Утаа гамшгийн бус ЭМГЭНЭЛИЙН хэмжээнд хүрлээ, дарга нар аа

olloo_mn_1410915156_utaaУлаанбаатарын утаа хэзээ арилах вэ гэсэн асуултад хэн хариулж чадах вэ Одоохондоо Монголд ганц л хүн энэ асуултад оновчтой бөгөөд зөв хариулах байх. Тэр бол жүжигчин Б.Ариунболд. Тэрбээр хошин шогийн нэгэн үзүүлбэртээ “Улаанбаатарын утаа зун болохоор арилна” гээд итгэл дүүрэн хэлээд зогсож байсан. Үнэхээр нийслэлийн утааг хэдэн тэрбум төгрөг цацаад ч, утаагүй зуух, түлш тараагаад ч, хэчнээн “Цэвэр агаар” сан байгуулаад багасгаж дөнгөхгүй байна. Одоо нийслэлийн иргэдийн өвчин бүрийн гол шалтгаан утаа болж, эм, тарианд дийлдэхгүй бүхний буруутан агаарын бохирдол болоод байна.

Нийслэлийн агаарт агуулагдаж байгаа РМ 2.5 тоосонцор болох хорт тоосны хэмжээ ДЭМБ-ын стандартаас 2-7 дахин их байгааг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт мэргэжлийн байгууллагууд тодорхойлов. Энэ тоосонцор нь иргэдийн дундаж наслалтыг багасгахаас гадна уушгины хавдрын 36, цус харвалтын 34, зүрхний шигдээсийн 27 хувийн шалтгаан болж байгааг онцлов. 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болон урагт агаарын бохирдол сөргөөр нөлөөлж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг ч зарлав. Гэтэл төрийн томчууд, удирдах албан тушаалтнууд таг чиг л сууна. Ирэх сургаар нь цэвэрлэгээ хийж, өвчтнүүдээ цэгцэлсэн хэдэн эмнэлгээр саатаад гарахдаа салбарын сайд нь “Байдал хүнд байна. Байж болох бүх арга хэмжээг авч байна” гэхээс өөр олигтой үг унагасангүй.

Ядаж л “Бага насны хүүхдүүдэд агаарын бохирдлыг маш сайн шүүдэг амны хаалт зүүлгэ” гээд хэлчихэж чадсангүй.

Иймээс бид агаарын бохирдол иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг дахин сурвалжиллаа.

2016.12.19-ний 11:00 цагийн үед “Гурван гал” эмнэлгийг зорив. Өнгөрсөн долоо хоногт бид улсын эмнэлгүүдийн хүүхдийн тасаг болон эмнэлгийн ачааллыг сурвалжилж байсан билээ. Харин улсын эмголгийн хэт ачаалал эгнээ, дарааллыг гүйцэхгүй эцэг, эхчүүд хувийн эмнэлгүүдийг бараадаж байгаа. Тиймээс хүүхдийн ханиад, томуу тэдгээрт нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох агаарын бохирдлыг иргэд юу гэж үзэж байгаа болон нөхцөл байдал ямар байгааг мэдэхээр хувийн эмнэлгийг зорьсон юм. Эмнэлгийн хаалга нээхэд л үүднээсээ эхлээд 10 гаруй хүүхэд эмчийн үзлэгээ хүлээн, энд тэнд эзж, аавынхаа дэргэд уйлагнан, зовиурлан сууж байлаа. Цааш явж эмчилгээний өрөө руу харвал 2-5 нас орчим дөрөв, таван хүүхэд дусал залгуулан уйлж суув. Харин үзлэгийн өрөөний гадна хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд хүлээн зогсох аж. Эмнэлгийн хаалгаар ороход л хүүхдийн ханиад, өвчлөл их байгаа нь “Гурван гал” эмнэлгийг хүүхдийн эмнэлэг шиг харагдуулж байгаагаас илт байлаа. Ингээд зарим эцэг, эхээс эмнэлгийг зорих болсон шалтгааныг acvvж тодруулснaa хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн Д.ОТГОНТУЯА

