Судлаач Д.Ганхуяг: Намрын байлдааны тойм

1500946257_3b2dn68mv44pdtstdtn28i0mijЭнэ зун намар харьцангуй тайван байсан улс төр хөдөлгөөнд орж эхлэв. Энэ намар урд урдынхаасаа их хүчтэй, хурц ширүүн тулалдаан болох нь ойлгомжтой байна. Энэхүү фронт нь тодорхойгүй, харгис хатуу, позицийн байлдааны агуулга нь МАНАН антисистемийг үргэлжлүүлэх үү, эвдэх үү; химерүүдийг дээрээ залах уу, тэднээс ангижрах уу гэсэн салаа бөгөөд зарчмын асуудал болно. Энэ тухай өгүүлсү…

2020 оны ялалтын төлөө урагшаа…
Нийгмийн дэвшилтэт хэсэг, түүний дотор нэлээд улс төрч системийн хямрал сүйрлийн тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж байхад эрх баригчид ердөө л 2020 оны сонгуульд хэрхэн, яаж ялах тухай л бодож, үйлдэж байгаа нь тодорхой байна. “Шал тэнэг” гэж юм олон хүн хэлэх байх.
Тэд ингэж бодож байгаа: 2020 оны сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялах ёстой. Үүний тулд 2019 онд багтаан улс төрийн эрх мэдлээ хадгалан үлдэх буюу хамгийн ашигтай байрлал, талбай эзлэх ёстой. Үүний тулд эхлээд Засгийн Газрыг, улмаар намын эрх мэдлийг гартаа авах ёстой. Намын эрх мэдлийг авбал намын бүтэц, хөрөнгө, боловсон хүчний ресурсыг захиран зарцуулах боломжтой. Улмаар намын сонгуулийн нэрсийн жагсаалтыг “өөрийн гараар” хийх ба тэрхүү жагсаалтын эхэнд болон толгойд өөрийгөө болон өөрийн бүлгийн гишүүдийг зоох болно. Ингэвэл намд ялсан ялалт төрд ялсан ялалт болж хувирна. Харин тэр системийн өөрчлөлт гэдгийг бол сонгуульд ялсныхаа дараа бас л өөрийн гараар хийнэ. Үүнийгээ “шинэчлэл” гэж нэрлэнэ.
Ердөө л “амьд үлдэж”, эрх мэдлээ түр ч гэсэн хадгалан үлдэх цорын ганц хүсэлтэй химерүүдээс үүнээс өөр логик гаргалгаа гарахгүй, гарах ч боломжгүй.
Өнөөдөр Монгол орон 30 жил оршин тогтнох хугацаандаа ямар ч явцгүй, найдваргүй, ирээдүйгүй гэдгээ бүрэн нотолсон хуучин антисистемээ хэвээр хадгалан үлдэх эрх ашиг бүхий цөөнхи олигархи-химерүүд, энэхүү антисистемийг устган Эх орондоо шинэ зөв, шударга систем тогтоох гэсэн эрх ашиг бүхий олонхи ард түмэн гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. 
Түүхийн ухааны доктор, ш/у-ны гавъяат зүтгэлтэн Ж.Болдбаатар ийн дүгнэж байна: “Би өнөөдөр Монгол Ардын Нам байгаа, эсэхэд эргэлздэг. Насаараа зүтгэсэн, намын түүхийг нь бичсэн, онол номыг нь үзсэн, 20-иод жил төрийн дээд удирдлагад ажилласан мань мэт ийм байхад цаана нь хэчнээн хүн ямар байдалтай төөрөлдчихөөд байгаа нь мэдээжийн хэрэг шүү дээ. Үнэндээ одоо улс төрийн нам гэхээр миний дотор муухайрдаг болсон.” Энд буурал академич АН гэж хэлээгүй ч агуулга нь манай улс төрийн адгийн системийг хэлж байгаа нь тодорхой байна. Үүнээс илүү зөв тодорхойлолт гэж байхгүй л дээ…
МАНАН-гийн “түлхүүр” бүлэг хийгээд тоглогчдын тухай
2016 онд сүйрлийн ялагдал хүлээж, эдүгээ ямар ч идэвхитэй хөдөлгөөн хийж чадахгүй, гагцхүү МАН-ын алдааг анан хүлээж буй АН-ыг энэ намрын байлдаанд идэвхитэй үүрэг гүйцэтгэхгүй гэж үзэж болно. Намрын байлдаан МАН дотор голлон явагдах нь гарцаагүй. Иймээс АН-ыг “түр орхиж”, МАН-ыг дагнан шинжлэх нь өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой.
МАН-ыг одоогоор М.Энхболдын “хотын”, У.Хүрэлсүхийн “завсрын” 2 ил бүлэг толгойлон байлдаж байна. Энэ байлдаанд Сү.Батболдын “хуучны” бүлэглэл далдаас хүчтэй нөлөө үзүүлэн хутгалдан оролцож байна. “Залуучуудын” бүлэг байгаа боловч хэтэрхий “задгай” учир зохион байгуулалтын хувьд бэхжээгүйгээс гадна бусад бүлгийн дунд гуйвчиж байна.
МАН-д нэг “том зовлон” байдаг. Энэ нь өрсөлдөн тэмцэлдэгч аль нэг бүлэг дангаар ялалт олох боломжгүй учраас заавал “гуравдагч” бүлгээсээ тусламж авдаг ба энэ нь ялалтын үр дүнг ашиглах, бие даан ажиллах боломжийг ихээхэн сулруулдаг. Жишээлбэл: У.Хүрэлсүх М.Энхболдыг ялахын тулд Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг унагах тактик баримталсан ба үүний тулд хуучны болон залуучуудын бүлгийн дэмжлэгийг арга буюу авсан юм. Ийнхүү “тусламж” авсан нь У.Хүрэлсүх “юу ч хийхгүй”, “юу ч хийж чадахгүй” байгаагийн үндсэн шалтгаан болно.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болсноос хойш хэдхэн сарын дараа түүнийг унагах далд хуйвалдааны тухай яриа энд тэндгүй гарах болсон юм. Үүнийг би цуурхал хэмээн ойлгож, дахин дахин шалгаж байв. Гэвч одоо бол У.Хүрэлсүхээр М.Энхболдын дангаар ноёрхлыг эвдүүлэх гэж Ерөнхий сайд болгожээ гэж дүгнэж байна. У.Хүрэлсүхийг унагах талаар жил орчмын өмнөөс МАН-ын дээд цөөнхийн хүрээнд тодорхой ярьж байсан аж. Яахав, У.Хүрэлсүх офицер зангаараа хэдхэн цавчаад л М.Энхболдыг сулруулна гэж тооцсон ба У.Хүрэлсүхэд “тусламж” үзүүлсний шалтгаан ч бас энэ болно.
Энэ нь МАН дотор М.Энхболдын ч биш, У.Хүрэлсүхийн ч биш, ямар нэг “нууц” бүлэг байгааг илэрхий харуулж байна. Нууц ч юу байхав, олон нийт төдийлөн мэддэггүй тийм бүлэг буй…
Сүүлийн үед манай улс төрд, түүний дотор МАН-д Барууныг баримжаалсан, Хятад, Оросыг баримжаалсан бодлого, үйл ажиллагаа илт зөрчилдөх болсон. Жи нь: У.Хүрэлсүх өнгөрсөн жил Санк-Петербургийн эдийн засгийн форумд очно гэж “за зү” болж, яг таг тохирсныхоо дараа Барууны “түлхээсээр” айлчлалаа гэнэт цуцалсан нь үүний нэгэн тод нотолгоо болно. Улмаар Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх гэсэн хүмүүс бол эх орноосоо урвагчид гэсэн суртал нэвтрүүлгийн хэрүүл гүтгэлгийн шалтгаан, эх үүсвэр нь дотоод биш, гадаад хүчин зүйл байсан юм. Ямар гэсэн Монгол Улсыг хоёр том хөрштэй муудалцуулах, тэднээс тусгаар байлгах гэсэн бодит хүчин Монголын улс төрд, түүний дотор МАН-д байдаг гэдгийг би цохон дурдаж байна. Гадаад бодлогын асуудлаар үүнээс илүүг ярих хэрэг надад байхгүй. Гэхдээ л гадаад хүчин зүйл Монголын намуудын дотоод хэрүүлийн нэг далд шалтгаан болдог гэдгийг онцлон дурдаж байна.
Хэзээ ч 60 тэрбумын доороос босч чадахгүй М.Энхболд, мөн бүх асуудлыг түс тас шийдэх гэдэг У.Хүрэлсүх хоёрын хүч шавхсан байлдаан “гуравдагч” бүлэг гарч ирэх шалтгаан болжээ. Энэхүү “гуравдагч” хэмээн нэрлэж буй бүлэг УИХ дахь намын бүлгүүд дотор ч, Засгийн Газар дотор ч “тархан байршиж” ирсэн бөлгөө. Энэ бүлэг сая үүссэн шинэ бүлэг биш, урд өмнө нь УИХ, Засгийн Газар дотор байнга байсаар ирсэн авч дангаараа “тодрон” гарч ирдэггүй байсан юм. Тэднийг гаднаас нь түлхэж, удирдан жолоодож буй гол хүчин нь Ц.Элбэгдорж, С.Баяр нар бөлгөө…
Яг одоо бол Монголын улс төрчид төрдөө хайргүй, намдаа хайртай болдог “хайрын шилжилт” болж, МАН-ын даргын суудлын төлөө, эсвэл түүнд нөлөөлөх байр суурийн төлөө өрсөлдөөн ширүүсэн гаардаг үе болно.
МАН доторх энэ тэмцэлд М.Энхболдын болон У.Хүрэлсүхийн “завсрын” гэсэн хоёр гол бүлэг өрсөлдөн зодолдож, Сү.Батболдын “хуучны”, “залуучуудын” болон “гуравдагч” бүлэг түүнд далдаас оролцож байна.
Сү.Батболдын “хуучны”, “залуучуудын” болон “гуравдагч” бүлгүүд шууд давхцахгүй ч олон талаар сүлжилдэн нэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл “гуравдагч бүлэг”-т бусад бүх бүлгүүдийн төлөөлөл ямар нэг хэмжээгээр байдаг.
М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хүч шавхсан өрсөлдөөний улмаас “гуравдахь” бүлэгт сайхан боломж гарч ирэв. МАН-ын өрсөлдөн тэмцэлдэгч аль нэг бүлэг дангаар ялалт олох боломжгүй учраас заавал “гуравдагч” бүлгээсээ тусламж авдаг зүй тогтолтойг би дээр хэлсэн. Үүнээс шалтгаалж МАН дахь хүчний харьцаанд нэн сонин, гэхдээ эрс тэс өөрчлөлт гардаг.
Ухаандаа “гуравдагч” бүлэг М.Энхболдтой нийлж хүч хавсарвал У.Хүрэлсүхийн Засгийн Газар унана. Хэрэв “гуравдагч” бүлэг У.Хүрэлсүхтэй нийлбэл М.Энхболд огцорно. Энэ нь монголчууд бидний сайн мэдэх боловч аль эрт мартагдсан 2 сантиметр боовны онигоотой тун төстэй.
МАН дотор бүрэн гүйцэт бүрэлдэж төлөвшөөгүй боловч бодит өөрчлөлт хийхийг хүссэн, дэвшилтэт чиглэлтэй “шинэчлэгч” бүлэг байгааг дурдах нь шударга хэрэг болно. Хэрэв энэхүү “шинэчлэгч” бүлэг нэгдэн нягтарч чадвал энэ удаад биш гэхэд 2020 онд амжилт олох нь эргэлзээгүй. Гэвч тэдэнд саад тотгор мундахгүйг сануулах нь миний үүрэг юм.
Энэхүү эгзэгтэй өрсөлдөөнд аль аль тал нь нягт нямбай бэлтгэж, хүчний дахин хуваарилалт хийсэн боловч аль аль нь туйлын хүнд, аюултай байдалд оров.
