмэгддэг юм байна. 40-50 тонн тостой, машины жин нь 20 орчим тонн гээд нийлээд 60-70 тонн ачаа Мэнэнгийн тал дээгүүр явахад хөрс үндсээрээ эргэж хоцрох нь энүүхэнд гэж зам дагуу нутаглаж ирсэн Ц.Энхжаргал халаглан ярив. Тэднийх уг нь замаасаа нэлээд зайдуу намаржиж байна. Гэвч цуваа явж өнгөрсөн үед замын тоос км орчмыг бүрхэж мал, амьтнаа, тэр бүү хэл гэрээ олоход хэцүү болдог гэж байв. Гэр, мал нь тоосонд дарагдаж, эрүүл орчинд амьдрахад хүндрэлтэй байгаагаа ч хэлж байлаа.

68 КМ ЗАМЫН ТУХАЙД…

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг газар тариалангийн сор болсон хөрстэй. Социализмын үед эрдэмтэн, судлаачид тэнд 12 сангийн аж ахуй байгуулах бололцоотой гэдгийг тогтоож байжээ. Хэдийгээр сор болсон ч эмзэг хөрс гэдгийг ч онцолсон байна. Мэнэнгийн тал ч мөн адил ийм хөрстэй газар ажээ. 21 дүгээр талбайн кэмпээс гарсан зам 60 гаруй км үргэлжилж төв замтай нийлж байна. Нарийн хэлбэл 68 км зам Дорнодын тал дээгүүр нэг биш нэлээд хэдэн эгнээгээр үргэлжилж нь хөрсийг хуйхалж байгааг харлаа. 21 дүгээр талбай ашиглалтад ороод хоёр жил орчим болж, мөн хугацаанд тосны тээвэрлэлт хийж байгаа гэхэд Мэнэнгийн тал дундуур хөндлөн гулд давхих хүнд даацын автомашинууд хөрсийг түйвээж байна, тэнд. Нутгийнхан асфальтан зам тавихыг дээр дооргүй улиг болтлоо шаардаж ирснийг уулзсан хүн бүхэн хэлж байв. Гэвч “Петрочайна дачин тамсаг” компани 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомтыг холбосон 210 км замыг асфальт болгож эхэлжээ. 19 дүгээр талбайгаас гарсан эхний 100 км ашиглалтад орсон бол Баянхошуу хүртэл үргэлжлэх 100 гаруй км замыг хэсэгчлэн тавьж эхэлсэн байна. Уг нь байгаль орчинд учирч байгаа хор хөнөөлийг бодвол 21 дүгээр талбайгаас Баянхошууны боомт хүртэлх замыг асфальт болгох ёстой атал 19 дүгээр талбайг Баянхошуутай холбож байгаа нь “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх ашигт нийцсэн ажил гэж нутгийн иргэд захаас аваад ярьж байв. Компани олборлосон тосоо Бичигтийн боомтоор гаргаад үйлдвэртээ очиход хол, харин Баянхошууны боомтоор бол ойр гэлцдэг юм байна. Тиймээс Монгол Улсын байгаль орчин, хүн ардад нүүрлэсэн аюулыг үл тоож, эрх ашгаа урьтал болгож байгаа юм биш биз гэсэн эргэлзээ, таамаглалыг нутгийнхан ярьж байлаа.

Үргэлжлэл бий.

Б.Энхзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих