Судлаач Д.Ганхуяг: БҮГДЭЭРЭЭ “САЯТАН” БОЛЦГООЁ…

Манай “яруу алдарт” УИХ 2011 оны улсын төсвийг батлав. Бэлэн мөнгө тараах юм гэнэ. Ер нь сүүлийн хорин жил инфляци, ядуурал өдөр болгон ярих боловч шийдэж чадахгүй байгаа. Төр засаг нь ирэх жил эмплиаац гэдгээ 20 хувь өсгөхөөр “төлөвлөж” байгаа энэ үед мөнгөний асуудлыг хальт хөндөе…
Уг нь төгрөг гээч валютыг тогтвортой байлгахыг хариуцаж Төв банк, улмаар Сангийн яам, төр засаг байдаг ухаантай. Тэд энэ ажлаа хийж огт чадахгүй, санаатайгаар нурааж байна.
Эхлээд Таны бараг “мартчихсан”, залуус бол огт мэдэхгүй зарим статистик сануулъя. Төгрөгийн худалдан авах чадварын хуучин үзүүлэлтүүд Танд их л сонин байх болов уу…

1989 оны өргөн хэрэглээний барааны үнэ
Бүтээгдэхүүний нэр төгрөг болон мөнгөөр
Гурил I зэрэг 1,6
Талх 1,2
Цагаан будаа кг 2,2
Хонины мах кг 7,5
Үхрийн мах кг 6,0
Сүү л 2,0
Цөцгийн тос кг 12,0
Элсэн чихэр кг 4,0
Ногоон цай 2 кг 10, 0
Төмс кг 2,0
Бөөрөнхий сонгино кг 3,4
Ургамлын тос л 9,0
Өндөг ш 0,5
Архи 0, 5 л 28,0
Янжуур ш 5,0
Эр ноосон цамц 155,0
Эм пальто 330,0
Эр гутал 168, 0
Эм туфли 160, 0
Охидын туфли 35,0
Эрээн даавуу м 4,0
Сууцны талбайн хөлс м2 1,5
Халаалт м2 3,0
Цэвэр ус сард 3,0
Цахилгаан сард 0,25
Чийдэнгийн шил 0,9
Угаалгын нунтаг 3,5
Пенициллин 4,0
Автобусны билет 0.5
Сонины улирлын захиалга 6,5
Сурагчийн дэвтэр 0,1
Хими цэвэрлэгээ 17,5

Энэ хүснэгтийг барьчихаад “мэдвэл зохих” насны нэлээд олон хүнийг “судлахад” бараг бүгдээрээ “санахгүй” байна лээ. Аргагүй биз дээ…
Социализмын төвлөрүүлэн тогтоосон энэ үнэ Улаанбаатар болон аль ч аймаг, сумдад ав адилхан байсан. Энэ нь нэг талаас, эдийн засгийн идэвхжлийг бууруулж, чөлөөт эдийн засгийн олон зүй тогтлыг зөрчиж байсан нь мэдээж. Нөгөө талаас нийгмийн тэгш байдал, амьжиргааны дундаж түвшинг хангаж чадаж байсны илэрхийлэл болно.

Үнийг хатуу тогтоодог социализм, чөлөөт эдийн засагтай капитализм хоёрыг шууд харьцуулж мэдээж болохгүй л дээ. Адаглаад л үнэ бүрдэх механизм нь тэс өөр. Гэхдээ ингэж жишиж үзэхэд амьдралын байдал, түвшин, нийгмийн ялгарал, үндэсний валютын чадвар зэрэг олон үзүүлэлт удаан хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг эрэгцүүлэн бодох маш өргөн боломж олгодог юм.
Тухайн үед хамгийн бага цалинтай үйлчлэгч 260 төгрөгийн цалин, оюутан курс, сурлагаасаа хамаараад 240-340 төгрөгийн стипенди, одоогийн мэргэжил сургалтын төвийн сурагчид иж бүрэн хувцас, 180 төгрөгийн стипенди авдаг байсан. Дундаж цалин 400-600 орчим төгрөгөөс эхэлнэ. Цаашаа ажилласан жилээсээ хамаараад бараг 800-1000 төгрөг давдаг байсан болов уу.
Энийг ч яахав, социализмын үеийн “баларсан хоцрогдсон” юм гээд “хаячихъя”. Тэгвэл ардчиллаас эхэлье. Банк хоёр шатат тогтолцоонд шилжиж, одоогийн шинэ мөнгөн дэвсгэртүүд гарав. 1000 төгрөг анх гарахдаа овоо мөнгө байж билээ. Цагаан сараар 1000 төгрөг бариад золгочихдог, мөн 2 хүн гайгүй хооллож болдог л байсан. Одоо бол “задгай мөнгө” болж. Удалгүй 5.000, 10.000-ын дэвсгэртүүд гарав. Тэр үедээ дажгүй л мөнгө байсан. Одоо бараг “нойлын цаас” л болж…
Саяхан 70.000 төгрөг тараахад эмплиаац 14 хувь өссөн бэлэн “сайхан” туршлага ч байна. Одоо бэлэн мөнгө тараавал эмплиаац гаарах нь гарцаагүй. Үүнийг “шийдвэрлэх” хялбар бөгөөд найдвартай “аргууд” олон байдаг…

