ЗӨӨГЧ ЗӨВЛӨХТЭЙ УЛСТӨРЧ ЧАНАРТАЙ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ УУ

olloo_mn_1495161629_Untitled-3“Амьд явахад их юм үзэх нь ээ, хүүхээ” хэмээн арга нь тасарсан хүнтэй нэг бус удаа таарч байлаа. Өдгөө би ч мөн тэдний адил арга тасарч сууна. УИХ-ын гишүүдэд зөвлөх  мэдлэг боловсролтой хүн олдохоо больсон юмдаг уу даа. Тиймээс  аргаа барж ядахдаа цай зөөгчөөс тусламж хүсч, зөвлөхөөрөө томилсон хэрэг хөөрхий.

Эсвэл бичиг үсэгт тайлагдаагүй нөхөр орж ирчихээд өөрийн зиндааны бүсгүйгээр УИХ-ын тамгын газраас ирсэн бичиг цаасыг дуудуулж суудаг юм болов уу. Бас нэг хувилбар байна.  Саарал ордон дахь УИХ-ын гишүүний өрөө хэн нэгэн даргын хүү, охины ажилтай болтлоо толгой хорогддог газар нь болсон хэрэг үү.

Өөр нэг хэлэх зүйл гэвэл  царай зүс сайтай зөвлөхтэй УИХ-ын гишүүн хууль сайн боловсруулдаг юм болов уу.  Тэгвэл ч эрэгтэй туслах, зөвлөхтэй нөхдүүдийн гараас сайн хууль гарахгүй бололтой. Үнэнийг хэлэхэд,  УИХ-ын зөвлөхийн орон тоо бол  арын хаалгаар орж ирсэн шахааны нөхрийг ажилтай байлгах гэсэн  санаа.   Үнэхээр хэн нэгэн хүнээс зөвлөгөө авах шаардлага тулгардаг юм бол салбартаа үнэлэгдсэн, төрийн албаны туршлагатай, ачааны хүндийг үүрэх чадвар бүхий хүнийг сонгон шалгаруулж авахад яагаад болохгүй гэж.  Цай зөөж гүйх годгоносон охин төр түшилцэж яваа хүнд юугаа зөвлөх юм.

Гэхдээ нэг зүйлийг бид бодох ёстой.  Монгол төрийн үнэлэмж цай зөөгчийн хэмжээнд очитлоо  шалдаа буусныг  тэнгэрт суудлаа зассан цай зөөгчийн томилгоо  харууллаа.  Энэ юутай харамсалтай зүйл вэ. Ийм ахархан бодолтой төрийн түшээ бодлого боловсруулж, төр түшилцэхээр эгэл жирийн бид өрх дотор болж буй асуудлаа шийдэж чадахгүй мунгинах нь юу ч биш юм байна.    Саяхныг хүртэл ганзагын наймаа хийж мөнгөтэй болсон хэсэг нөхөд УИХ-д суудал авч хэсэг бужигнуулсан. Азаар тэдний ихэнх нь социализмын үед ЗХУ болон ах дүү соц орнуудад   дээд боловсрол эзэмшсэний   дээр төрийн албанд нухлуулж сурсан улс байв.  Тэдний орыг залган гарч ирж байгаа түшээдийнх нь байж байгааг харахаар бухимдаж үхэх шахах юм. Тэдний заримыг улстөрч гэж хэлэхэд ч хайран санагдах нь бий, заримдаа.  Өнөөдөр хэлснээсээ маргааш буцаад л. Салхи хаашаа тэр зүгт өнхөрч явдаг хамхуул шиг нөхдүүд олон байна.  Нэр бүхий хэд хэдэн гишүүн ямар хуулийн төсөл санаачилж байгаагаа ч мэдэхгүй хэсэг   бужигнуулаад авлаа. Гэхдээ ард түмэн сонгосон юм хойно, яалтай.   Эдүгээ цагийн төрийн түшээдийн ихэнх нь 30-40 насны залуучууд. Хамгийн залуу нь 28-тай гэж дуулдсан.

Дөч хүрээгүй эр дөрөө дарсан ат гэдэг дээ.  Өөрийн алхаа гишгээг ч хянаж чадахгүй дэрдэгнэж давхих түшээд эхнээсээ сонгогчиддоо гологдоод эхэлжээ.  Тэд  үнэндээ сайн  эцэг, эхийн буян, нэр нөлөөгөөр  өндөр  боловсрол олж авчихаад түүндээ эрдэж давхиад байгаа юм. Төрд зүтгэх хэмжээнд хүртлээ  төрийн тогоонд чанагдана гэдэг  залуучуудын  төсөөлж байгаагаас  тэс ондоо зүйл.

Дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн насыг сонирхож байхад  Монгол Улсын УИХ шиг залуучуудаар дүүрсэн нь алга. Ихэнх нь 55-аас дээш насныхан байх юм. Дээд танхимын тухайд 70-аас дээш насныхан зонхилох нь бий.  УИХ-д  шинээр сонгогдсон 76 гишүүний 10 орчим хувь  нь  төрийн шалгуурт тэнцэнэ. Бусдынх нь хувьд  улс төрийн нам  бараадан түүнийгээ албан тушаал ахих шат гэж ойлгосон даргын цүнх барьж гүйгч долдойнууд. Мөн тэдний хэд нь  хугацаат цэргийн албанд мордон эх орноо батлан хамгаалсан юм.

Магадгүй зарим нь төрийн алба гэдгийг аймгийнхаа  Засаг даргын тамгын газраар  төсөөлж явсан байж ч мэднэ.  Чухамдаа тамгын газар бол төрийн үйлчилгээний анхан шатны  байгууллага. Тиймээс хожмын өдөр төрд зүтгэе гэж бодож байгаа залуучууд анхан шатны нэгж болох хорооноос ажил амьдралынхаа гарааг  эхлэх ёстой санагдана.   Ядах нь ээ,  цай зөөгчөөр цай зөөлгөх учиртай гэдгийг мэддэг нөхдүүдэд саналаа өгцгөөе, сонгогчид оо.  Ар өврийн хаалга, мөнгө төгрөгтэй  бол төрийг ч захын хүн  худалдаж авч болохын эхний алхам ийм маягаар тавигдаж  байгаа юм биш биз.  Төрд үнэлэмж гэж байх ёстой санагдана.

Монголын мэдээ
Ч.Чулуун


URL:

Сэтгэгдэл бичих