-Би гурван хүүхдээ үзүүлэхээр ирээд байна. Хүүхдүүд маань маш өндөр буюу 39 хэм халуурч эхлэхэд нь Баянзүрх дүүргийнхээ эмнэлэгт үзүүлсэн. Тэндээс “хатгалгаа биш, вирусийн төрлийн өндөр халууралтай ханиад байна” гээд эм бичиж өгсөн ч эмчилгээ нь таараагүй. Тийм болохоор энд ирж эмчилгээ аваад байж байна. Вирусийн гаралтай энэ ханиадны онцлог нь хүүхдийг маш өндөр халууруулдаг, шингэний дутагдалд оруулдаг, антибиотикийн төрөлд муу дарагддаг юм байна. Гадуур, сургууль цэцэрлэгт ханиад их байна, нэг ангийн 45 хүүхдийн 20 гаруй нь ханиадтай байна гэдэг жижиг асуудал биш. Манай хүүхэд хичээлдээ явахгүй, эмчилгээ хийлгүүлээд 10 хонож байна. Ханиад, томууны гол шалтгаан нь ерөөсөө утаа, агаарын бохирдол болчихжээ. Хүүхэд хүртэл “Ээжээ энэ юу вэ, манан юм уу” гэж асуутал утаатай байна. Энэ утаанд хүүхдийн уушги яаж тэсэх ю, агаарын бохирдлын талаар туупггай арга хэмжээ авахгүй бол бидний хойч, ирээдүй уушгигүй болох аюул ирчихжээ. Бага зэрэг ханиад хүрээд л шууд уушги руугаа орж хатгалгаа болж байна. Агаарын бохирдлын талаар авч буй ажлуудад 130 гаруй тэрбум төгрөг зарцуулсныг хараад гайхаж байна. Миний бодлоор тавдугаар ДЦС-ийг байгуулаад айлуудыг дулааны сүлжээгээр хангачихвал агаарын бохирдолгүй болох боломжтой. Нэг айлыг дулааны шугаманд холбоход таваас найман сая төгрөг болдог юм билээ. Айл өрхүүдийг дулаанд зээлээр ч холбож болно шүү дээ. Утаагүй түлш, сайжруулсан зуух тараагаад үр дүнд хүрэхгүй. Манайх сайжруулсан зуух хэрэглэдэг. Утаа яг л гардаг хэмжээгээрээ бусад зуухтай адил гардаг. Өндөр хөгжилтэй орнууд хүртэл угаа гаргадаггүй зуух гэж гаргаагүй л байна. Ард түмнийхээ толгойг “угааж” байгаа зүйл юм шиг санагддаг. Иргэд энэ зүйл дээр нэгдэж, дуу хоолойгоо Засгийн Газарт хүргэх хэрэгтэй.

Баянгол дүүргийн иргэн Б.СОСОРБУРАМ

-Манай хүүхэд гурван сартай, тархины даралттай, толгой нь хөлрөөд байгаа болохоор ирж үзүүлж байна. Улсын эмнэлэгт үзүүлэхээр ачаалал ихтэй тиймээс хувийн эмнэлэгт үзүүлж байгаа юм. Өвөл утаа ихтэй, цэвэр агааргүй болохоор хүүхдийн даралтад нөлөөлж байна. Агаарын бохирдол их учраас хүүхдээ гадаа салхинд гаргах боломжгүй. Хааяа цонхоо онгойлгохоос өөр агаар, салхи үзэж чадахгүй болжээ.

Харин “Гурван гал” эмнэлгийн хүүхдийн эмчээс тодруулга авах гэж цаг гаруй хүлээгээд чадсангүй. Цаг, минутаар дараалласан эцэг, эхчүүд, зав, чөлөөгүй ажлаа хийсэн эмч нар байсан юм. Харин албаны хүнээс тодруулахад “Аравдугаар сараас хойш таваас доош насны хүүхдүүдийн дунд ханиад их байгаа. Саяхныг хүртэл нэг эмч үзлэг хийдэг байсан бол одоо хоёр эмч нийлээд өдөрт 60-70 хүүхдийг үзэж байна. Ханиад нь хатгаа болчихоод байгаа хүүхэд гам  сайн барих хэрэгтэй байдаг ч агаарын бохирдол, вирустэй орчинд хүүхдийн ханиад сайн дарагдаж өгөхгүй, буцаж сэдрээд байгаа” гэсэн юм.

