Монгол ямаа “моодонд” орсон нь

Хятад иргэд ямаанд дайн зарлав уу гэлтэй тонн тонноор нь, машин машинаар нь ямааны мах худалдан авч байна. Нийслэлийг тойрсон махны том том зоориудыг түрээслэж зоорь олдохгүй болохоор байшин барилгын хонгилыг ч голохгүй ямааны махаар дүүргэжээ. Ямар учраас хятад иргэд ямааны маханд ийнхүү “хайр” зарлав. Хятад иргэдийн гэнэтийн энэ наймаа олны анхаарлыг татаад зогсохгүй цагдаа, тагнуулынхны ч овоо хараанд өртжээ. Хятадууд ямааны мах ихээр худалдаж авч нөөцлөх ямар шалтгаан байна вэ. Учрыг хөөгөөд үзэхээр манай хүнсний захад ямааны мах ховордож, эрэлт ихэсч үнэ нь тэнгэрт хадсан байх юм. Юуны учир хятад иргэд ямааны махыг бөөн бөөнөөр худалдан авч, махны зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхийг оролдоодбайгаа юм бол. Нэг хэсэг ноолуурын үнийг тэнгэрт “хадааж” малчдын халаасыг түнтийлгэсэн хятад иргэд мал аж ахуйд эзлэх ямааны хувь хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж сүргийн бүтцийг эвдсэнээ ухаарч, алдаагаа засахаар ямааны тоо толгойг их хэмжээгээр хороож байж болох. Эсвэл тэд бидний өвлийн идшээ ид бэлтгэдэг, махны үнэ хямдардаг цагхугацаагсонгож махны хомсдол хиймлээр бий болгоно. Мах ховордоод ирэхээр үнэ өснө. Үнэ өсөхөөр халаас нимгэн монголчууд өвлийн идшээ нөөцөлжчадахгүй. Ингээд хавар эрэлт ихсэхээр нөөцөлсөн махаа өндөр үнэ хүргэж зарах гэсэн дотор ухаан гаргаж байгаа гэж ч хардаж болохоор байна.

Гэтэл энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 12000 тонн мах нөөцлөөд байна. Үүн дээр хувийн компаниуд 3400 тонн мах нэмж нөөцлөхөөр болсон. Тэгэхээр ирэх хавар 15400 тонн нөөцийн махан дээр нэмээд хятад иргэдийн нөөц-өлсөн махыгхудалдаанд гаргахаар нийслэлийн иргэд махны хомсдолд өртөхгүй нь тодорхой. Харин ч махны нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурах учиртай байх. Харин хятад иргэд ямааны махыг урагш нь гаргахаар нөөцөлж байх магадлал буй. Учир нь, Монгол Улс БНХАУ-ын хооронд адууны мах экспортлох гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд энэ дагуу 114 мянган тонн адууны мах БНХАУ руу экспортлоод байгаа аж. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 2-ны  өдөр  ХХААХҮЯ  болон БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын дөрөв дэх зөвлөлдөх уулзалтаар салаа туурайтан малын хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох асуудлыг хоёр тал урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод байгаа юм. Салаа туурайтан гэдэгт ямаа багтана. Зөвхөн хятад иргэд гэлтгүй Азийнхан ямааны маханд нугасгүй. Энэ утгаараа Вьетнам, Тайландууд манайхаас ямааны мах им-портлох хүсэлт гаргаж, үүнийг манайх ёсоор болгосон.

Хэрвээ БНХАУ манайхаас ямааны мах импортлохоор болбол манай улс Азийн гурван оронд ямааны мах экспортолдог болно гэсэн үг. Үүнийг мэдсэн, мэдэрсэн өмнөд хөршийн наймаачид ийнхүү эртнээс ямаанд “хайр зарлаж” хөхөө өвлийн хүйтэн гэлтгүй хөр цасан дундуур ямааны мах нөөцлөхөөр улайрч байгаа бололтой. Хэрвээ энэ үнэн бол малчдын дунд ямаа дахин моодонд орох нь. Нэг хэсэг ноолуурынхаа хүчээр од болсон ямаа одоо Азийн ард түмэнд таашаагдах болсон махныхаа амт чанараар анхаарал татах болсон нь малчдын хувьд сайн мэдээ. Тэртээ тэргүй сүргийн бүтцэд эзлэх хувь хэмжээ нь ихэсч, малын бэлчээр сүйтгээд байгаа ямааг цөөлөх боломж байна. Мөн малчдын халаасанд орох мөнгөний хэмжээ ч нэмэгдэх юм. Харин үүний үр дүнд нийслэлийн иргэдийн дийлэнхийг бүрдүүлдэг дундаж буюу түүнээс доогуур амьдралтай иргэдэд хүндээр тусч байх шиг байна.

Азийн зах зээлд монгол ямааны мах хүч түрж орж явчихвал ч малчдын магнай тэнийж, тоолдог хэдэн бор төгрөг нь нэмэгдэх нь лавтай. Гэхдээ монгол малын махыг экспортод гаргах субьект нь хэн байх вэ. Хэн нэгэн гаднын наймаачин орж ирээд малчдаас махыг нь төгрөгөөр аваад гадагш нь валютаар зараад байж болох уу. Одоогийн нөхцөл байдлаас харахад яг ийм дүр зураг үүсээд байна. Ерөөсөө малаас гардаг бүхий л түүхий эдийг хятад иргэд худалдан авч энэ төрлийн бизнесийг атгаж байдаг нь нууц биш. Одоо тэд махны бизнесийг атгаж эхэллээ. Ямааны махыг үнэ цохин худалдан авч, их хэмжээгээр нөөцөлж байна. Он гараад хоёр улсын хооронд салаа туурайтан амьтдын мах, махан бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулснаар ямааны махыг бүр ч ихээр худалдаж авах нь зайлшгүй. Тэр үед монгол ямааны мах “магнаг” болж бидний хоолны цэснээс ямааны мах хасагдах юм байна лдаа.

Х.Түвшинтөгс


URL:

Сэтгэгдэл бичих