“Ихэлийн эгшиглэн” морин хуурын наадмын шилдгүүд тодорлоо

Олон ястны өлгий нутаг Ховд аймгийн ардын авьяастнууд Монгол түмний үндэсний хөгжим морин хуураа хойч үедээ өвлүүлэн үлдээх ”Ихэлийн эгшиглэн” наадмыг 10  дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

“Ихэлийн эгшиглэн” морин хуурын наадам Ховд аймгийн Манхан суманд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. 2005  оноос  хойш уламжлал болж ирсэн энэ наадамд Ховд аймгийн 17 сумын нийт 300 гаруй ардын авьяастан, соёлын өв тээгчид оролцож 2 өдрийн турш морин хуурийн тансаг аялгууг уянгалууллаа. Монголын үндэсний хөгжим болох морин хуурыг түгээн дэлгэрүүлэх өсвөр үеийнхэндээ өвлүүлэн үлдээх цаашлаад Баруун хязгаараас Дэлхийд гайхагдсан морин хуурчдыг төрүүлэн гаргах зорилгоор энэ наадмыг зохион байгуулж ирснийг  санаачлагч  УИХ-ын гишүүн  Д.Дэмбэрэл хэлж байна.

Жил ирэх тусам морин хуур сонирхогчдын тоо өсөн нэмэгдэх хандлагатай байгааг шүүгчид онцолж байна. Энэ наадам нь морин хуур сонирхогчид болон морин хуурчдад хүлээлт үүсгэж чадсан үр дүнтэй наадам болж ирснийг ч оролцогчид хэлж байна. Монголчууд  морин хуураа эрхэмлэн дээдэлж ирсэн бол баруун аймгуудад “Ихэл”  хэмээн  нэрлэдэг морин хуур бий. Ихэл нь морин толгойгүй  гэлбэр  буюу чандмань толгойтой ч дуугаралтаараа  морин хуурын эгшигтэй төстэй хөгжмийн зэмсэг юм. Ихэл  хуураа татаж  ирсэн баруун монголчууд морин хуурыг сурах нь ч амар хялбар байдаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих