“Эрх чөлөө”-гүй чөлөөт бүс эдийн засагт нэмэр болохгүй ээ

Хэдхэн хоногийн өмнө манай улсын баруун өмнөд хязгаар Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор 16 тонн хонины мах экспортолсон мэдээлэл цацагдаж, урд хөрштэй хийх худалдаанд нэг гарц нээгдлээ. Үүнээс улбаалан бүс нутгийн интеграцид нэгдэж, улс орны эдийн засаг, худалдааг өргөжүүлэх чөлөөт бүсүүдийн талаар эргэн сөхөх нь хэрэгтэй мэт санагдав.

Уг нь эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох тухай бараг 20-иод жилийн өмнөөс ярьж, 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан байдаг. Түүний дараахан Алтанбулаг, Замын-Үүд, Цагаануурын эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг бүс бүрт тусгайлан баталсан. Гэвч энэ чухал бодлогыг зангидах, зохион байгуулах асуудлыг арай дээр төвшинд авч үзэлгүйгээр холбогдох яамны нэг газар, хэлтэст хамааруулах төдийгөөр явж ирсэн нь ажлыг цалгардуулах тал руу хэлбийлгэжээ.

Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийг хоёр ч удаа зарлаж, сүүлчийнхэд нь шалгарсан хоёр компани хөрөнгөө оруулж, үйл ажлаа эхлэх гэсээр байтал багагүй хугацаа алдсан бөгөөд 2007 онд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг нь цуцалснаар 1000 га талбайг хүрээлсэн хашаанаас өөр юмгүй өдийг хүрч байна.

Тухайн үеийнЧөлөөтбүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х.Ганболд, “Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсэд сүүлийн гурван жилд 10-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цахил гаан цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж байна. 2013 он гэхэд тус чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдэж дуусна” гэж ярьж байсан ч өнөөдөр бодит байдал ямар байгааг Хиагт, Улаан-Үд рүү “нүүдэллэдэг” монголчууд бүгд мэдэж байгаа.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд ч БНХАУ- аас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч гаалийн шалган нэвтрүүлэх талбайг хатуу хучилттай болгож, терминалийг нэмэгдүүлснээс өөр дорвитой зүйл бүтээн босгосонгүй. Урд, хойд худалдааны гол хоёр суваг дээрээ монголчууд багшралдаж, дараалал үүсгэж бухимдсан хэвээр л байна.

Бусад улсын хөгжлийн түүхээс харж байхад чөлөөт бүсийг анх худалдааг дэмжих зорилгоор л байгуулж эхэлсэн байдаг. Аль 1600-гаад оны үед Генуя, Венец, Марсельд ийм бүсийг байгуулж байжээ. 1973 оны Киотогийн тунхаглалд эдийн засгийн чөлөөт бүс гэдэг ойлголтыг тодорхойлж, бүс нутгийг хөгжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг болжээ. Энэ үүднээс нь авч үзвэл, манай улс стратегийн ач холбогдол бүхий хилийн боомтуудыг түшиглэн чөлөөт бүсээ байгуулахаар төлөвлөснийг буруутгах аргагүй. Тэгээд ч 2014 оны зургаадугаар сараас Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээж, байнгын горимд шилжүүлсэн нь нэг алхам гэж хэлж болно.

Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгөоруулагчдынзөвлөлийн дэд тэргүүн Ж.Жаргалсайхан, “Чөлөөт бүсийг хөгжүүлэх үзэл баримтлал болон бусад баримт бичигт үүнийг нэгд, улс орны эдийн засгийг нээлттэй хөгжүүлэхэд хэрэглэх зохион байгуулалтын шинэ хэлбэр, хоёрт, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг өөрийн орныэрх ашигтай зөв хослуулах арга зам гэж тодорхойлсон байдаг.

Гэтэл бид чөлөөт бүсийн энэхүү “амин сүнс”-ийг барьж авч чадаагүй нь алдаа болж байна” гэж нэг ярилцлагадаа дурдсан байсан. Үүнийгээ эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийн хөгжил нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засагтай холбогдох төвшин нь тодорхой бус, үндсэндээ “замын зураг”- гүй явж байгаагаар тайлбарлаж байлаа.

Цаашид худалдааны чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд Ази, Европыг холбосон чөлөөт бүсүүд эрх зүйн хувьд бие даасан хэлбэрт шилжих ёстой гэж мэргэжилтнүүд үздэг. Хэдийгээр дээр нэр дурдсан эдийнзасгийнчөлөөтбүсүүдийн эрх зүйн байдлын тухай хууль байдаг ч чөлөөт бүсийн концепц бүхий төрийн үйлчилгээ үзүүлдэг бүртгэл, гааль, татвар, хяналтын байгууллагын “эрх чөлөө”-г хангаж чадахгүй байна.

Алтанбулаг чөлөөт бүсэд гэхэд Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтын төрийн байгууллагынхан ажил үүрэг гүйцэтгэж байдаг. Тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахын тулд ААН-ийн бүртгэлтэй байхаас гадна чөлөөт бүсэд газар эзэмших гэрээ байгуулах шаардлагатай. Татвараа төлөхийн тулд чөлөөт бүс, Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогоо хэрхэн ялгаж салгах гэхчлэн ойлгомжгүй нөхцөл байдал ч цөөнгүй гардаг талаар компаниудын зарим төлөөлөл ярьдаг.

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд иймэрхүү хүндрэл бэрхшээл, ойлгомжгүй зүйл тохиолдож байхад гадаадын хөрөнгө оруулагчдад бүр ч хэцүү байх нь тодорхой. Үүний дээр улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг найд- вартай хамгаалах, гэрээний үүрэг хариуцлагыг чандлан мөрдөж, ягштал биелүүлэх зэрэг үндсэн нөхцөлүүдийг бий болгох нь чухал бололтой.

Ямартай ч сүүлийн 10-аад жилд 20-иод тэрбум төгрөгийг зөвхөн урсгал зардалдаа зарцуулсан чөлөөт бүсүүд энэ хэрийн үр ашиг өгч чадсангүй.

Д.Мөнхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих