УИХ-ын гишүүдээр СОНИН САЙХАН

20160927101910-20160126091152-e01127Амралт зугаалгын улирал таарч, Төрийн ордон эл хуль байна. Гэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ажлаа аваад удаагүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүдийн ихэнх нь амралтаа аваад эзгүй байгаа бол зарим нь амралтаа ч аваагүй ажиллаж байгааг ажлын албаныхан нь хэлж байна.

Тухайлбал, Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийг зорьсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт Дорнод аймгаас өчигдөр иржээ. Тэрбээр Дорнодын хилийн анги заставуудад ажиллаж, Хилийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан байна. Мөн салбарынхантайгаа ч уулзалт хийж амжжээ.

Амралгүй ажиллаж байгаа гишүүний тоог УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмлээ. Орхон аймгаас сонгогдсон тэрбээр энэ зун тойрогтоо хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн байна. Одоо дахин тойрогтоо ажиллахаар явах гэж байгаа гэнэ. Энэ удаад О.Баасанхүү гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тойргийнхоо иргэдийн санал бодлыг сонсохоор болжээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд тойрогтоо ажиллахаас гадна гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр манай улсад албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиматай албан ёсны уулзалт хийжээ. Мөн тойрогтоо ажиллаж, гамшигт өртсөн өрхүүд болон нас барсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламж үзүүлсэн аж. Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр их хэмжээний бороо орсоны улмаас СХД-т үер болж, гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд завгүй өдрүүд үргэлжлэв. Учир нь өнгөрсөн сард ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав. Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нартай албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан СХД-д дүүрэгт баригдаж буй Бөхийн ордны барилгын ажлын явцтай танилцаж байгаа тухайгаа мэдээлсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт баригдаж буй шинэ цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж байгаагаа лайв хийн мэдээлжээ.

Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбат фэйсбүүкээрээ дараах мэдээллийг өгсөн байна.

Тодруулбал, “Энэ зун хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.Эрдэнэмандал сум- 150 хүүхдийн цэцэрлэг барихаар ажлыг эхлүүлж шав тавилаа. Өлзийт сум – Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын нээлтийг хийж ажил эхлээд явж байна. Хайрхан суманд хүүхдийн цэцэрлэгт дотоод засварын ажил эхлүүлсэн бөгөөд намар гэхэд хүүхдүүд маань илүү тухтай эрүүл орчинд суралцаж хүмүүжинэ. Цэцэрлэг сум- Соёлын төвийг шинэчлэн барихаар ажлын үе шаттай эхлүүлээд байна. Батцэнгэл сумын дунд сургуульд томоохон засварын ажил эхлүүлээд байна” гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймагт амарч байна. Тэрбээр амрахынхаа хажуугаар тойргынхоо иргэдтэй уулзалт хийснээ өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан мэдээлжээ. Мөн “Төрийн тахилгат Хан Хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолд оролцсон байна. Энэ тухайгаа тэрбээр Төрийн тахилгат Хан Хөхий хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол Увс аймгийн Өндөрхангай суманд болж өндөрлөлөө. Иргэд өргөнөөр оролцож, өөртөө болон гэр бүлдээ урт нас болон эрүүл энхийг, байгаль дэлхийдээ урин хавар, дэлгэр зун, налгар намар, өнтэй өвлийг хүсэж байлаа” гэжээ.

Б.Анир

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.