Улсын эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй хувийн эмнэлгийн нэг удаагийн үзлэг 35 мянган төгрөг, эмчилгээ хийлгүүлэхэд багадаа 150 мянган төгрөг болдог. Тэгвэл өрх бүрийн амьдрал хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх хангалттай, боломжийн биш. Ганц биш бүр хоёр, гурван хүүхэд өвдөнө гэдэг амар зүйл биш гэж эцэг, эхчүүд ярьж байлаа.

Том хүнтэй харьцуулахад хүүхэд хоёр дахин хурдан амьсгалдаг. Өглөө, оройдоо хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүн амьсгал авах гэж “тэмцдэг” болсон нийслэлийн утаа бидний мэдлээс гараад багагүй хугацаа үдчихжээ. Зайсан, Баянгол, Олимп, Нүхт газруудад утаа хэр байгааг би сонирхсонгүй. Утаатай байх нь байгаа л байх гэвч Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг гэх мэтчлэн гэр хороолол эзэлчихсэн газруудтай харьцуулахад утаа, угаар ярих нь юу л бол. Манай улс утаатай тэмцээд 132.5 тэрбум төгрөгийг аль хэдийнэ зарцуулчихжээ. Гэсэн хздий ч “Утаанбаатар” суунагласаар, сүүмийлзсээр л ард иргэд угаартсаар, хордсоор л явна. Дэлхийд жилд 3.3 сая хүн агаарын бохирдлын нөлөөгөөр амиа алддаг байна. 2050 онд дэлхийн агаарын бохирдол энэ байдлаараа байвал энэ үзүүлэлт хоёр дахин өсөх гэнэ. Тэгвэл манай улс шиг гурван сая гаруй хүн амтай, өргөн уудам энэ нутагт агаарын бохирдлоос болж иргэд амиа алдаж эхэлвэл түүнийг л жинхэнэ эмгэнэл гэх байх. Харамсалтай нь энэ байдал манай улсын хаалганы дэргэд ирчихээд байгааг та дээрх иргэдийн ярианаас анзаарсан байх. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд аж төрж байна. Энэ нь ойролцоогоор 190 гаруй мянган айл өрх амьдарч байгаа гэсэн үг юм. Агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хороолол, 10 хувийг автомашин, зургаан хувийг дулааны цахилгаан станцууд, үлдсэн хувь нь хөрснөөс дэгдэж байгаа тоос шороо эзэлж байгаа.

Нийслэлд шилжин суурьшиж байгаа хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь дөрвөн жилийн дотор 2.6 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь мөн л агаарын бохирдлын бас нэгэн гол эх үүсвэр болчихоод байгааг Нийслэлийн Замын Цагдаагийн Газраас мэдэгдэж байсан. Тэгэхээр агаарын бохирдол аль хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрчихээд байгааг дэлхий ч тэр, дарга нар ч тэр баталчихаад байгаа тоо баримт бидэнд хангалттай. Харин одоо утаа хэр их биш яаж бидэнд нөлөөлж байгааг мэдэх хэрэгтэй байна. Ямартаа ч энэ жил улсаас хэдий хэмжээний төсвийг агаарын бохирдлыг багасгахад төсөвлөсөн болон ямар, ямар арга хэмжээг авахаар болсныг албаны хүнээс тодрууснаа хүргэе.

