Газрын хэвлийг экскаватораар ухаж, баялагийг нь ачиж зөөхийг уул уурхайн хөгжил гэдэггүй!!!

12068

2017 он гарсаар ӨМӨЗО-ны Ордост уул уурхайн 200 компанийн үйл ажиллагааг зогсоолоо…
1990-ээд оноос Хятад улс уул уурхайг нээн ашиглаж эхэлсэн юм. Тэр цагаас цөлжилт эрчимтэй явагдан Бээжин, Шанхай зэрэг хотуудыг жилд 7-9 удаа элсэн шуурга дайрах болсноор өдгөө Хятадын эрх баригчид уул уурхайн бодлогоо эргэн харж, байгаль орчны нөхөн сэргээлтийг өндөржүүлэх, шинэ хууль дүрэм гарган хэрэгжүүлсээр байгаа билээ. Зөвхөн 2017 онд Ордост 200 компанийн үйл ажиллагааг зогсоосон бол, 2012-2017 он хүртэл бүх Хятад даяар шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй жижиг, том нийт 200,000 ордыг хаасан байна.
Ийнхүү тус улс уул уурхайн салбарт төрөөс баримталж буй бодлогоо асар ихээр чангатгаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад тавих шаардлага шалгуураа өндөржүүлэхийн зэрэгцээ хэрэв тухайн компани, ААН төрөөс баримталж буй шалгуурт тэнцэхгүй бол ЛИЦЕНЗИЙГ НЬ ХУРААН АВЧ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ НЬ ХААДАГ хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн юм.
Улмаар 21-р зуунд Хятад улс “Костюм өмссөн зэрлэгүүд байхаа больё”, газар доорх баялгийг нь авсан ч, газрын дээр нь орчин үеийн хамгийн шилдэг бүтээн байгуулалтуудыг хийж, хүн зонд нь ээлтэй, аятай таатай амьдрах орчныг бүрдүүлж өгч байж бид энэ зуунд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо нэр хүнд, сүр хүчийг гадаад улсад харуулах юм байна” гэдгийг ойлгожээ.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир: Хэдийгээр би хилийн гадна ажиллаж амьдардаг ч Монгол ахан дүүс минь байгалийн баялгаа дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шилдэг технологиор, зохистой олборлож, хүн ард нь баялгийн хуваарилалтаасаа тэгш хүртээсэй. Энэ салбарын үйл ажиллагаа нь байгаль дэлхий, хүн ард, мал амьтанд ээлтэй хүмүүнлэг байдлаар үргэлжлээсэй гэж хүсдэгийн учир энэхүү тэмдэглэлийг бичиж байна.
Тэгвэл Монгол ахан дүүс минь ээ! Говийн аймгууд, Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгын нутаг гэх Баянхонгор аймаг Монгол улсын хилийн дотор хамаардаг хэвээр биз дээ? Яагаад энэ нутагт амьдардаг малчид хариуцлагагүй уул уухайн нөлөөллөөс болж хүн малгүй хордож, өвчилж, мал нь ашиг шимгүй, хүн нь ундны усаа хүртэл худгаасаа алддаг болчихоо вэ? Нүүр, алт, зэс, уран, газрын тос, байгалийн хий гээд Монгол нутаг минь юутай баян, харин хүн ард нь юутай гаслантай ядруу амьдарна вэ?
Газар хөндөж, мод огтлохдоо ч байгаль ээждээ сүү өргөн залбирч мөргөдөг Монгол үндэстэн 21-р зуунд чононд сэглүүлсэн малын хэвлий шиг ухсан нүх, тунасан бохир, овоолсон хаягдалтайгаар шинэ цагийн Монголыг бүтээж буй нь туйлын харамсалтай!!!
Нэгэн тодорхой жишээ хэлэхэд МУ-д нүүрс олборлож буй компаниуд олборлолт, ачилт, тээвэрлэлтийн явцдаа 100 тонн тутамаас 1 тонн нүүрсээ хаяж, бүрэлгэж сүйтгэж байна. Гэтэл хариуцлагатай уул уурхай эрхлэгч компани “Зөвхөн энэхүү бүрэлгэн сүйтгэсэн хаягдлаар хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой” гэсэн тооцоо судалгаа гаргасан.
Түүчлэн: Эрдэнэтийн зэсийн үйлдвэр л гэхэд 700 сая/тонн үйлдвэрлэлийн хаягдалтай. Тэрхүү хаягдлын 1 тонн тутамд Зэс 0,9 гр /Cu%/, Молбиден 0.4 гр /Mo%/ үзүүлэлттэйгээр агуулагдаж буй шинжилгээний дүн гарсан байдаг. Ингэж баялагаа бүрэн ашиглах биш, бүрэлгэн хаяж гээж болох уу? Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн явцад асар хортой хүхэр ялгардаг. Гэтэл түүнийг хэрхэн хоргүйжүүлдэг вэ?
Наашлаад говийн аймгуудаар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд нүүрсний уурхай ажиллуулдаг МАК, Чинхуа Мак, Говийн элс, Өсөх зоос, Өмнийн говийн элс, Хурд групп зэрэг компаниуд, мөн Өмнөговь аймгийн Цогт цэций сумын Таван толгойд олборлолт явуулдаг ААН-үүд байгаль орчинд ээлтэй технологийг ашиглаж байна уу?
Харамсалтай нь үгүй!!! Эм Си Эс-ийн Ухаа худгийн орд дээр нүүрс угаах үйлдвэр бий. Гэтэл гүний ус ашигладаг. Яагаад Орхон голоос хоолойгоор ус татаж дөнгөхгүй, газрын гүний усыг ашигладаг юм бэ? Үйлдвэрээсээ гаргадаг үнс хаягдлаа хээр тал дээр овоолж орхидог.
Ажнай, Орон нутгийн таван толгой, 4-р ам, 5-р ам, 8-р ам, Жижиг таван толгой, Том таван толгой аль нь ч адил, алгын чинээ газарт ч нөхөн сэргээлт хийгээгүй. Тухайн ордоо нээн ашиглах ТЭЗҮ гаргаагүй. Ийм байдлаар Монгол улс уул уурхайн салбараа цааш авч явбал мөдхөн ард олноороо үгүйрэн сүйрэхийн цондон юм. Монголчууд уул уухайн баялгаа заавал нээн ашиглаж, ард нийтээрээ эрх орныхоо хишгийг хүртэх нь зүйн хэрэг.
Гэхдээ хэрхэн яаж, зүй зохистой ашиглах вэ?
Мэдээж гарц, сайн жишээ олон бий. Дэлхий нийтэд уул уурхайн салбарт тэргүүлэгч 40 компани байна. Тэдгээрээс Монголчуудын хамгийн сайн мэддэг Рио Тинто компани ч тэр дунд багтдаг юм. Энэ компани өнөөдөр Оюу толгойд дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч, гагцхүү Монголын эрх мэдэлтнүүд ард олондоо ашиггүй, зөвхөн цөөн хэдэн хүн өөрсдөдөө ашигтай гэрээ хийснээр тус компани Монголчуудад муучлагдахын үндэс болсон юм. Энэ жишээ нь надад, “Монголд ямар ч сайн төсөл боловсруулаад очсон авилга өгөхгүй л бол ажил бүтдэггүй хэцүү улс” хэмээн хэлсэн танилын минь үг үнэний ортойг мэдрэхэд хүргэсэн.
Иймд Монгол орны байгалийн баялаг нь бүх ард түмний өмч мөн гэж хуульчилсан улс л юм бол 30 гаруйхан гэр бүлийн өвөг дээдэс тэдэнд зориулан, Монголын тал нутагт эрдэнэс нууж орхиогүйг санацгаан Дэлхийн стандартад нийцсэн дээрх 40 компаниас урьж, тендертээ оролцуулан, нөхөн сэргээлтийг хамгийн орчин үеийн шилдэг технологиор хийж гүйцэтгэх чадалтай, олборлолт, ашиглалт, нөхөн сэргээлтийн ТЭЗҮ-ээ бүрэн боловсруулсан, хариуцлагатай компаниудтай хамтран ажиллах нь ээлтэй билээ.
Ингэхийн тулд МУ дотооддоо УУЛ УУРХАЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГОО эргэн харж, шалгуур үзүүлэлтээ өндөрсгөн, хариуцлагын тогтолцоогоо сайжруулж, хяналтын систем, нэгдсэн стандарттай болж энэ салбараа цэгцлэхгүй бол ухсан нүх, унасан хүн мал, хордож сүйдсэн газар нутаг, газрын гүндээ усгүй, ангасан говь, цөлжилтийн их түйрэнд тийчилж хоцрох цаг ирсэн нь илт байна.
Дахин хэлье! Газрын доорх баялгийг нээн ашиглана гэдэг нь экскаватораар ухаад, баялгаа түүхийгээр нь ачиж зөөн, ашиг олохыг хэлдэггүй юм.
Тэрхүү баялагаа хэрхэн НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЖ олон улсад арилжих вэ? гэдэгт ч давхар анхаарах нь зүйтэй.
Хүрэн нүүрсийг цахилгаан болгоё, бензин болгоё. Кокосжсон нүүрсийг угаая, кокс үйлдвэрлэе, энэ технологи дэлхий дахинд эрчимтэй хөгжсөөр байна. Төмрийн хүдэр, кокосжсон нүүрсийг нийлүүлж хайлгаад төмөр үйлдвэрлэх боломжтой. Ийм үйлдвэрүүдийг барьж байгуулснаар ажилгүйдэл ядуурлыг бууруулж, Монголчууд гадагшаа ажиллах хүчээ гаргах биш эх орондоо эзэн сууж, харин ч гаднаас хүн хүч авч ажиллуулах бүрэн боломжтой. Ингэж ажиллаж байж Монгол ахан дүүс минь хүн шиг амьдарч, улс нь улс шиг хөгжиж чадах юм.
Өнөөдөр тус салбарт үйл ажиллагаа явуулж буй Монгол компаниуд ашгийнхаа ТЭЗҮ-ийг хамгийн түрүүнд гаргачихдаг, аль ч компанид энэ бичиг баримт бий. Гэтэл ард түмэндээ тустай, байгаль орчныг нөхөн сэргээх, мал амьтдыг хордуулахааргүй арга технологийг ашиглах ТЭЗҮ-ийг гаргадаггүй!!!
Ашиглалтын явцад хаанаас нь эхэлж хөрсөө хуулах, хаанаас нь эхэлж ухах ёстойгоо ч зөв тооцоолж чаддаггүй. Нөхөн сэргээлтээ ямар зохион байгуулалтаар хийх, хог хаягдлаа хаашаа хаях ямар ч бодлого байхгүй. Угаах үйлдвэрээс нь гарсан элдэв химийн бодистой хог хаягдал нь салхинд хийсэхээс гадна, бохир ус нь гол горхи, хүн малыг хордуулж байна. Малын ноос ноолуур нь ч бохирдож, уушги нь хордож байгаа олон жишээг та бүгд цахим талбараасаа хангалттай хардаг биз ээ.
Иймийн учир уул уурхайн баялгаа дотоодын компаниуд нь зүй зохистой ашиглаж чадахгүй, хүнийрхүү сэтгэлээр хандсаар байвал олон улсад тендер зарла!
Гадаадын компани атлаа усаа гаднаас татъя, байгаль орчинд ээлтэй шилдэг технологи ашиглая гэсэн ТЭЗҮ-ээ маш нарийн боловсруулсан хөрөнгө оруулагч байхад Монголын үндэсний компаниуд яагаад газар нутгаа чоно шиг сэглэн, сэтчиж хаяад байна вэ?
