Эмүжин: …… минь

Хүүхнүүд ээ, өөр өөрийнхөө залууд тохирох мөрүүдийг өмчлөөд аваарай. Эрчүүд ч бас эндээс хайртай бүсгүйгээ хайгаад олоорой.

…МИНЬ…

Намрын гуниг, хаврын бороо минь
Навчсын өнгөт, манангийн үнэрт минь
Тэнгисийн гуниг, тэнгэрийн бороо минь
Тэргэл зүст, тэнүүн дурлалт минь

Хайрын зөнт, хагацлын айдаст минь
Харцны гэрэлт, халуун хүсэлт минь
Зүрхний чимээт, зөөлөн совинт минь
Зүгийн гэгээн, зүүдний зөрлөг минь…

Учралын аялгуут, ухааны гоо минь
Уйлахын шаналант, уянгын эгшигт минь
Зүггүй үст, зөрүүд зант минь
Зүсрэх сэтгэлт, зөнгөөр аягт минь…

Үнсээд л баймаар билгүүн нүдэт минь
Үнсүүлээд л баймаар бишрэм уруулт минь
Дасаж хайрламаар дотнохон минь
Дасгаж учирмаар яруухан минь…

Амьсгалах агаар, ундлах булаг минь
Амьдрах агшин, амрагийн заяат минь
Хармын хязгаар, хардахын тэвчээр минь
Хазайхын түшиг, хамгаас содонхон минь…

Амь минь, асуултын тэмдэг минь
Анир минь, амаргүй хариулт минь
Эд эс минь, эгэлгүй нөмөрт минь
Эс ширхэг минь, энгэрийн бурхан минь…

2015.10 сар. Р.ЭМҮЖИН


URL:

Сэтгэгдэл бичих