Санал асуулга нэрээр 5.5 тэрбумыг салхинд хийсгэх үү

Санал асуулга нэрээр 5.5 тэрбумыг салхинд хийсгэх үү

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл парламентын гишүүд энэ асуудлыг нэг тийш болгох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд ард түмний дунд санал асуулга явуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар болж, энэ тухай санал асуулгыг энэ сарын 26-нд буюу Улс тунхагласан өдөр явуулахаар тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэн батлахаар болсон.

Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгад зориулж 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл байна. Учир нь ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэхэд хамгийн багаар бодоход 14 хоног шаардлагатай бөгөөд 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолсон аж. Ямартай ч дээрх санал асуулгыг явуулахын тулд олон нийтийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалтай танилцах боломжоор хангах ёстой. Гэтэл ийм хугацаа олгоогүй бөгөөд өөрөөр хэлбэл,  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж сар гаруйн хугацаагаар хэмжигдэж байгаа юм. Үндсэндээ энэ богино хугацаанд олон нийт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгад оролцоно гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тиймдээ ч санал асуулга нэрээр 5.5 тэрбум салхинд хийсгэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар яарч, шахаж, олонхоор хүч түрэн батлах нь гэсэн хардлага үүсээд байгаа юм.

Ер нь УИХ-аар хугацаа давчдуулж, олонхоор хүч түрэн баталдаг муу жишиг манайд аль хэдийнэ тогтсон гэхэд болно. Тэгвэл энэ л жишгээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг батлахаар эрх баригчид шийдсэн бололтой. Үндсэндээ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэдийнэ гаргачихаад санал асуулга нэрээр халхавчилж батлах гэж байж ч мэдэх. Ямартай ч УИХ-ын чуулганы ирэх баасан гараг буюу энэ сарын 13-нд төсвийн хууль, мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталчихаад намрын чуулганыг түр завсарлуулах тухай ч мэдээлэл гарч эхлээд байна. Ийнхүү намрын чуулганыг түр завсарлуулаад ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг батлах тактик ч байж болох талтай.

Хэдийгээр энэ сарын 26 хүртэл УИХ-ын гишүүд тойрог, орон нутагт ажиллаж санал асуулгын тухай, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдэд сурталчлан таниулна гэж байгаа хэдий ч энэ богино хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч эрх баригчид  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй эсэх талаар ард түмнээс асуухаар болж төсвөө хүртэл тооцоолчихоод байгаа аж. Улс орон эдийн засгийн хямралтай өнөө үед хөрөнгө мөнгө цацаж санал асуулга явуулж байгаа бол түүн шигээ үр дүнтэй, хүртээмжтэй өөрчлөлтийг оруулах эсэхийг харах л үлдээ.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Нэр: Mongol Огноо: 10 November 2015

Sanal asuulga neriidleer basl mungu sjaax ni de. Baliar yumnuud

Нэр: dfghj Огноо: 11 November 2015

lyibarchdaar vh d gar hvrgej bgvi canala uguh shaardlaggvi daraagiin parlamentaar 7 uurchlult bas bysig saijryylax n zub

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.