Ц.Батбаяр: Монгол Улс шударга, чухал царайлсан луйварчдаар дүүрчихээд байна шүү дээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа Ц.Батбаяр гишүүнээс дараахь яриаг авсан юм.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нэлээд маргаан дэгдээлээ. Гэхдээ та ганцаардаж байна лээ…

-Яахав дээ. Ганцаардаж л байг. Би ард түмний эсрэг зүйл яриагүй. Бүх хүн хэн нь юу ярьж байгааг ялгаж, салгаж ойлгож байгаа биз ээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бид зүгээр тавьчихаагүй юм. Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баялгийг ард түмэн тэгш хүртэх ёстой гэдэг үүднээс Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан. Манай Засгийн газар дандаа хүний хүнд талхыг нь барьж өгч байна шүү дээ. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ. Тиймээс энэ асуудлыг нэр бүхий гишүүд хөндсөн. Үүнээс улбаалан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг есөн гишүүн өргөн барьсан юм. Гэтэл үүнийг хуульд харшилна гэдэг шалтгаанаар хэлэлцэхгүй өдий хүргэлээ. Тэгтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байна. Уг нь хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын саналыг авах хэрэгтэй. Ийм шат дамжлагагүйгээр хуулийн төсөл оруулаад ирсэн нь утгагүй байна. Ямар хүнд нь хууль үйлчлээд, ямар нь хууль тайлбарлаад хариуцлагаас мултрах ёстой юм. Үүнийг л УИХ-ын даргаас асуулаа. Хууль хүн бүхэнд адил үйлчлэх ёстой.

Үүний тулд хуулийнхаа гаргалгааг зөв өнцгөөс нь хийгээч гэдгийг хэллээ. УИХ өөрөө хууль зөрчөөд байх юм бол жирийн иргэдэд ямар үлгэр үзүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн утга учир энд л байгаа юм.

Үнэндээ Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан есөн гишүүний амыг барих гэж энэ хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-ын тухай хуульд цоорхой байгааг гишүүд гаргаад ирсэн учраас даруйхан засч, Ерөнхий сайдыг хамгаалахын тулд хуульд даруйхан өөрчлөлт оруулж засах гэж байна Үүнийг л хурал дээр хэллээ. Тэгээд яахав дээ мэдээж энэ асуудал цаанаасаа өгсөн үүрэг даалгаврын дагуу явж байгаа учраас би ганцаараа яриад нэмэр байсангүй.

-Тэгэхээр УИХ хариуцлага хүлээх ёстой юу?

-Хуулиа биелүүлэхгүй бол хариуцлага хүлээх учиртай. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байсан учраас бид огцруулах бичиг өргөн барьсан. Түүнээс биш хоорондоо муудалцангуутаа галзуу солиотой юм шиг бичиг өгчихөөгүй шүү дээ.

-Гэхдээ та үнэхээр Ерөнхий сайд С.Батболдтой хувийн таарамжгүй харьцаатай учраас ингээд байдаг юм биш биз дээ?

-Юу гэж дээ. С.Батболд бид хоёрын хооронд ямар баланцаг нь байдаг юм. Бид хоорондоо нэг их уулзаад байдаггүй. Хувь, хувьсгалын аль ч асуудлаар сүртэй ярилцдаггүй. Гагцхүү түүний хийж байгаа ажлыг шүүмжилж, улс орны эрх ашгийн үүднээс асуудалд хандаж байна. Монгол Улс шударга, чухал царайлсан луйварчдаар дүүрчихээд байна шүү дээ.

-Тэр нь Ерөнхий сайд юм уу?

-Үнэхээр ард түмний өмнө шударга царайлж, их ажил амлаж байгаа бол түүнийгээ биелүүлэх ёстой. Манайд хариуцлагыг хаа хаанаа тооцож чаддаг байх хэрэгтэй. УИХ өөрөө гаргасан шийдвэрээ биелүүлж сур. Хариуцлага тооцож чаддаг бол гэдгийг УИХ-ын даргад хэллээ. Хамтарсан Засгийн кабинетаараа шийдвэр гаргадаг. Тэгтэл Ерөнхий сайд гадны компаниудтай нийлж мэдэгдэл гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн. Энэ асуудлыг ярьж байна шүү дээ. Ингэж ярилаа гээд намайг хаах боох асуудал намд байхгүй. Ерөнхий сайдын болохгүй, бүтэхгүй байгааг нь ярьж байгаа болохоос намд хийж байгаа ажлуудыг нь дэмждэг.

-Уг нь Ж.Сүхбаатар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг хуульд илүү тодорхой болгож өгөх юм биш үү. Үгүй юм уу?

-Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах бичгийг УИХ-ын хэдэн ч гишүүн өргөн барьж болох тухай заалт одоогийн хуульд угаасаа тодорхой байгаа. Гэтэл үүнийг баллуурдахын тулд энэ төслийг өргөн барьж байна. Үндсэндээ Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын 19 гишүүн өргөн барьсан тохиолдолд УИХ хэлэлцэхээр болгон өөрчлөх гэж байна шүү дээ. Энэ нь Засгийн газрыг огцруулахтай адил болно гэсэн үг. Ийм заалт хуульд байгаагүй л байхгүй юу. Одоогийн хуулиар бол Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэдэн ч гишүүн гаргаж болно. Харин Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын 19 гишүүн өргөн барих учиртай. Хуулийн ийм гаргалгааг олж хараад Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан есөн гишүүний зөв байж, тавьсан асуудал нь үндэслэлтэй юм байна гэдгийг одоо мэдчихээд хуулиа өөрчлөн, алдаагаа засч, Ерөнхий сайдаа хамгаалах гэж байна шүү дээ.

-Хуулийн төслийг сая дэмжчихлээ. Тэгэхээр хэлэлцээд явах нь ээ?

-Үүнийгээ гэрлийн хурдаар батална биз. Гэхдээ Э.Бат-Үүл гишүүн “Хэрэв энэ хуулийг баталлаа гэхэд ирэх оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдье” гэсэн санал гаргаж байна лээ.

-Тэгвэл та нарт ашигтай болох нь ээ?

-Харин тийм. Одоо байгаа хуулиар бидний өргөн барьсан асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой байгаа нь нотлогдож байна.

Я.Мөнгөнцэцэг

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих