Хямралыг гэтлэхэд Хятад улс тусална
Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Хятад улс туслалцаа үзүүлэхээр болов. Тус улсын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшан Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн юм.
Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа өнөө үед хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулан давуу талуудаа ашиглах замаар үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай байгаа. Тийм боломж, нөхцөл ч хоёр талд бий. Энэ үүднээс хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах талаар Засгийн газрын түвшинд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах нь чухал” гэлээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл тусламж авах, свот гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улс эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ үед найрсаг харилцаатай БНХАУ- тай хамтран ажиллах шаардлага тулгарч буй. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг УИХ дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Дашрамд дурдахад, Монгол, Орос, Хятадын гурван талт дээд хэмжээний уулзалтыг ирэх оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ уламжилсан юм. Энэхүү уулзалт өмнө нь гурван удаа зохиогдсон бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын уулзалтаар Эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурж байв.
Б.Тогтох
Засгийн газрын мэдээ
URL:













