Томчууд та нар хүүхдийн зовлонд цадах болоогүй юу

zgm_hevtee_TPvmv5wТомчуудын, албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал энэ улсыг дайн дажинтай орноос ялгаагүй болгож орхилоо. Хүүхдээ хайрлан хамгаалъя, балчир үрсийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлмээр байна гэж энгийн иргэнээсээ авахуулаад удирдах албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл дуу нэгтэй ярих болсон. Харамсалтай нь томчууд бидэнд үүнийг ухааруулахын тулд олон хүүхэд хэдхэн өдрийн зайтай алтан амиа өгөв. Заавал хүүхдүүдийн алтан аминд хүрч байж сэхээрэх ёстой юм гэж үү. 79 дүгээр сургуулийн хэрэг, эмийн сангийн тог цохидог хаалганы дуулиан намжиж амжаагүй байхад дахин хоёр хүүхэд усанд осолдов. Мөн сураггүй болоод сар гаруй өнгөрсөн хоёр настай хүүхдийн цогцос дэрсэн дундаас олдлоо. Байгууллага, албан газар бүрт ил задгай цахилгааны утсаа янзлах үүрэг өгөөд байхад л үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бас нэг хүүхэд тогонд цохиулчихлаа. ингэхэд бид ямар нийгэмд, ямар орчинд аж төрөөд байна вэ. Энэ улсад амьд явах баталгаа байна уу. Хүүхдээ санаа амар тоглуулчих газар байна уу, хэлээд өгөөч. Уг нь бид тайван замаар ардчиллыг олж авсан, дайн дажин, террорист халдлага, шашны мөргөлдөөнөөс ангид, амар тайван орон гэдгээрээ бахархдаг.

Гэвч одоо аавууд, ээжүүд үрсийнхээ төлөө айж байна, дэгдэн дэрвэж яваа гэнэн томоогүй хүүхдэд нь ямар аюул тохиолдох бол гэж. Бид үндсэн хуулийнхаа хамгийн эхэнд “Монгол хүн амьд явах эрхтэй” гэж цагаан дээр хараар бичин, зарлан тунхагласан улс. Харин үр хүүхдийн маань амьд явах эрхэнд ноцтой заналхийлэл учраад байхад ямар арга хэмжээ авах гэж байна, эрхэм дарга нар аа. Уг нь Монгол улс хүүхдийг бүхий л төрлийн хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан дэлхийн 49 дэх улс. Азидаа бол долдугаарт ордог гэж байгаа. Гэвч гаргасан хууль дүрэм нь амьдралд хэрэгждэггүйн баталгаа нь олон хүүхдийн гэнэтийн үхлээр илэрч байна. Зарим тоон мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Зөвхөн 2017 онд 1757 хүүхэд гэмт хэргийн улмаас ямар нэг байдлаар хохирчээ. Харамсалтай нь тэдний 127 нь нас барсан. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 424 хүүхдийг улс хяналтдаа аваад байгаа аж. Мөн энэ хугацаанд бие махбодын хүчирхийлэлд өртсөн 230 тохиолдол бүртгэгджээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэсэн 59 гомдол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ирсэн байна.

Бид Үндсэн хуульдаа “Монгол хүн амьд явах эрхтэй” гэж тунхагласан улс

Харин он гарснаас хойш 24 хүүхэд цаг бусаар хорвоог орхисны 16 нь амиа хорлосон бол найм нь золгүй байдлаар амиа алджээ. Ямар гээчийн хүүхдэд ээлгүй орон бэ. Ямар хариуцлагагүй улс вэ. Хүүхдүүдээ сайн боловсролтой, эрүүл чийрэг өсгөх нь бүү хэл амьд явах баталгааг нь хангаж чаддагүй манай улс аз жаргалын индексээр 156 орноос 94-т бичигдэж, сүүл мушгиж байгаа нь аргагүй юм. Энэ бүх золгүй явдалд төр засаг, албан байгууллагуудыг буруутгаад өнгөрөх нь өрөөсгөл. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал. Гэвч бид эцэг, эх байх үүргээ хангалттай сайн биелүүлж чадаж байгаа бил үү. Би бол үгүй гэж хариулна. Хоёрхон настай бяцхан хүүгээ морины нуруун дээр баглаж хүлээд уралдуулчихаж байна. Өөрсдөө архидан согтуурч байгаад бяцхан үрээ голын усанд урсгаад алдсан харамсалтай тохиолдол ч гарсан. Тэр байтугай бөөнөөрөө салхинд гарч байгаад дөрвөн настай хүүхдээ мартаад явчихсан дэндүү хариуцлагагүй аав, ээж ч бий. Хэдэн цагийн дараа хүүхдээ гэнэт санаад эргээд очтол хээрийн боохойн хоол болчихсон байсан гэхээр л. Анхааруулж, сануулсаар байтал хүүхдээ халуун тогоонд түлж орхидог хариуцлагагүй ээж, аавууд цөөрөхгүй нь…

