“ХАР АЛТ”-НЫ ЭКСПОРТЫН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА

61jagbppjbr3vo83o2v124f0ak_bТөвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрс­ний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоон уурхай, нүүрсний экспортын гол судас болсон Гашуунсухайтын боомтын өвлийн бэлтгэл ажил, өнөөгийн нөхцөл байдалтай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт танилцсан юм.

Ажлын хэсэгт тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Баасанбаяр, Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Ганболд, Нэгдсэн удирдлагын газрын захирал М.Цэнгэл нар ажиллав.

Ирэх онд Багануурын уурхайгаас 4.9 мянган тонн нүүрс борлуулна

Энэ онд Багануурын уур­хайгаас 4.1 сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөв­лөөд байгаа. Үүнээс одоогийн байдлаар 2.7 сая тонныг нь олборлон, борлуулжээ. Уурхайн  нүүрсний нөөц  490 мянган тонн, хөрс хуулалт 10 сая шоо.метр байна. Уурхайн өртөг жил бүр орлогоосоо давдаг. Энэ жилийн тухайд тонн нүүрсний өртөг 39036 төгрөг байхад, борлуулах үнэ 31500 төгрөг байна. Өнгөрсөн жил энэ өртөг 31518 төгрөг байхад, борлуулах үнэ 29500 төгрөг байсан. Уурхайг алдагдалтай ажиллуулахгүйн тулд жил бүр нүүрсний үнийг үе шаттайгаар нэмдэг. Гэсэн ч өртөг жил бүр өсдөг нь ийнхүү орлогоосоо давдаг юм.

Энэ онд уурхай 64.2 тэрбум төгрөгийн орлого олж, 77.4 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Харин өр  146.5 тэрбумд  хүрч, орлого 12.7 тэрбумаар хэмжигдэж байсан бол энэ онд өрийн хэмжээ 161.1 тэрбум төгрөг болжээ.  Дарханы дулааны цахилгаан станцын 28.3, -“Дулааны цахилгаан станц II, III”-ын 100, “Дулааны цахилгаан станц IV”-ын 60 хувийг хангадаг уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байна.  “Багануур” ХК-ийн Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн “Уурхайн уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний бэлэн нөөц 490 мянган тонн байгаа нь ажил төлөвлөсөн хэмжээнд явж байгаа гэсэн үг. Дулааны цахилгаан станц хэвийн буюу дунджаар 15 хоногийн нөөцтэй байгаа. Бид захиалга төлөвлөгөөний дагуу нүүрсээ нийлүүлж байна” гэв.

Уурхайн  төлөвлөсөн ажил биелэлтийн дагуу явж байгаа хэдий ч ус шүүрүүлэх болон уулын дэд станцыг шинэчлэн шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлох магадлалтай байна. Уурхайн нийт өр 161.1 тэрбум төгрөг байгаагаас богино хугацаанд төлөх өр 80.2 тэрбум төгрөгт хүрчээ. Тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилдээ багтаж өрөө төлж барагдуулах боломжтойг удирдлагууд нь тайлбарлав. Сүүлийн жилүүдэд хүрэн нүүрсний хэрэгцээ нэмэгдэж байгаа нь уурхайн үйл ажиллагаанд түлхэц болохоор ажиглагджээ. Тус уурхайн нүүрсний нийлүүлэлт энэ жилд 4.1 мянган тонн байсан бол ирэх  онд 4.9 мянган тоннд хүрч, орлого 160 тэрбум төгрөг болох юм байна. Харин 2021 онд энэ тоо 7.5 сая тонн болж, орлого 282.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Уурхай хүчин чадлаа нэмэхийн тулд ирэх онд 43, 2020 онд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүний дийлэнх хувийг нэмэлт хувьцаа гаргах замаар, харин тодорхой хувийг зээлээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа “Багануур” ХК-ийн удирдлагууд танилцуулав. Компани үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 485.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий эксковаторын шанага үйлдвэрлэх инновацийн, 22 тэрбум төгрөгийн Утаагүй түлшний үйлдвэрийн, 5.5 тэрбум төгрөгийн уулын станцыг нүүлгэн шилжүүлэх, 6.2 тэрбум төгрөгийн Ус шүүрүүлэх байгууламжийн техникийн шинэчлэлийн төсөл зэргийг хэрэгжүүлэхээр зэхжээ.

Шивээ-Овоогийн хөрс хуулалт хоцрогдолтой байна

Шивээ-Овоо  уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тоног төхөөрөмжийн элэгдэл нь уурхайн хамгийн тулгамдсан асуудал болжээ. Уурхайн тоног төхөөрөмжийг жил бүр хэсэгчлэн шинэчилдэг. Гэвч хангалттай төвшинд биш байгааг “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хэллээ. Тухайлбал, гидроэкс­коватор зургаа хэрэгтэйгээс  дөрөв, утгуурт ачигч машин тав шаардлагатайгаас нэг байгаа аж. Түүнчлэн хөрс хуулдаг технологийн автомашин 21 шаардлагатай бөгөөд одоогоор 15 байгаа юм байна. Үүнээс шалтгаалан тээвэртэй хөрс хуулалтын ажил 1.6 сая шоо.метрээр хоцрогджээ. Энэ байдлаар цааш үргэлжилбэл ирэх оны дөрөвдүгээр сард нүүрс илрүүлж чадахгүйд хүрэх гэнэ.

Одоогоор 450 мянган тонн илрүүлсэн нүүрс байгаа юм байна. Тоног төхөөрөмж багассанаас шалтгаалан ажиллагсдын орон тоо цөөрчээ. Өр төлбөр, техникийн хүчин чадал, хөрсний хоцрогдол мөн тус компанийн тулгамдсан асуудал болжээ. Үйл ажиллагаагаа сайжруулж, өр төлбөрийн асуудлаа шийдэж, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд нүүрсний үнэ ханшийг бодит өртгөөс дээгүүр тогтоох эсвэл үнийг чөлөөлөх шаардлагатай гэнэ. Түүнчлэн урт хугацаат зээл олгон, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгааг тэд нэмэв. Одоогоор уурхайн нүүрсний бодит үнэ 27760 төгрөг байна. Он гарснаас хойш уурхайгаас 1.6 сая тонн нүүрс борлуулжээ. Төлөвлөгөөнд хүрэхийн  тулд одоогоор 680 мянган тонн нүүрс оноос өмнө борлуулах шаардлагатай байгаа аж. Уурхайн агуулахад 85 мянган тонн нүүрс байгаа юм байна. Компанийн нийт өр 116.9 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс урт хугацаат өр 66.5, богино хугацаат өр 50.3 тэрбум төгрөг байгаа. Харин тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь актлагджээ.

Тус компани улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төвлөрсөн төсвийн орлогын 83.7, орон нутгийн төсвийн орлогын 61, аймгийн нийт төсвийн орлогын 75.5 хувийг дангаараа бүрдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрт “Багануур” ХК 2012-2017 онд 10.1 тэрбум төгрөг, “Шивээ-Овоо” ХК 4.5 тэрбум төгрөг төлжээ. Дээрх уурхайнуудыг урт хугацаат зээл, зээлийн хүүгийн дарамтаас гаргахын тулд Засгийн газраас 132 дугаар тогтоол гаргасан байдаг. Энэ хүрээнд уурхайнуудын өр төлбөр, өвөлжилтийн бэлтгэл ажил тогтвортой байхыг  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэллээ. Тэрбээр, “Энэ жил дээрх хоёр уурхайд богино хугацаат зээлийн хэлбэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас 20 гаруй тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Үүнийг уурхайн машин механизм,  засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Нүүрсний үнэ тарифыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх компани, иргэд бий. Гэхдээ эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй тохиолдолд нүүрсний үнийг чөлөөлөх боломжгүй. Нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэхэд эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна” гэсэн юм.

Гашуунсухайт боомтоор өдөрт 1300 гаруй машин нэвтэрдэг болжээ

Өнгөрсөн онд манай улс 33 сая тонн нүүрс экспортолсны 17 гаруй мянган тонныг Гашуунсухайт боомтоор гаргасан байдаг. Энэ онд 23.5 сая тонн нүүрс экспортолсны 14.3 сая тонныг мөн энэ боомтоор дамжуулсан. Жил гаруй хугацааны өмнөөс хөрш орны хилийн нэвтрэлээс шалтгаалан нүүрсний тус боомтоор гарах нүүрсний экспорт хумигдаж, нүүрстэй машины урт дараалал үүссэн. Түүнээс хойш хоёр орны удирдлагын төвшинд энэ асуудал яригдсаар хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлсэн. Биднийг очих үеэр буюу өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар нүүрс ачсан машины цуваа 60 орчим км үргэлжилж байв. “Гашуунсухайт”  авто зам компанийн гүйцэтгэх захирал Ц.Болдын мэдээлснээр тус боомтын нүүрс тээвэр зургадугаар сараас нэмэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын 24-нөөс бүр сайжирч өдөрт 1300 гаруй машин нэвтэрдэг болжээ. Нүүрсийг одоогоор уурхайгаас дөрвөн замаар тээвэрлэж, хилийн зургаан гарцаар нэвтрүүлж буй. Харин Хятадын тал хилээр хоёр хаалгаар нэвтрүүлж байна. Нэг машинд хяналт тавих хугацаа нь 15-20 секунд байна. Энэ жилийн тухайд нэг өдөр 1369 машин гарсан нь дээд тоо болжээ. Өнөөдөр Хятадад баяр болж буй тул машины цуваа бага зэрэг нэмэгдэж эхэлжээ.

Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Энержи ресурсын гурван уурхайгаас өдөрт 1200 гаруй машин гарч байгаа аж. Ингэснээр улсын гадаад худалдааны эргэлтэд гол түлхэц өгдөг “хар алт”-ны экспортын ирээдүй гэрэлтэй харагдаж байгааг салбарынхан тодотгов. Хилийн нэвтрэх чадварын тухайд нөхцөл байдал харьцангуй сайжирсан бол Гашуунсухайт чиглэлийн авто замын ажил эд өрнөж байна. Өнгөрсөн зун нийт нутгаар хур тунадас их орсны улмаас тус замд эвдрэл их үүсчээ. Тухайлбал, долдугаар сарын 4-нээс 127 км зам сэтэлсэн байна. Замыг сайжруулахаар 20 гаруй багц ажлыг хийж байгаа аж. Уг ажлыг энэ сарын 25-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Зам засварын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг “Гашуун сухайт”  авто зам компанийн гүйцэтгэх захирал Ц.Болдоос тодруулав. Тэрбээр “Борооноос улбаалан энэ зун замд маш их гэмтэл гарсан. 160 км замд 60 хоногийн турш ус урссан. Хилийн боомтын хажууд ус тогтож, машин явах боломжгүй болох гэх мэт  хүндрэл үүссэн. Бид шороо асгах, хайрга дэвсэх  гэх мэтээр арга хэмжээ авсаар нүүрсний экспортыг нэг ч хоног зогсоогоогүй. Наадмын өмнөөс эхлэн нийт 18 удаагийн үер болж, 38 хэсэг газарт замд эвдрэл гарсан. Үерийн их бага эвдрэлтэй хэд хэдэн газар ус  зайлуулах хоолой хийж, замаа нээсэн. Одоогоор гурван газар далан өндөрлөх ажил үргэлжилж байна. Үерийн хохирол 1.8 тэрбум  төгрөг болсон” гэв.

Гашуунсухайттай холбоотой бас нэгэн асуудал нь жолооч нарын амьдрах орчин, эрүүл аюулгүй орчин байдаг. Тэд машины урт дарааллаас шалтгаалан машиныхаа кабинд хооллож, хонодог. Мөн Цагаан хад хэт тоосжилттой. Дэд бүтэц хөгжөөгүйн улмаас хүндхэн нөхцөл байдалтай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр жолооч нарт зориулсан цогцолбор барьж ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар болжээ. Үүнийг “Түгээмэл түмэн хишиг” ХХК хариуцан 20 тэрбум төгрөг төсөвлөн ажиллаж байгаа юм байна. Нийт 48 га газарт 2500 автомашины зогсоолтой цогцолбор барих гэнэ. Үүнд, зочид буудал, саун, ресторан, эмнэлэг зэрэг жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэх бүхий л газрууд байхаар тооцжээ.  Ингэснээр Гашуунсухайтын замд урт дараалал үүсэхгүй гэдгийг тус компанийн дэд захирал Ц.Дагвадорж хэлэв. Тодруулбал 18.00 цагийн үед хил нэвтэрч чадаагүй нүүрс тээвэрлэсэн машинуудыг зогсоолд байрлуулж, өглөө хил нээхээр тээвэрт нь явуулах маягаар зохицуулна. Жолооч нар зогсоолгүйн улмаас зам дээр  хонохдоо архи ууж, хоорондоо зодолдон гэмт хэрэг үйлддэг гэнэ. Мөн эмнэлгийг өрхийн эмнэлгийн статустай зохион байгуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.