Ухаандаа удахгүй манай “цэвэр ариун” Төв банкнаас 50.000, 100.000, 500.000 төгрөгийн дэвсгэртүүд шинээр хэвлэн гаргах болно.
Ингээд Та бид 10.000-аар бөгсөө арчиж, “шинэ том” мөнгөний төлөө үхэлдэн зүтгэх болно. Нэг бодлын сая төгрөг төлөөд хооллож байвал “сайхан” ч юм шиг. Наадмын хуушуураа ширхэгийг нь 100.000 төгрөгөөр авч “баярхавал” ч ёстой янзтай. Сонгуулиар бол яриа юу байхав, 50, 100 саяар нь амлах нь гарцаагүй…

Ингээд төр засгийнхаа “буянтай бодлого”-оор бүгдээрээ “саятан” болцгооё. Гэхдээ “төр засаг” чинь мөнгөгүй болчихсон шүү гэдгийг судлаачийн хувьд онцлон сануулж байна. Хувхай хоосон төр засаг эсвэл цаасан мөнгө хэвлэнэ, эсвэл мөнгө олох гэж баялаг, манай нөхцөлд ашигт малтмалаа барьцаалах хоёрхон аргатай үлддэг юм л даа…
Манайхан ямар банк манк тоох биш, банкнууд нь дампуурч л байдаг, идэж ууж л байдаг, банкирууд нь ээлжлээд шоронд орж л байдаг, бас гарч л байдаг. Чухам үүнээс чинь болоод бид олон жил дээрэмдүүлсээр ирсэн. Сүүлдээ бид чинь дээрэмдүүлж “сурчихаад” олон тэгтэй цаасны төлөө зүтгэдэг мангуу амьтад болон хувирч байна.
Энд төгрөгийн худалдан авах чадвар гэсэн хамгийн гол үзүүлэлт шалдаа бууж байна. Энэ ноцтой аюулт үзэгдлийг огт мэдэхгүй, тоохгүй, зүгээр сууж байгаад “аймаар их” бэлэн мөнгө олно гээд давхиад байхлаар “мөнгөний хий үзэгдэл” гэгч бий болдог юм. Шинжлэх ухааны нэр томъёо юм. Өрсөлдөх чадвар мэтийн гэсэн бусад олон үзүүлэлт ч “өнгөрсөн хорвоо” болсон ш дээ…

Удахгүй банкны салбар бужигнана гэдгийг би хангалттай сануулсан. Банк бужигнавал, эдийн засаг сүйрдэг, улмаар төр улс дампуурдаг. Харин энэ бол эдийн засгийн биш, улс төрийн асуудал юм…
Энийг ярихаар л хоёр талаасаа “хатуу шүүмжлэлд” өртдөг ихээхэн зовлон буй. Нэг дэх нь “ард түмэн”. Тэдний олонхи яг одоо “саятан” болох гээд “тоо бодож” байхад “үймүүллээ”, чаддаг юм бол “чи өөрөө мөнгө өг” гэж загнах бол баталгаатай. Хоёр дахь нь “эдийн засагчид”. Тэдний олонхи дээрэмчдийн “өмгөөлөгч” болдог бөгөөд энд тэндхийн “онол” “туршлага” ярьж, “үй түмэн тоо” хэлж толгой эргүүлэхээс гадна намайг “буруутгах” гэж дайрах нь бас л баталгаатай…
Монгол банкнаас мөнгө хулгайлчихлаа гэж баримтаар бичихэд төр засаг нь огт шалгахгүй, “шалгах” ч чадавхи байхгүй юм билээ. Ингээд жорлон шиг шүүх нь Монгол банк, түүний Ерөнхийлөгчийн нэр төрийг “гутаасан” гэж эрүүгийн хуулиар “хүн гүтгэсэн” гэж ял оноох жишээний…

Харин одоо бол би Монгол банкны нэр төр гэгч нь баас гэдгийг бүрэн нотолж чадна. “Цэвэр ариун” нэр төрөө хамгаалах юм байгаа биз…
Уг нь “бэлэн” 21.000 төгрөгөөр барьцаалсан урьдчилгаа амлалтыг ямар их үнэ цэнээр авах гэж байгаагаа 2012 оны сонгуулиас өмнө ойлгочихвол Танд л тустай юмсан. Тун удахгүй амьдрал өөрөө “ойлгуулаад” өгнө биз дээ. Харин дараа нь хэлсэнгүй, сануулсангүй гэх мэт асуудал огт байхгүй шүү…

Та бидний саятан, тэрбумтан болох хоосон мөрөөдлийг “хошгирч” байгаад “хулхидуулна” гэдэг болцон ш дээ…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих