Муурны хараал

16906

…..Энэ аймшигт явдал Ховд аймгийн Булган суманд далаад оны эхээр тохиожээ. Ховдын Булган сумыг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй биз ээ. Байтаг богдын 10 баатрын мөнхийн дурсгалтай, Х.Бадам баатрын хөшөөтэй, хүн ам олонтой, социализмын үед ногоон онгоц тусгай хуваариар тогтмол нислэг хийдэг байсан гээд яриад байвал барагдахгүй.

Бас Монголын Ташкент ч гэх. Намар жимс, ногоо нь дэлгэрэхээр жимс, жимсгэний орон болчихдогоос тэр биз. Сумын төвөөр минжит Булган гол урсах бөгөөд зөвхөн “модны инженер” ч биш, ондатр зэрэг амьтан, усны шувууд төрөл, зүйлээрээ цугладаг жинхэнэ жаргалын орон байсан ажгуу. Тэр цагт Ховдын Булганы нэр нүүр болж байсан нэгэн эр бас бий. Тэр бол Мюнхений олимпийн жүдо бөхийн 65 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн хэдий ч өнөө бидний маш сайн мэдэх болсон сэргээш гэдгийг монголчууд дотроос хамгийн түрүүнд хэрэглэсэн хүнээр тодорч, медаль, үнэмлэхээ хураалгаж явсан, хожмоо Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулсан Бахавайн Буядаа бөлгөө. Ингээд тоочоод явбал Ховдын Булганы түүх ундарна уу гэхээс бүдгэрэхгүй билээ.

Яг тэр цагт буюу 1970-аад оны эхээр тус нутагт Балдан гэх хүн цэрвэмээр хачин эр байжээ. Хүний санаанд оромгүй юм сэдэж, хийж явдаг болохоор хүн цэрвэмээр гэсэн хэрэг л дээ. Балдан эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдрах агаад нэгэн мууртай нийлээд ам бүл тавуулаа байжээ. Шар эрээн муур нь шарвалзаж явдаг ч хээрийн шар сүүлт хулгана хорооно уу гэхээс өөр хоргүй амьтан байсан гэдэг юм. Зүгээр л гэрт нь орогнодог төдий байсан юмдаг уу даа. Тэгж байтал нэг удаа Балдангийн ээж, аав хоёр ирж хоножээ. Аав, ээж нь ирсэн болохоор арга байж уу, баяр хөөр болж, шинэ шөл гарган гэр бүлийн бяцхан найр нийсэн байна. Тэр үед яагаад ч юм ээж нь “Танай энэ муур нүдэнд нэг л хүйтэн харагдах юм” гэжээ. Зүв зүгээр мөрөөр байсан муурыг эх нь ад үзэхийг хараад нэг их юм бодолгүй өнгөрчээ. Тэгсээр байгаад шөнө дөл болсон тул бүгд амарцгаажээ. Ид нойрон дундаа байтал эх нь гэнэт хашгиран харааж гарчээ. Цочоод гэрэл асааж лаа баривал, “Үхээрийн муу муур амьсгал бөглөж алах нь. Нүүрэн дээр хэвтдэг байна шүү, муу лүд чинь” гээд л босоод иржээ. Муур чухам яагаад зөвхөн эмгэнд халдсан нь сонин юм. Хааяа нялх хүүхдийн нүүрэн дээр хэвтээд амьсгааг нь бөглөөд алчихжээ гэсэн үг дуулддаг билээ. Тэгээд уурссан эмгэн бараг нойргүй хоножээ. Ер нь муу ёр гэж үзсэн бололтой. “Нааш явмааргүй санагдаад байсан юм. Аав чинь л явъя гээд болоогүй дээ. Түүнээс биш ийм муу ёрын юм руу юу боллоо гэж зүглэх вэ” гээд л үглээд байж. Арайхийж нарны бараа харсан эцэг, эх хоёр нь жаахан зан муутайхан шиг явцгаажээ.

Тэднийг яваад хэд хонож байтал гэнэтийн хэл ирсэн байна. “Ээжийн чинь бие тааруу байна. Хурдхан ир” гэжээ. Хэл хүргэж ирсэн хүнтэй дөрөө харшуулаад буучихжээ. Хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр байсан эх нь бүр нүднээс гарчихсан байж. Ямар ч өвчин туссан ийнхүү гэнэт муудах учиргүй билээ.Цай уунгаа юу болсныг асуужээ. “Танайд очиж хоносон өдрөөс хойш л ингэчихлээ. Өнөө муу ёрын муур чинь байна уу? Тэр лүд зүүдэнд үзэгдээд болдоггүй. Тэрхүү хөгийн амьтныг нүднээс зайлуулахгүй бол горьгүй байх. Би ч өнгөрөв бололтой. Хар аяндаа хоол, унд орохоо байлаа” гэсэн байна. Сум дундын эмнэлгийн туршлагатай эмч “Улаан хоолойн цүлхэн гэдэг өвчин байна. Ядрахаар тусдаг юм. Хавдар энэ тэр бол юу гэж ийм хурдан эхлэх вэ” гэсэн нь тэднийг бүр төөрөлдүүлж орхижээ. Ингээд баахан ядаргааны эм, тариа болсон хүн байжээ. Аргаа барсан аав нь сумандаа алдартай “Маажаа мэргэн” гэдэг хүнийг залахаар явжээ. Аав нь оройхон залсан хүнтэйгээ иржээ. Мэргэн хоол, цай болсны дараа үзээд “Эдгэшгүй өвчин тусчээ. Танай тэр муур сануулсан байна. Харин оройтжээ. Арыг нь сайн хийх л үлджээ” хэмээн ар гэрийнхэнд нь нууцхан лүндэн буулгаад оджээ. Үүнийг сонссон Балдан бараг ухаан солиортлоо уурласан амьтан морины хар хурдаар гэртээ ирсэн байна.

Мориноосоо бууж гэртээ ороод бараг үгийн солиогүй муураа асуужээ. Эхнэр нь “Ээ, мэдэхгүй. Энэ хавиар хулгана хөөж яваа биз. Чи түүгээр яахнав” хэмээсэн байна. “Яах нь чамд хамаагүй. Аль вэ, хүүхдүүд ээ. Муураа олоод, бариад ир” гэсэн аж. Хүүхдүүд нь хөөцөлдсөөр яваад Булган голын бургаснаас олоод аваад иржээ. Энэ хооронд Балдан бөөн төлөвлөгөө боловсруулан суусан нь мэдээж. “Муур алах муу гэдэг юм. Чухам яаж алдаг юм билээ? Яах юу байхав. Ер нь шуудайд хийгээд амыг нь боогоод Булган голд хаячихъя. Олох нэг нь олоод тэжээгээд авбал тэр биз. Хүн амьтан олохгүй бол Хятадын нутаг руу хил даваад арилна биз. Эргэж ирэхгүй нь лавтай” гэсэн шийд гаргажээ. Тэрийг ёсоор болгохын тулд аргалын нэгэн шуудай султгаад өнөө муураа орилуулан байж дотор нь хийгээд үүрээд гарчээ. Хүүхдүүд нь гайхахын дээдээр гайхаж, яах гэж байгааг нь асуувал “Энэ муу лүдээс болоод эмээ чинь үхдэгтээ тулаад байна. Үүнийг оронд нь золионд гаргахгүй бол болохгүй. Та нар наанаа байж бай” гээд оджээ. Балдан Булган голын нэгэн цүнхээлд очоод нэг сайн тамхилж аваад ер нь шуудайн дотор нь том чулуу хийгээд энэ цүнхээлд живүүлчихье гэж санаснаа яагаад ч юм гэнэт больжээ. Ингээд шуудайныхаа амыг адууны сүүлээр томсон уяагаар сайтар уяад ногооноор эргэлдсэн цүнхээл рүү шидчихжээ. Муур муухай орилоод, шуудай нь мушгиралдсаар яваад өгчээ. Ер нь эргэлтгүй маягтай урсан одсон ажээ.

