З.Энхболдын алдааг залруулах М.Энхболдын айлчлал

dofoie

“Стэнд бай” хөтөлбөр Монголд буудаллахтай зэрэгцэн ам.доллартай олны санаа сэтгэл хоёрдож, тогтворгүй болсон нь бас л сонин үзэгдэл. Саяхан л ам.долларын өсөлтөд найдаж, ханшийн зөрүүнээсээ халаасаа түнтийлгэсэн тэд “Стэнд бай” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн ам.долларын ханш унана гэдэгт эмзэглэж буй. Тэр дундаа нэр бүхий УИХ-ын гишүүн “Ирэх сарын 10 гэхэд гэрээ хөтөлбөр батлагдаж, Олон улсын валютын сангийн мөнгө хоёрдугаар сарын 10 хавьцаа ороод ирнэ байх” гэсэн ярилцлага өгсөн нь яах аргагүй эдийн засгийн идэвхтэй хэсгийг багагүй сандаргав.

Дээр нь, Монголд бага хүүтэй, урт хугацааны зээл өгөхөө амласан улс орны төрийн тэргүүнүүдийн амлалт Олон улсын валютын сангийн ээлтэй хариуг хүлээж байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэр дундаа, Японы Засгийн газар “Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгээ ил шулуун мэдэгдчихсэн байгаа.

Иймд энэ сарын сүүлээр Японыг зорих УИХ-ын дарга М.Энхболдын айлчлал тодорхой нэг хариулттай очих хэрэгтэй болчихсон гэж болно. Тэр нь, дээр бичсэнчлэн “Олон улсын валютын сангийн хөтөлбөр Монголд хэрэгжих эцсийн шийдвэрт хүрсэн” гэдэг өгүүлбэр. Хэрэв энэ үгийг итгэл төгс хэлж чадвал тэрбээр хоёр тэрбум ам.долларын зээлийн хүсэлтээ бүтээх боломжтой болно. Цаашлаад хоёр орны стратегийн түншлэлийн дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирч чадна.

Япон Улсын тухайд монголчууд эх оронд нь үндэснийх нь спорт болсон сумогийн дэвжээг эзэгнэж байгаагаараа бахархдаг бол тус улс Монгол Улсад 1990 оноос хойш нийтдээ 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгож, эдийн засгийн сайн түнш байж чадснаараа илүүрхдэг. Харин манай тал үе, үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын айлчлалын үеэр “Хамгийн том хандивлагч” гэдэг гоё сайхан үгээр магтаалын үг урсгадаг ч харилцан тохиролцсон зарчимдаа үнэнч байсан нь тун чиг ховор.

Гэхдээ энэ үл итгэх, үл хүндлэх харилцаа нь зөвхөн Япон төдийгүй бусад улс орон, хөрөнгө оруулагчдад ч адил үйлчилсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Арга ядахдаа Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Т.Шимизү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ “Монгол Улс энэ хугацаанд хөгжих боломж байсан. Энэ боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллабал Монголын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ” гэдэг зөвлөмж өгсөн байх жишээний.

Тэр ч бүү хэл “Монголчуудад хандаж хэлэх миний захиас” хэмээх сүүлийн нийтлэлдээ “Монгол Улсын нэрээр гэрээ байгуулчихаад түүнийхээ зүйл заалтыг хэрэгжүүлдэггүй, үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэний дараа гэрээний нөхцөлийг өөрчилдөг учраас гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилдог, зайлсхийдэг. Гэрээ байгуулсан л бол түүнийгээ заавал дагаж мөрдөх учиртай. “Pacta sunt servanda” буюу “гэрээ заавал биелэгдэх ёстой” гэх утга бүхий зарчмыг грекчүүд эртнээс хэрэглэж ирсэн. Гэрээ өөрчлөхийг шаардах боломжтой боловч өөрчлөхийн өмнө гэрээний агуулгыг дур мэдэн зөрчих нь “Амлалтаа биелүүлдэггүй улс” гэх ойлголтыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын дунд төрүүлж, улмаар улс орны аюулгүй байдал, олон улсын тавцан дахь байр суурь, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй” хэмээн бичсэн нь бий. Хэдийгээр тэрбээр энэ захиасаа Япон Улсын байр суурь биш гэж тодотгосон ч Монголд зарчим алдагдсан гэдгийг хаа хаанаа ойлгодог болсныг давхар сануулсан гэдэгтэй маргах аргагүй.

Ийн “Стэнд бай” хөтөлбөрөөс эхэлсэн нийтлэл Элчин сайд асан Т.Шимизүгийн нийтлэл рүү халдварлахын учир нь эргээд УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийх айлчлалтай холбоотой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд тэрбээр ОХУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко УИХ-ын дарга М.Энхболдод хандаж “Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгөө олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь, үр дүн бага байна. Би танд нэг зүйлийг аминчлэн хэлье. Манай Засгийн газар, яам, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой” хэмээн зөвлөсөн.