Ердөө хэдхэн хоногийн өмнө Баянхонгорын Баян-өндөр суманд таван хүүхэд суулгаж явсан автомашин осолдсон. ослын улмаас 16-тай хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Ер нь хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоо жил бүр нэмэгдсээр байгаа. 2017 онд гэхэд 55 хүүхэд ослын улмаас нас барсан юм. Шалтгааныг нь судлаад үзвэл ихэнх нь хүүхдэд зориулсан хамгаалалтын бүсгүй байж. Өндөр хөгжилтэй оронд бол хүүхдийн зориулалтын суудал, хамгаалалтын бүсэд онцгой анхаарал хандуулдаг. Ялангуяа, Европын орнуудад бол хүүхдээ зориулалтын суудалгүй машинаар авч явна гэдэг санаанд багтамгүй хэрэг. Харин бидний цөөхөн Монголчууд өнөөх хэнэггүй зан, хариуцлагагүй үйлдлээрээ үр хүүхдээ эрсдэлд оруулсан хэвээр. Үр дүнд нь цэцэг шиг дэлгэрч яваа 55 хүүхэд ганцхан жилийн дотор биднийг орхин оджээ. Үнэхээр харамсалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Амьдралын сайхныг амталж ч амжаагүй яваа энэ бяцхан үрс ямар гэм хийсэн болоод хэдэн зуугаараа алаг хорвоог орхино вэ. Хүүхдийн эрх гэж сошиал ертөнцөд чангаар орилдог атлаа өөрсдийн үр хүүхдээ гаргуунд нь хаячихдаг эцэг эх олширсоор байгаа нь өнөөгийн Монголын эмгэнэл гэлтэй. Томчууд та нар хүүхдийн зовлонд цадах болоогүй юу?

ЗГМ: Тодруулга

А.Энхбаатар: Хоёр хоног тутамд нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас хүүхэд хамгааллын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хүүхдүүд санамсаргүй байдлаар осолдох явдал их гарлаа. Мэдээж, хүүхдийн аюулгүй байдалд эцэг эх, албан байгууллагууд дор бүрнээ анхаарал хандуулах ёстой. Үүнээс гадна хариуцаж буй төрийн байгууллага ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

-Хүүхдийн эрх, тэдний нийгмийн асуудлыг нарийвчлан зохицуулсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаад хоёр жил боллоо. Хүүхэд хамгаалалтай холбоотой хариуцлага хүлээдэг субьектийг энэ хуулиар тодорхойлж өгсөн нь хамгийн чухал. Мэдээж төрийн байгууллага хүүхдийг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна эцэг эх, төрийн шат шатны байгууллага, албан газар гээд бүхэл бүтэн тогтолцоо, системээрээ ажиллаж байж хүүхдийн эрх зөрчигдөх явдал буурах учиртай.

-Энэ систем, тогтолцоо чинь доголдоод байгаа юм биш үү. Хариуцах ёстой байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу?