Агаарын бохирдлыг буууруулах албаны дарга М.ДЭЛГЭРЭХ

-Агаарын бохирдол нь Улаанбаатарт арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд илүүтэй болдог үүнийг жилийн дунджаар тооцдог. Тиймээс одоо агаарын бохирдол ийм байна гэж харьцуулах боломжгүй. Харин халаалтын улирал дуусахаар тухайн жилийнхээ дүгнэлтийг гаргадаг. Нийслэлийн хувьд 2012 онд агаарын бохирдол хамгийн оргил цэгтээ хүрч байсан. Түүнээс хойш тодорхой хэмжээнд буурсан ч байх ёстой хэмжээнээсээ зайлшгүй их гарч байгаа. Жил бүр хөдөө, орон нутгаас шилжин, суурыниж байгаа 35-40 мянган хүний шилжилт хөдөлгөөн агаарын бохирдолд нөлөөлж байгаа томоохон асуудлын нэг болоод байна. Хоёрдугаарт машины тоо маш хурдацтай нэмэгдэж байгаа. Дэлхийн улсын дийлэнх хотууд тодорхой хугацааг автомашинд заасан байдаг. Он хуучин машин утаа, торгог хаях нь их. Тийм машинуудад эрх зүйн зохицуулалт ерөнхийдөө алга. Манайд автомашинууд үзлэгт орсон болчихоод байгаа тал бий.

Тодорхой стандартуудыг шинэчлэхгүй бол агаарын бохирдол буурахгүй гэдгийг нотолж байна. Нийслэл дангаараа агаарын бохирдлыг бууруулахад гурван тэрбум 150 сая төгрөгийг төсөвлөсөн. Эко буюу байгальд ээлтэй гэсэн чиглэлийг цаашдаа барьж ажиллана. Шинэ багийн хувьд эко байдлаар Нийслэлийн Засаг Даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан уриа, үндсэн чиглэлээ дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор донор байгууллагуудыг аль болохоор агаарын, хөрсний, орчны бохирдолтой тэмщхэд түлхүү оролцуулах чигпэл барьж ажиллана. Агаарын бохирдлыг бууруулахад тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүнийг үр дүнгүй болсон гэж хэлж болохгүй гэсэн юм.

Тэгвэл та бүхэнд агаарын бохирдолтой холбоотой иргэдийн сэтгэгдлийг хүргэе. Зуух байгаа цагт утаа хэзээ ч арилахгүй

Баянгол дүүргийн иргэн И.БАЯРЦЭЦЭГ

-Эдийн засаг хямралтай энэ үед нэг машин нүүрс 200-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тараасан сайжруулсан зуухыг тэтгэврийн насны хөгшчүүл болон амьдралын боломж муутай иргэд түлэх горимынх нь дагуу түлж чадахгүй байгаа. Хэдэн шуудай нүүрсээрээ цог гаргаад илч нь буурахын өмнө дугуй, гутал гээд түлж болохоор бүх л зүйлийг түлж байна. Тиймээс зуухнаас салаагүй цагт Монголын утаа арилахгүй гэж боддог. Гэр хорооллыг нүүлгээд дахин төлөвлөлтөөр өртөг бага, дулаан залуучуудын, ахмадуудын байр гэх мэтчилэн тусдаа хороолол болгоод бариад өгчихвөл утаа аяндаа алга болно шүү дээ. Айл бүр гал түлэхээ зогсооход л утаа арилна. Сайжруулсан зуухыг тарааснаараа агаарын бохирдол хэзээ ч буурахгүй. Жирэмсэн хүн, нялх хүүхэдтэй хүмүүс өвлийн цагт Улаанбаатарт амьдрахад хэцүү болжээ. Боломжтой, бололцоотой нь агаар салхинд гараад явчихдаг бол боломжгүй хэд нь угаар амьсгалаад байж байна. Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй орон утаандаа угаартаад, амьдарч байгаа нь эмгэнэлтэй.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР ОЙЛГОЛТ АЛГА
Сүхбаатар дүүргийн ХШ-р хорооллын оршин суугч Л.ОЮУНГЭРЭЛ

-ХIII-р хороололд агаарын бохирдол харьцангуй бага. Харин өнгөрсөн долоо хоногт хорооллын Наран руу ээж, аавынх руугаа явсан юм.