У.Хүрэлсүхэд учирсан аюул: Засгийн Газрыг унагах төлөвлөгөө бэлэн болж, эдүгээ “шинэ” Засгийн Газрын Ерөнхий сайд, танхмийн бүрэлдэхүүнийг огцруулах хэмжээнд хүрчээ. Зарим баагий “шинэ” Засгийн Газрын танхмийг аль хэдийн “бүрдүүлчихсэн” давхиж явна. Тэд У.Хүрэлсүхийн зургийг “Ордны хананд өлгөнө” гэж зүтгэж байна.
М.Энхболдод учирсан аюул: УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийж, 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж, үүнтэй холбогдуулан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг мултлах юм бол М.Энхболд огцрох бүх талын нөхцөл бүрдэнэ.
Энэ өрсөлдөөний явцад “Шинэ” Засгийн Газар гэсэн шинэ нийлэг бүлэг үүсэн бүрэлдэж байна. “Шинэ” Засгийн Газар амжилт олохын тулд М.Энхболдын “хотын” бүлгээс тусламж авах нь гарцаагүй бөгөөд энэ тохиолдолд М.Энхболдын байр суурь ахин сэргэж, үлэмж бэхжих нь бас л гарцаагүй. Эсвэл үүний урвуугаар “шинэ” Засгийн Газар “бие даан” ажиллаж, МАН-ын химерүүдээс зайлхийх бодлого барьж болох юм. Энэ нь “шинэ” Ерөнхий сайдаас туйлын их хамаарах бөгөөд тэр нь “дэвшилтэт” бүлгийн гишүүн байвал болоод явчих нь тэр. Гэхдээ энэ бол дүгнэлт гэхээсээ илүү миний мөрөөдөл, горьдлого төдий юм…
Ер нь бол МАН-ын жам ёсны задралыг антисистемийн химерүүдээс чадвал салсан, ядвал салах оролдлого хийсэн тохиолдолд л зогсоох боломжтой. 
60 тэрбумын асуудал
Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарах явдал бүр Н.Энхбаярын үеэс эхтэй. Эхлээд “өөрийн хүнийг” албан тушаалд томилох хэлбэртэй байсан бол яваандаа олсон ашгаа хуваах хэлбэр рүү шилжиж, улмаар тэр нь тогтсон үнэ ханштай болон хувирсан юм. Гэвч энэ нь “зохион байгуулалтгүй”, замбараагүй, тогтвор муутай, байнгын бус шинж чанартай байлаа. Ингээд антисистемийн химерүүд төрийг бүхэлд нь худалдан авах иж бүрэн систем боловсруулах шатанд хүрчээ.
Төрийн албыг бүхэлд нь мөнгөөр үнэлэн худалдан авах цогц систем боловсруулах үе нь М.Энхболдын үед таарч, чингэхдээ эд мөрийн баримтаар баригдсанд л хамаг гай байгаа юм. Өөрөөр хэлбэл асуудал М.Энхболддоо байгаа юм биш, харин олигархи-антисистемийн химерүүд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн Үндсэн Хуулийн заалтыг аймшиггүйгээр зөрчсөнд оршино. 60 тэрбумын асуудал бол олигархи-антисистемийн химерүүд “амьд үлдэхийн” тулд зайлшгүй хийх сүүлчийн алхам, эцсийн арга байсан юм. Энэ нь химерүүд ямар хэмжээнд хүртлээ ялзарсан, ямар аймшигтай түвшинд хүртлээ улайрсны тод үзүүлэлт, тэдний хөгжлийн оргил цэг, эрх мэдэлдээ үлдэх сүүлчийн боломж байв. 
А.Ганбаатар, Ц.Сандуй хоёр л энэ системийг санаачилсан, харин би “зүгээр” л сонсож суусан гэх үндэслэл хэлж, М.Энхболд хэргээс мултрах гэж буй. Гэвч яах гэж, ямар зорилгоор 60 тэрбумын бичлэгийг бүтэн жилийн турш худал гүтгэлэг, эвлүүлэг гэж гүрийснийхээ учрыг тайлбарлах тун хэцүү.
