Баячууд нь “Ланд”, борчууд нь “Лаазаа” унаад явах шийвэрийг эрх баригчид гаргах уу

Эрх баригчид шатахуун болон бусад гол барааны үнийг нэмэхдээ сурамгай. Ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулж байгаад ар хударгаар нь ажлаа амжуулдаг. Өчигдөр орой 22:00 цагийн үед Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан мэдээ өнөө өглөө хүн бүрийн анхаарлын төв орсон. Харин энэ мэдээгээр халхавч хийж, УИХ-ын чуулганаар шатахууны үнийг нэмэх асуудлыг хэлэлцэх яри гарлаа.

Уг нь энэ сарын 5, 6-нд хуралдах УИХ-ын чуулганаар энэ оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн хажуугаар шатахууны үнийн онцгой албан татварыг өөрчлөх асуудлыг оруулж ирэхээр болсон аж. Шатахууны үнийг нэмэх тухай асуудлыг Сангийн яамны зүгээс тайлбарлахдаа “Нефть импортлогчид үнийн зөрүүнээс 13 хувийн ашиг олж багйаа. Гэсэн ч үнээ буулгахгүй байна. Иймд бид онцгой албан татварынх нь хэмжээг төвийн боомтуудаас импортлох автобензин дээр тонн тутамд 200.000, дизель түлшинд тонн тутамд 300.000 төгрөгөөр нэмэхээр ярилцаж байна” гэсэн юм.

Тэдний хэлж байгаа энэ гаргалгаа нь хэрэгжих юм бол улсын төсөвт энэ оны эцэс гэхэд 43.5 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэх гэнэ. Гэхдээ ард түмэн үлгэр шиг юмыг сонссоор байгаад одоо ямар ч зүйл итгэхгүй болжээ.

Мөн энэ мэдээллийн дараа энефть импортлогч компаниуд зөрүүлээд хэрвээ ингэж нэмэх юм бол бид жижиглэнгийн үнээ ч нэмнэ хэмээн сөрөг мэдэгдэл хийж эхэллээ. УИХ үнэхээр энэ төсвийг баталж орхивол нефть импортлогчид нэг литр бензинээ 2000, нэг литр дизель түлшээ 2200 төгрөг болгохоор төлөвлөж байна.

Ийнхүү бензиний үнэ нэмэгдэх сургаар иргэд цахим ертөнцөөр дургүйцлээ илэрхийлж эхэллээ. Сүүлийн хоёр өдөр интернэтээ “Баячууд нь Ланд, борчууд нь Лааз (Приус)” унаад явах юм байна гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байлаа.

Яагаад заавал Б.Батзаяа, Г.Шийлэгдамба зэрэг өндөр албан тушаалтнуудыг баривчилсан хойгуур ингэж шатахууны үнийг нэмж байгаа нь хэнд ч хачирхалтай санагдана. Ирэх жил сонгууль болно. Гэтэл сонгууль хүртэл хагас жил орчмын хугацаанд тэвчиж чадахгүй Засгийн газрыг огцруула, Ерөнхий сайдыг ажлаа өг гэж нэг нь гарын үсэг цуглуулж явахад, нөгөө нь АТГ-т нэгнийгээ матаж байгаа иймд үед ард иргэд яах ч билээ.

Аливаа юм хязгаартай байдаг. Нэг л өдөр хуримтлагдсан уур бухимдал дэлбэрч бослого гаргаж ч магадгүй. Дахиад 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал шиг үймээн гарвал лав таван хүний амиар тогтохгүй байх. Бодох л асуудал төрийн түшээд минь…

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.