Баян, ядуугийн ялгаа улам нэмэгджээ

5a9e04412599f5.16934168Улсын дунджаар тооцвол өрхийн орлого 2017 онд 13.8 хувиар өсөж нэг сая төгрөгт хүрлээ. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлс 47 мянган төгрөг буюу 10.3 хувиар нэмэгдсэн, мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 мянган төгрөг буюу 46.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Нийслэлд амьдардаг өрхийн дундаж орлого 2017 онд 1,199,853 төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт. Харин төвийн бүсэд 1,039,907, баруун бүсэд 945,862, хангайн бүсэд 802,916 төгрөг байгаа бол зүүн аймгийн өрхүүдийнх 906,112 төгрөг байна. Өрхийн орлого ийнхүү бага ч гэсэн өсөх нь худалдааны салбар, цаашлаад улсын эдийн засагт нэмэртэй.

Гэвч орлогын энэ өсөлт зарлагаа гүйцэж чадахгүй, иргэдийн амьдралд бодит өгөөжөө өгөхгүй байна. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанд өнгөрсөн онд өрхийн зарлага ч мөн багагүй өссөнийг дурджээ. Нэг өрхийн сарын дундаж зарлага 1.1 сая төгрөгт хүрч, орлогоос 100 мянган төгрөгөөр илүү байна. Өрхүүдийн төсвийн дэвтэрт хасахаар тэмдэглэгдэх энэ дүн нь 2016 онтой харьцуулбал 15.3 хувь буюу 148.9 мянган төгрөгөөр ахисан үзүүлэлт юм. Задалж харвал, иргэдийн хүнсний бус бараа, үйлчилгээнд зарцуулах төсөв нь нэмэгдсэн байна.

Нийт зардлын 2.6 хувийг бусдад өгсөн бэлэг, тусламж, 22.1 хувийг хүнсний бараа эзэлдэг. Харин үлдсэн 75.3 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээ, зээл, төлбөрт зарцуулж байгаа юм. Иргэд өнөөдрийн хэрэгцээгээ орлогоороо бүрэн хангаж чадахгүй байгаагаас өр, зээлийн хэмжээ нь ч өсөж, хуримтлал үүсгэх боломж ч хумигдмал хэвээр байна. Түүнчлэн манай улсын баян, ядуу өрхүүдийн хэрэглээний ялгаа зургаа дахин зөрүүтэй байгаа юм. Хамгийн ядуу өрх сард дунджаар 112.9 мянган төгрөг зарцуулж байгаа бол чинээлэг өрхүүдийн сарын хэрэглээ 658.5 мянган төгрөг байна. Хэрэв өрхүүдийн зардлыг бүсээр нь ялгаж харвал орон нутгийн иргэдийн зарлага нийслэлчүүдийнхээс 21.3 хувиар бага. Улаанбаатарын өрхүүд сард дунджаар 1.2 сая төгрөг хэрэглээндээ зарцуулдаг бол орон нутгийн өрхүүдийнх 980.6 мянган төгрөгт хүрсэн. Улаанбаатарт 300 мянган төгрөгөөс бага зарлагатай өрх дөнгөж 4.4 хувийг эзэлж байгаа бол хөдөөд энэ үзүүлэлт 15.8 хувьтай байна. Харин сард 900 мянгаас дээш төгрөг хэрэгцээндээ зарцуулдаг өрх нийслэлд 51.1 хувь, хөдөөд 31.7 хувийг эзэлжээ.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.