Сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайж байна

31575

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 70 км-т орших Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар тус сумын харъяат малчин С-ийн 2 настай хүү Н нь энэ сарын 6-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон. Энэ талаар 7-ны өдрийн 08:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, улмаар эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт нийт 31 хүн, эрлийг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар хүүхэд сураггүй болсон газраас 6 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Мөн иргэн Х-гийн 2 настай охин У нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт 8-ны өдрийн 20:36 цагт мэдэгдсэний дагуу Эрэн хайх аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдийн хамт, нийт 43 хүн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар “Баян-Уул, Цайдамын нуур” гэдэг газар 8 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 5:00 цагт дахин эхлүүлээд байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Орхон голд осолдсон 11 настай Б хүү одоо болтол олдоогүй байна. тэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 4 км-ын зайтай Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар Орхон голд осолдсон юм. Тус сумын харъяат хүү осолдсон тухай дуудлага 29-ний өдрийн 10:09 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт нийт 22 хүн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийг хүртэл тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:10 цагт түр зогсоосон аж. Улмаар өнөөдөр өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.