Дээлэнд дургүй ДАРГА

Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа “Ёолкны хувцаслалт бол гоёлын болон албаны. Нэг байгууллагын ах дээлтэй бүжээд байхаар нь нөхөрсөгөөр та бүжиглэхгүй зүгээр сууж байхгүй юу гэж зөвлөсөн биш хүүхнүүдэд нь барьж идүүлэх шахлаа. Хаха. Ширээндээ сууж байна биз. Соёлжих, нийгэмшихэд ахиад хэдэн арван жил хэрэгтэй бололтой. Явцыг хурдлуулах л нь бидний үүрэг. 450 зочдоо хүндэтгээд протоколын ёс зөрчихгүй байвал. Зарим аж ахуй нэгжүүд салбарынхны нэгдлийг өөрсдийн ганц нэг оролцогчоос дээгүүр тавихгүй байхыг хойшид анхаарна биз дээ. 40 мянгантын бид соёлыг түгээхэд түүчээлэх үүрэгтэй. Зарим нэг нь хараана л биз. Зарчим бол зарчим. Ёолкондоо бэлдэж гоёж ирсэн олон зуун бүсгүйчүүдийн хөдөлмөрийг жоохон ч гэсэн үнэлэх ёстой болов уу. Бусдаар бол гоё шүү” хэмээн бичсэн байв.

 79

Төрийн албан хаагч, тэр дундаа Монгол орныг дэлхийд сурталчлах үүрэг бүхий байгууллагын удирдах албан тушаалтан шинэ жилийн цэнгүүнд зөвхөн албаны болон гоёлын хувцас өмсөж оролцох учиртайг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “хуульчилжээ”. Үүнээсээ болж олон хүний бухимдал дургүйцлийг хүргэж, араас нь “Дээлтэй ахаас чинь уучлалт гуйчих нь” гэж хэгжүүрхэх Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч даргад “Бүлтийтэл” гоёсон үдшийн гүнж, хархүүгийн хажууд хөдөөний ах дээлтэйгээ бүжиглээд байсан нь соёлгүй, бүдүүлэг санагдсан гэнэ.

Дээл өмссөнийх нь төлөө “соёлгүй, нийгэмшээгүй” хэмээн гутаах нь өөрөө бүдүүлэг үйлдэл. Дээлтэй ах үдшийн цэнгүүнд малын бэлчээр дээрээсээ хир даасан хүрэм, ноорхой дээлтэй хүрээд ирсэнгүй. Улаан дээлэн дээр шар дурдан бүсийг хослуулан шавхийтэл ороож, баяр ёслолоор л гаргаж ирж өмсдөг хромон гутлаа гялалзтал тослож өмсөөд хүрээд ирж. Тэр өөрт байгаа хамгийн ганганаа л өмссөн, магадгүй. Гэтэл түүний өмссөн хувцсыг “Ёолкондоо бэлдэж ирсэн олон зуун бүсгүйчүүдийн хөдөлмөрийг үнэлсэнгүй” хэмээн голж “бүжиглэхгүй зүгээр суу” хэмээн үүрэгдсэн даргын үйлдэл харин хэтэрхий ёс зүйгүй юм.  Ц.Энхтүвшин даргынхаар бол даашинз, костюм үгүй л бол шинэ жилийн баярт орж болохгүй аж.

Гэтэл түүний ичсэн энэ дээлтэй Монголыг харах гэж, тэдний аж амьдралтай танилцахыг л зорьж дэлхий Монголын зүг чих тавьж, олон мянган жуулчид манай орныг зорьдог болохыг аялал жуулчлалын газрын дарга маань анзаардаг л байгаа.

Ц.Энхтүвшин дарга аа, та хүнийг өнгө, мөнгөөр ялгадаг “увайгүй араншин”, 40 мянгатад төрж, өссөн хүн л соёлыг түгээнэ гэдэг аминчхан бодлоо гээж, бас алдаагүй бичиж сураад дараа нь ард түмнийгээ алагчилж үзэхгүй байх наад захын ёс зүйтэй болсныхоо дараа Монголыг сурталчлах байгууллагад ирж ажиллаарай. Одоо харин та соёлгүй ард түмнээ албан тушаалтайгаа хамт орхиод дээл өмссөн хүмүүст дургүйцлээ илэрхийлж болно.

М.Дулам

http://www.shuud.mn/a/504303


URL:

Сэтгэгдэл бичих