Элчин сайд Т.Шимизүгийн үг сэрдхийлгээд өнгөрсөн байхад араас нь залгаад хойд хөршөөс ийм үг сонсоно гэдэг нэг их хүсэх зүйл биш. Гэхдээ энэ нь М.Энхболд гэдэг хувь хүнд бус Монгол төрийн бодлого, үе үеийн алдаа дутагдлыг ил тод хэлсэн сайн түншийн сэтгэл зовинол байхыг үгүйсгэх аргагүй, сайнаар бодвол. Тус орноос мордож Кувейт Улсад айлчлахад нь хүртэл “Кувейтийн сан”-гийн захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер Ч “Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд бид 12 сая ам.доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар, Хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал тавиад байна” гэдгийг онцолсон. Энд “Шийдэгдэхгүй удааширсаар” гэдэг үгийг мөн онцлох хэрэгтэй. Иймд УИХ-ын дарга М.Энхболдын өмнө Монгол төрийн алдааг залруулах үүргийг хөрөнгө оруулагчид ч, бусад улс орны удирдлагууд ч дэлгэн тавьж байгаа нь энэ.

Иймд энд УИХ-ын сонгуулийн өмнө Япон, Монголын харилцаанд сэв нэмсэн, хөрөнгө оруулагч талын итгэлийг хугалсан нэг үйл явдлыг зүй ёсоор дурдах хэрэгтэй. Энэ нь УИХ-ын дарга асан З.Энхболд Япон Улсад өнгөрсөн оны зургаадугаар сарын 5-нд айлчлал хийж, Чингис хаан онгоцны буудалд буухтайгаа зэрэгцэн хийсэн хэвлэлийн бага хурал. Энэ үеэр тэрбээр “Япон Улсад дадлагажигч хүчин гаргах асуудал манай улсад урт удаан хугацаанд үр дүнгээ өгөхөөр тааламжтай байдлаар шийдэгдлээ. Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс шаардлагатай боловсон хүчнээ тодорхой хугацаанд түүнд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой боллоо. Япон Улс руу дадлагажигч ажиллах хүчин гаргах ажлыг Хөдөлмөрийн яамны зүгээс яаралтай байдлаар хангаж ажиллана” гэсэн юм. Улмаар Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан өөрийн нэр дэвшсэн Чингэлтэй дүүргийн иргэдийг дадлагажигч ажиллах хүчний бүртгэлд хамруулж, дуулиан дэгдээсэн. Харин үүнд нь Японы Элчин сайдын яамнаас “Сүүлийн үед Япон Улсад дадлагажигч гаргах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цөөнгүй мэдээлэл гарах боллоо. Ингэхдээ 10 мянга, 100 мянган дадлагажигч илгээнэ, өндөр цалинтай ажиллуулна хэмээн дурдсан байна. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яаманд иргэдийн зүгээс санал хүсэлт, асуулт тогтмол ирсээр байна. одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна. Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичиг нь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм” гэдэг тайлбар хийсэн.

Энэ бол Японы талыг гайхршуулсан топ гэмээр улс төрийн ашиг хонжоо хайсан, хэтэрхий увайгүй мэдэгдэл болсон. Үүнтэй зэрэгцээд Тавантолгойн орд газарт олборлолт хийх эрх авсан “Сумитомо” компанийг хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулахаар ирсэн өглөө нь тендерийг нь буцааж нутаг буцаасан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг эрх барьж байх үед японууд хийсвэр ам яриагаар бус бүр ажил хэргийн түншлэлийн хүрээнд олон удаа хулхидуулсан гэсэн үг. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Т.Шимизүгийн монголчуудад хандан сэтгэлийн үгээ бичих болсон нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

Товчхондоо энэ нөхцөл байдлыг залруулах цаашлаад Олон улсын валютын сантай хамт Японоос санхүүгийн тусламж авахын тулд УИХ-ын дарга М.Энхболд тус улсыг зорих үүрэг хүлээсэн гэсэн үг. Гол нь тэрхүү залруулга нь амжилттай ажил хэрэг болж, хүсэлт нь богц дүүрэн ирэх үү гэдэг нь дараагийн асуудал.

Ямартай ч ОХУ, Арабын нэгдсэн Эмират, Саудын араб, Кувейтэд хийсэн айлчлалуудын үр дүнд “Засгийн газрын төвшинд зээл тусламжийн асуудлыг нааштайгаар шийднэ” гэдэг өгүүлбэр сонссон нь түүний өмнөх айлчлалын онолт. Харин төгсгөлд нь, айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа хүн бүртээ Япон Улсын ёс дэгийг хүндэтгэж, уламжлалыг нь эрхэмлэх үүрэг даалгаврыг эх нутагтаа захиж, дайхыг ерөөе. Гивлүүртэй ертөнцийн дэг эвдсэн дэггүйхэн дурсамж саяхных учраас төгсгөлд нь ийн онцоллоо. Төр нь зүггүй, төлөөлөл нь дэггүй байж болохгүй учраас тэр ээ.

Г.Отгонжаргал

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.