Тэд зөвхөн газрын хэвлийгээс баялагийг ухаж авчхаад, хэдэн халтар цаас болгож гадаадад очин далайн эрэг дээр амрахдаа бэлдэхээс бус энэ газарт ядарсан хүн ард, мал амьтад сөхөрч үлдэнэ гэдгийг ойлгодог уу?
Ордын эзэмшил нь танайх байж болно. Гэхдээ олборлолт, ашиглалтаа хүн мал, байгаль орчиндоо ээлтэй болгооч ээ!!!
Уран ашигласнаар Дорноговь, Сүхбаатар аймгуудад мал нь хээл хаяж, хүн ард нь дайжиж байна. Дорноговьд газрын тос олборлон нефтийг түүхийгээр нь Хятад руу гаргачхаад өөрсдөө гаднаас түлш худалдаж авсаар… Тэр газарт яагаад зам тавьдаггүй, хаа таарсан газраар нь хүнд даацын машин сүлжиж байдаг юм бэ?
Энэ бүхэнд Монголын төр хяналт тавих, шалгуураа өндөрсгөж цэгцлэх цаг болсон санагдана.
Сүүлийн 20-иод жилийн дотор Монголын уул уурхайн компаниуд олох ашгаа хангалттай олсон. Тэгвэл одоо хүн чанар гаргаад та бүхэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаа зэрэгцүүлэн, улс орондоо ашигтай үйл ажиллагаа явуул!!!
Энд салбарт ажиллаж байгаа компани, ААН-үүд БИД УЛСДАА ТАТВАРАА ТӨЛДӨГ гэж өөрсдийгөө өмгөөлөх л байх. Гэхдээ та нарын олсон ашиг, байгаль орчны сүйрэл, хүн малын эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөр болохгүй. Энэ асуудал ганц татвар төлснөөр цайрчихдаг ч эд биш. Та нарын оронд энгийн нэг малчин ардад уул уухайг нээн ашиглах зөвшөөрөл өгчихвөл та бүхнээс ч илүү, шударга үнэнчээр татвараа төлөөд ашиглах биз ээ. Иймд зөвхөн “Монгол улсдаа татвар төлдөг” гэх нэрийн дор дулдуйдаж, эх байгалиа бүрэлгэн сүйтгэх шаардлагагүй!!!
Эцэст нь хэлэхэд Монгол гэж эзэнтэй, тусгаар тогтносон улс юм бол 21-р зуунд хамгийн орчин үеийн техник технологиор, байгаль орчин, хүн ардад ээлтэй арга замаар уул уурхайн бизнесийг хөгжүүлэх асуудлыг одоо л цэгцлэн, өөрийн гэсэн хууль дүрэм, стандарт нөхцлөө тогтоон, бодлогоо гаргаж, дагаж мөрддөг болгож занших шаардлагатай.
Улмаар тэрхүү нөхцөлд хүрэх ТЭЗҮ боловсруулаагүй компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг Хятад улсын нэгэн адил хураан авч улсын мэдэлдээ шилжүүлээд, шалгуурт тэнцэх хүртэл эрхийг нь нээхгүй байх!!! Мөн өрсөлдөөний хуулиар олон улсад тэргүүлэгч УУЛ УУРХАЙН шилдэг 40 компанийг тендертээ урьж оролцуулдаг болох нь зүйтэй юм.
Иймээс Монгол улс уул уурхайгаа хариуцлагатай, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр, байгаль орчин, хүн ард, мал амьтандаа ээлтэйгээр нээн ашиглаж чадахгүй бол энэ цагийн бид газрын хэвлийгээ онгичоод яах юм. Маргаашийн ирээдүйд ухамсар нь төлөвших үрс хойчистоо үлдээцгээе!!!
2017-10-18
Шинху группийн Далайгаас

https://www.facebook.com/dalai.dalai.7982/posts/562993084031696

12070 12067 12069


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.