60 тэрбумын асуудал ид сөхөгдөж байсан 2017.06.20-нд би: “М.Энхболдод “агуу их төлөвлөгөө”-гөө танилцуулж байгаа нь хананд өлгөсөн самбар болон заагуур барьсан А.Ганбаатарын зурагнаас илт харагдана. Өөрөөр хэлбэл М.Энхболд юу ч мэдэхгүй, зүгээр л “танилцаад” сууж байна. М.Энхболд “энэ чинь (схем) зөвхөн хот уу, эсвэл бүгдээрээ юу” гэж асууж байгаа нь тэр даргын хувьд асуудалтай танилцаж байгааг л харуулж байна” гэсэн дүгнэлт хийсэн билээ. (“Сонгуулийн хэрүүл дундаас” https://ganaa.mn/2017/06/20/eqeweadadadzxzcz/) Тэр үедээ М.Энхболдын “амийг нь аварч” болох энэ дүгнэлтийг бүтэн жил, 3 сарын дараа “ойлгож” байгаагаас үзэхэд түүний багийн сэтгэн бодох чадвар шалдаа орсныг харуулна.
М.Энхболд “60 тэрбумын” даалгавар өгөөгүй байж болно, гэхдээ түүний антисистем, түүний химер баг үүнийг зайлшгүй хийх ёстой байсан ба үүнээс өөр арга тэдэнд байгаагүй гэж итгэлтэй дүгнэж болно. МАН болон түүний дарга М.Энхболдыг нусаа ч арчиж чадахгүй байж, том том “баасан”, дарга болох адгууслаг хүслээс өөр мэдэх, чадах юмгүй, “даргын баг” хэмээн хөөрцөглөн давхисан лалар пацаанууд нь алсан, цаашид ч алах болно гэж би бүрэн итгэлтэй хэлж чадна.
М.Энхболд АТГ-ын Х.Энхжаргалын тусламжтайгаар 60 тэрбумын хэргээс мултарч болох авч үүнээс болж, унасан нэр хүндээ сэргээх боломжгүй, түүний дороос босч ирэх ямар ч магадлал байхгүй.
АН гаднаа бол “пөх пах” хийн ярвайж байгаа боловч дотроо бол 2020 оны сонгуульд яг 60 тэрбумын бүдүүвчээр давхиж орно гэж бодож, төлөвлөж байгааг тааж ядах юмгүй. Учир нь МАНАН-гийн химерүүдэд үүнээс өөр арга байхгүй, мөн тэд үүнээс “сайн арга” бодож олж чадахгүй, тэдэнд сэтгэлгээ үйлдлийн тийм чадвар байхгүй.
Иймээс 60 тэрбумын асуудал бол ганц М.Энхболдыг “тойрсон” биш, харин Монгол төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэн худалдаж авах бүдүүвчийг дахин давтан төрүүлэх эх уурхай болсон МАНАН антисистемийг эвдэн устгах эсэх тухай асуудал мөн. МАНАН антисистем байгаа тохиолдолд 60 тэрбумын хэрэг дахин давтан гарах нь мэдээж хэрэг. Хүн толгойтой болгон 60 тэрбумын хэргийг харааж, шүүмжилж, занан зүхэж байгаа боловч түүний эсрэг, түүнийг орлох, цэвэр, шударга, бодит системийг хэн ч санал болгохгүй байгаад бидний лай ланчиг оршино.
Антисистемийн химерүүд дангаар ноёрхсон МАНАН системийн оронд харилцан хатуу хяналттай, ил тод, бодит ардчилсан систем тогтоох нь 60 тэрбумын асуудлыг бүр мөсөн хаах хамгийн зөв, шударга, цорын ганц арга мөн. Хэрэв 60 тэрбумын асуудлыг шийдэх, үгүй ядахдаа шийдэхийг эс оролдох аваас цаашид ардчилал, тусгаар тогтнол гэж ам ангайх эрх монголчуудад байхгүй… 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.