ЮНЕСКО УЦС барихыг Монгол Улсад зөвшөөрсөнгүй

Озеро Байкал

Олон жил “дуншсан” Эгийн голын Усан цахилгаан станцын төсөл ингээд нэг мөр дуусч байх шиг байна. Усан цахилгаан станцад олон давуу тал байдаг ч бас сул талууд бий. УЦС барьснаар голын усны урсгал багасч, түүнийгээ дагаад олон сөрөг үр дагавар гарч болдог байна. Эгийн гол Сэлэнгэ мөрөнтэй нийлдэг, Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг. Тиймээс Эгийн голын УЦС Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн ОХУ манай энэ төслийг ихэд эсэргүүцэж буй.

ОХУ-ын эсэргүүцэл, улстөрчдийн шүүмжлэлийн улмаас олон жил гацсан Эгийн голын УЦС-ын асуудал Орос, Монгол гэсэн хоёр орны хүрээнээс хальж ЮНЕСКО-д очсон. Тэгвэл ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуурыг хамгаалахаар шийдэж, Монгол Улсыг Эгийн голд УЦС барихыг зөвшөөрөөгүй шийдвэрээ эргэн харсангүй. Анхнаасаа татгалзсан шийдвэр гаргаад байсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооныхон өмнөх шийдвэрээ өөрчилсөнгүй. Хэдийгээр Эгийн голын УЦС Сэлэнгэ мөрний урсгалыг зарим талаар багасгах ч энэ нь Байгаль нуурт аюул учруулахгүй гэх тооцоо судалгаа бий ч өнгөрсөн өдрүүдэд Стамбулд болсон ЮНЕСКО-гийн хурлын үеэр Монгол Улсыг Эгийн голд УЦС барихыг дэмжсэнгүй.

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны энэ хурал дээр Монгол Улсыг Эгийн голд УЦС барих асуудлыг Турк Улс ихэд дэмжиж оролцсон тухай мэдээлэл байна. Тиймээс хэдий ялагдсан ч Турк Улсад баярлалаа гэх нь зөв байх. Хамгийн сүүлд Бурхан Халдунаа Дэлхийн өвийн санд бүртгүүлж, гаднынхан битгий хэл Монголын төр засаг ч гар хүрч сүйтгэж чадахааргүй болсноо тэмдэглэж явсан Монгол Улс ЮНЕСКО-гоос дандаа “ганзага дүүрэн” ирдэг байсан. Харин энэ удаад “татгалзсан хариу” сонслоо. Тиймээс энэ хариу их хүнд тусч байна.

Ямартай ч, бүхэл бүтэн тусгаар тогтносон, бие даасан улс байж нийслэл хотынх нь төвд цахилгаан тасардаг, өдөр бүр шахуу цахилгааны хязгаарлалт хийдэг, борчуудын гэх тодотголтой хотын захын гэр хорооллын иргэдийнхээ цахилгааныг тасалж байгаад баячуудын гэх тодотголтой газруудаа цахилгаантай байлгадаг Монгол Улс Эгийн голын УЦС-аас өөр гарц хайх хэрэгтэй болж байх шиг байна. ОХУ-аас цахилгаан эрчим хүчний хараат Монгол Улс өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дийлэхээ больсон нь үнэн бөгөөд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч цахилгааныхаа асуудлыг шийдэхгүйгээр амжилтад хүрсэн орон гэж үгүй.

Нөгөө талаас Тавантолгойн байгалийн хийн ордуудыг ашиглах, Улаанбаатар уруу хий дамжуулах хоолой барих зэрэг томоохон төслүүдээ урагшлуулах шаардлага тулгарч байна. Монгол Улсын хувьд Японы Засгийн газраар дамжуулан тус улсын томоохон компаниудтай хамтарч говьд Нарны эрчим хүчний том төв байгуулахаар гэрээ болон бусад тохиролцоогоо хийгээд явж байгаа. Мөн өмнө нь ярилцаж байсанчлан хүссэн хүсээгүй ч ОХУ-аар нэг жижиг Атомын цахилгаан станц бариулах л шаардлага тулгараад байх шиг.

Төгс

Ugluu-logo202


URL:

Сэтгэгдэл бичих