Найман цагийн үед замын хажуу тал, урд талын машин болон замын хажууд яваа хүн харагдахгүй байсан. Нам дор газруудаар утаа илүү тогтож, арай өндөрлөг газруудаар гайгүй байх шиг байна. Автобуснаас буухад л хоолой хорсож, амаа битүүлж явахгүй л бол амьсгалахад хэцүү болжээ. Наран орчихоод буцаад ажилдаа ирэхэд ажлын өрөө тэр аяараа угаар болж байсан. Үнэнийг хэлэхэд агаарын бохирдлыг бууруулах талаар би мэддэггүй, ойлгодоггүй. Төсөв баталлаа л гэдэг яг ямар бодитой зүйл хийж байгааг нь сайн мэдэхгүй байна. Гэр хорооллоор агаарын бохирдол үнэхээр их байна. Жуков хэсгээр хүртэл орой ажлаасаа гараад л амаа таглахгүй бол хамар шархираад л хоолой хорсож, нулимс гоожих хэмжээний утаатай байгаа. Ганцхан буудлын наана, цаана л иймэрхүү байдалтай байна. Х-р хорооллоос цааш явчихаад ирэхэд гэрээс нүүрсний өмхий үнэр үнэртээд байдаг.

УТАА БАГАСАХ БИШ ИХЭСЧ БАЙНА
Баянзүрх дүүргийн иргэн Л.ОТГОНБАЯР
-Би Шар хадны эцэст амьдардаг. Тэр хавиар утаа маш их, мөн нүүрс борлуулах олон цэг байдгаас болоод орчны бохирдол өндөр байдаг. Ам, хамраа битүүлж явахгүй бол амьсгалахад ч хэцүү байна. Арваннэгдүгээр сарын хүйтрэлээс хойш агаарын бохирдол ихэссэн. Утааг бууруулах талаар их л ярих юм. Гэхдээ утаа буурах биш ихсээд байх юм. Учрыг нь сайн ойлгохгүй байна. Би сүүлийн үед бамбайны өвчтэй болсон. Утаанаас уу, эсвэл өөрийн маань сэтгэл санаатай холбоотой юу мэдэхгүй. Гэхдээ бамбайны өвчтэй болохоор хэл өнгөртөх, хоолой хорсох гээд утааг илүү мэдэрдэг юм байна.

MACK ЗҮҮХ ШААРДЛАГАТАЙ БОДСОН БАЙНА

Баянзүрх дүүргийн иргэн Б.ТҮМЭНБАЯР

-Би Кино үйлдвэрт амьдардаг. Өглөө оройдоо утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна.

Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс маск зүүхгүй бол болохгүй болчихож. Хүний биед маш хортой утаа ялгарч байгаа. Хувцас, үс гээд бүхий л зүйлээс утаа үнэртэж байна. Хүний наслалтад хүртэл нөлөөлөхөөр болжээ. Манайд боловсруулаагүй нүүрс хэрэпгэж байгаа учраас агаарын бохирдол өндөр хэмжээнд байх нь аргагүй. Цахилгаан эрчим хүчийг гэр хорооллын айлуудад хямдхан эсвэл хэд дахин бууруулж өгч болдоггүй юм болов уу, цахилгаан эрчим хүчээ өвөлдөө хямд үнээр авчихдаг болвол агаарын бохирдол буурна шүү дээ гэлээ.

Агаарын бохирдолд аргаа барсан иргэд ийн ярьж байна. Зарим эцэг, эх нийлж, жагсаал зохион байгуулж, шийдюр гаргагчдад “Агаарын бохирдлыг бууруулах ямар нэг зүйл хий” гэх бичиг өргөн барина хэмээж байна. Уггаа бол төр жолоодож буй түшээдийн хэнээр ч хэлүүлэлтгүй хийх ёстой үүрэг нь баймаар. Өнгөрсөн жилийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бол энэ жилийн утаа эмгэнэлийн хэмжээнд ирснийг эмнэлгүүдийн нөхцөл байдлаас харж болно.

 

 

Ц.ОТГОНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.