Тиймээ би хөдөөний охин

Хацрын минь улаан гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин
Хотын соёлд уусаж монгол ёс заншлаа умартаагүй
Хөл нүцгэн гүйж,нутгийн чулуудаар тоглож
Тугал ботго буцааж, шувуудын өндгөнд сүүдрээ хүргэж болдоггүйг
Өвгөдийнхөө сургаалиас ухаарсан хүүхэд насаа хөдөө өнгөрүүлсэн
Хацрын минь улаан гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин

Хацар минь улаан байлаа гээд бусдаас би ичихгүй тиймээ би хөдөөний охин
Хээрийн салхинд илбүүлж хахир өвлийн жаварт хайруулж
Хурга ишиг эрхлүүлж,хурууд ааруул идэж өссөн
Хурдан хүлгийн нуруунд нар салхи хоёрыг өвөртлөн мордсон
Хээ угалзыг урлан шаглаж,оо энгэсэг биш
Аргалын утаа үнэртүүлсэн,ардынхаа дуунд уярдаг
Хацрын минь улаан гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин

Хацрын минь улаан гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин
Хөдсөнд боолттой торнисон эцэг өвгөдийнхөө удам судрыг
Амьдралын агуу их ухааныг, ардынхаа ёс заншилтай нь улбаалан авсан
Халх монгол цусаа арилжиж хатан ухаанаа гээгүй
Хөл нүцгэн гүйж өссөн хувь заяандаа гомдоогүй
Хувин дүүрэн сүүгээ дээжлэн өглөөний наранд өргөж хүслээ гуйдаг
Хацрынх нь улаан нь гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин

2015-12-24

Х.Оюунболд


URL:

Сэтгэгдэл бичих