-Алдаа дутагдал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн орчинтой холбоотой хүндрэлүүд ч байгаа юм. тухайлбал, орчны стандарт буюу хүүхдийн тоглоомын талбай. Улаанбаатар хот болоод орон нутагт байгаа хүүхдийн тоглоомын газруудын хэд нь стандарт шаардлага хангаж байна вэ гээд тоолбол тун хангалтгүй дүн гарна. Сонгуулийн үеэр нэр дэвшигч тухайн тойрогтоо хүүхдийн тоглоомын талбай бариад өгчихдөг. Гэтэл үүнийг хариуцаж, хамгаалж, аюулгүй байдлыг хангах субьект нь тодорхойгүй. Ийм тохиолдолд тухайн нутаг дэвсгэр харьяалагдаж байгаа СӨХ хариуцах зохицуулалт хийхээр хуулийн төсөлд санал өгсөн юм. Гэвч хууль өргөн баригдах процесс удаашралтай байна. Нөгөөтэйгүүр, дийлэнх зөрчил хаана гарч байгааг анхаарах нь чухал. Сүүлийн үед анхаарал болгоомжгүйгээс янз бүрийн байдлаар хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол дараалан гарч, олон түмний бухимдлыг хүргэлээ. Гэхдээ үүний цаана бусдад мэдээлэгдээгүй, бидний хяналтад байгаа үй түмэн асуудал бий. Хүүхдийн эрх зөрчигдөх явдал гэр бүлийн хүрээнд хамгийн их гарч байна. Өнгөрсөн жил л гэхэд 187 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон. Гэтэл улсын хэмжээнд нийт хүчирхийллийн гэмт хэрэг 360 хүрэхгүй. Хоёр хүчингийн хэрэг тутмын нэг нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байна гэсэн үг. Хоёр хоног тутамд нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Хамгийн харамсалтай нь энэ тоо жил ирэх тусам өссөөр байгаа юм.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хангалттай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу?

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа сэтгэл санааны зовлон шаналалд амьдардаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд СЭМҮТ-өөс үйлчилгээ авч байхдаа 40 гаруй удаа амиа хорлох оролдлого хийсэн тухай мэдээлэл байна. Энэ нь нэг талаар төрийн үйлчилгээ хүүхдэд хүрэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаар, бэлгийн хүчирхийлэл хүүхдийн сэтгэлзүйд ийм хүндээр тусдагийг харуулж байгаа юм. Гэвч хүчирхийлэлд өртсөн хүүхдэд мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нь бодит үнэн. Бид хүүхдийг хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг 330 сумын 1613 багийн Засаг даргыг оролцуулж хийлээ. Тэд бол тухайн орон нутгийнхаа айл өрхийг хамгийн сайн мэддэг хүмүүс. Мөн Улаанбаатар хотын 152 хороонд нийт 1504 хэсгийн ахлагч нарт чиглэсэн сургалт хийгээд дууслаа.

-Эмийн сангийн хаалганы тогонд цохиулаад нэг хүүхэд амиа алдлаа. Хариуцлага алдсан, буруутай этгээдэд шийтгэл оноох байх. Энэ асуудал юу болж байна вэ?

-Хүүхдийн амь нас хохирсон учраас мэдээж цагдаагийн байгууллага шалгана. Бид энэ талаар лавлаж асуусан, хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн байна лээ. Нэгэнт эрүүгийн хянан шалгах процесс эхэлсэн учраас нарийн мэдээллийг бидэнд өгдөггүй. Ямартай ч бид эцсийн шийдвэр гарах хүртэл харна.

-Ил задгай цахилгааны утсыг цэгцлэх үүрэг өгөөд удаагүй байтал бас нэг хүүхэд тогонд цохиулсан асуудал гарлаа. Энэ мэт зөрчлийг арилгахад танай байгууллагын зүгээс ямар үүрэгтэй оролцдог вэ?

-Мэдээж, хүүхдийн эрхийн байгууллага энэ асуудлыг цэгцлэхийн төлөө ажиллана. Үүнээс гадна иргэн бүрийн идэвх зүтгэл, сэтгэл хэрэгтэй байна. Бүгдээрээ хамтарч, бүгдээрээ хараа хяналтаа сайжруулж байж энэ асуудал цэгцэрнэ.


URL:

Нэр: wuit54ynmet9c8netv85cv3ev5e5 Огноо: 8 August 2018

Title

[...]Every the moment inside a even though we opt for blogs that we study. Listed beneath would be the most recent websites that we pick out [...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.