Ажлаа амжуулсан Балдан амандаа дуу аялсаар нуруугаа үүрээд хүрээд ирсэн байна. Хөлс нь бурзайсан, их хэрэг бүтээсэн хүн цайгаа оочилж суужээ. Яг энэ мөчид хайрт ээж нь хорвоог орхиж байна чинээ хэн санах билээ. Оройхон хэрд хэл чимээ иржээ. Мөн л адган барин морины хар давхиагаар очиж ээжийгээ нутаглуулалцсан байна. Ээжийгээ нутаглуулж барьчихаад аав, дүү нартайгаа хоёр гурав хоночихоод гэртээ иржээ. Гэртээ иртэл юу болсон гэж санана. Шар эрээн муур нь орон дээр нь шарвалзаад хэвтэж байжээ. Юу болсныг нь сонирхвол “Таныг явсан шөнө л эргээд ирсэн ш дээ. Шөнө нойрон дунд муур дуугарах шиг болохоор гараад харсан чинь үүдэнд ирчихсэн байна лээ” гэжээ. “Энэ муу ёрын амьтан ээжийн минь толгойг залгичихаад ханалгүй хүрээд иржээ. Одоо хэний толгойг залгих гэж байгаа бол?” хэмээгээд шазуураа зуусан байна. Энэ бол ёстой сайны ёр биш байсныг хэн санах билээ. Маргаашийнх нь мандахын улаан нарнаар Балдан их л ажилтай юм шиг босоод гурилын илүү гамбанз, алх, хадаас аваад мөн л муураа тэврэн Булган голынхоо хөвөө рүү оджээ. Бас л хүүхдүүдээ хол байхыг сануулсан аж. Ингээд товлосон газраа ирээд тухлан суужээ.

Ёстой жинхэнэ нүд халтирам тамын ажлаа хийсэн байна. Муурынхаа ам, толгойг ногтлоод, дөрвөн хөлийг нь гамбанз дээр хадаад Булган голын урсгалыг дагуулан тавьсан байна. Тэр жинхэнэ эргэж ирэхгүйгээр урсан одсон аж. Хойноос нь хэсэг харж зогсоод гэртээ иржээ. Эхнэр нь нэлээд тавгүй угтжээ. “Чи ч ёстой нүгэл хийлээ дээ. Мөрөөр амьтныг алчихав уу?” гэжээ. “Үхсэн элэнцгийн чинь мөрөөр амьтан. Ээжийн минь хар толгойг залгичихаад байгааг харсангүй юу, чи” гэж ирээд баахан зандарчээ. Ингээд баахан хэрүүл болоод амарцгаасан аж. Тэр явдлаас хойш муур нь харин эргэж ирсэнгүй. Чухам хэрхэснийг хэн мэдэхэв. Ингээд ажин түжин амьдарч байтал гэнэт бага хүү нь үл танигдах өвчнөөр өвджээ. Эмч залахын завдал өгөлгүй хэт өндөр халуурч хэдэнтээ татаад насан өөд болсон байна. Бага хүүгээ гаргахчаан болж байтал том хүү нь элийрч балайраад иржээ.Эмч ирж, тодорхой онош тавиагүй ч авч явсан байна. Ингээд сум дундын эмнэлэгт очоод эдгээгүй тул аймгийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Эмнэлэг, эмч дийлээгүй юмыг яахаа мэдэхээ байгаад, бүр арга тасардгийн даваан дээр нутгийн өөр нэг мэргэн хүнийг залж иржээ.  Нутаг усандаа “мэргэн” Тажаа гэх эл эр төлөгдөж бариад “Хм, тун тоогүй юм болж дээ. Танай хөгшин эвгүйрхэхийг сануулсан юм байна. Тэр үед нь аргыг нь хайлгачихсан бол болох байж. Танайд тэгтэл их хор хохиролгүй байжээ. Харин тэр муурыг тамласнаас болоод бүр их гай ирсэн байна. Муурын хараал тусчээ.

Хоёр хүүгийн чинь толгойгоор тооцоо хийхээр шийдсэн нь энэ. Би яахав, аргалахыг л бодъё. Бага нь өнгөрчээ. Том нь эрүүл саруул болохгүй. Эмнэлгийн хүн болно. Үлдсэн лай ланчиг нь багагүй тул түүнээс сэргийлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эхнэр, та хоёрын биед ч хүрнэ” гээд шөнөжин ном уншиж, гүрэмдээд өглөө нэг юм дуусгасан байна. Тэгээд захисан нь “Энэ бүхнээс болж гэр бүл салж сарниад яахав. Бурхан хоёр жилээс нэг охин хайрлана. Түүнийгээ хүн болгож авцгаа. Дахиад дэмий юм бүү хийцгээ” хэмээсэн гэдэг. Тэр бүгд биллээ олж Балдангийнх гэр бүлээрээ шийтгүүлсэн ч “мэргэн” хөгшний тусаар үнэхээр нэг охинтой болоод амьдрал нь жаал тэгширсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.