Бүү март” УСК-ны нээлт өнөөдөр болно

1460684837571048253df5dАрдчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны  ажил, амьдарлын тухай өгүүлсэн “Бүү март” уран сайхны киноны нээлт өнөөдөр 18.00 цагаас “Хүннү молл”-д болох гэж байна.

Уг киноны ерөнхий найруулагч А.Мөнхсүх бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахдаа  ”Хүмүүн фильм ээлжит уран бүтээл болох “Бүү март” уран сайхны киногоороо үзэгч түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Манай кино уран бүтээлчид монгол хэв шинжит дүрийн тухай их ярьдаг. Хятад хүнийг багаар ажиллах чадвартай, герман хүн цаг сайн барьдаг,  япон хүнийг шударга хичээнгүй хэмээн ярьдаг. Үүнтэй адил монгол хүн ямар мөн чанартай вэ гэдэгт нэлээд эрэл хайгуул хийж судалсан. Монгол хүн уужуу сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, хүнд нөхцөлд асуудалд тайван ханддаг зан чанартай юм байна гэж тодорхойлсон.

Энэ зан чанар жирийн нөхцөлд биш хүнд, эгзэгтэй шийдвэр гаргахад илэрдэг. Энэ шинжийг харуулсан түүхэн үйл явдал 1990 оны ардчилсан хувьсгал байсан. Өнөөдрийн бидний байгаа энэ цагийг авчрах зоригтой, эгзэгтэй шийдвэр гаргасан Ж.Батмөнх гэж хүнийг бүү мартаасай хэмээн хүссэн учраас энэ киног бүтээлээ. Түүх бол давтагддаг зүйл. Тэгэхээр түүхээ судалж мэдээд эндээс сургамж аваасай гэдэг үүднээс хийсэн” гэсэн юм.

“Бүү март” уран сайхны кино түүхэн үйл явдлын нарийн мөрөөр орж, хуучин системийн сүүлчийн удирдагчийн түүхэн үнэнийг үзүүлэхийг зорьсон байна. Энэхүү киног архивын протокол дээр тулгуурлан зохиолыг нь бүтээсэн аж. “Бүү март” түүхэн уран сайхны киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн бол Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь компьютер графикаар бүтээсэн байна. Мөн ОХУ-д зураг авалт хийсэн аж. Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. “Бүү март” киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ.

Ц.Оюун


URL:

Сэтгэгдэл бичих