УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилна

DSC_7077УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы  өчигдөр оройн нэгдсэн хуралдаанаар “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг УИХ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын тогтоол баталсан.

Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.

Мөн уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, түүнчлэн Монгол УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан.

Иймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж оруулж иржээ. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрог байгуулж, УИХ-ын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог хавсралтаар батлахаар тусгасан байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад сонгуулийн зарим тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэрийг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзах хуулийн зарчмыг үл тоомсорлон сонгогчдын эрх ашгийг зөрчихөд хүргэсэн гэж үзэж буйгаа хэлээд энэ асуудлыг эргэн харах боломж олгохыг хүсэв.

Харин хуралдаан даргалагч сонгууль болохоос 45 хоногийн өмнө сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоосон байх хуулийн хугацаа дуусах гэж байгаа учраас тогтоолыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатайг сануулаад Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд нь шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтоохоор заасныг үндэслэн 18 цаг хүртэл завсарлага өгч буйгаа мэдэгдсэн юм.

Ингээд 18 цаг 13 минутаас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулав. Тус байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд тогтоолын хавсралттай холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон уг тогтоолын хавсралтыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 39 нь буюу 61.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм. Ингэснээр УИХ “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна.

Ингэхдээ,

  • - Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр – 1,
  • - Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр – 2,
  • - Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр – 3 мандаттай байхаар боллоо.

Нийслэлийн тойргуудын тухайд,

  • - Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох,
  • - Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,
  • - Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,
  • - Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай,
  • - Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байна.
  • Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих