Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг цагаатгаж, “ЗООС”-ын Ш.Чуданжийг шүүхэд шилжүүлэв

Сүүлийн хэдэн жилийн турш олны, тэр дундаа харилцагч, хадгаламж эзэмшигчдийн болон улстөрчдийн анхаарлын төвд “Анод”, “Зоос” банкны удирдлагад холбогдох хэрэг байсаар ирлээ. Гэвч өнөөг хүртэл шүүхээр шийдвэрлээгүй, хэн буруутайг нь тогтоогоогүй байна. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байсан эдгээр хэргийн хувь заяа хэрхэж буй талаар эргэн сурвалжиллаа. 2008 оны арванхоёрдугаар сард “Анод” банк төлбөрийн чадваргүй болж, Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нар болон зарим албан тушаалтанд 2008 оны арванхоёрдугаар сарын 10-наас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулсан юм.

Энэ хэрэгт 56 хүнийг шалгаж, 25 хүнийг Банкны тухай хууль зөрчсөн, эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан, авлига авсан хэрэгт буруутган яллагдагчаар татсан Энэ хэрэг 117 хавтас болжээ. “Анод” банкны үүсгэн байгуулагчид банк байгуулсан үеэсээ эхлэн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулж, Монголбанкнаас 127.6 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн үлдэгдэл 18.3 тэрбум төгрөг, иргэд, хуулийн этгээдийн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэл, төслийн зээлийн эх үүсвэрүүдийг буцаан олгоход 29.9 тэрбум төгрөг, бусад өр төлбөр 31.9 тэрбум төгрөг нийт 207.7 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн гэж үзэж буй юм.

“Анод” банкны үүсгэн байгуулагчид болон зарим албан тушаалтанд холбогдох эрүүгийн 20847323 дугаартай хэргийг саяхан УМБГаас АТГ-т шилжүүлэн шалгаж байгаа. Тус газарт шилжүүлэх болсон нь уг хэрэгт төрийн албан тушаалтнууд холбогдсонтой холбоотой гэдгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа, прокурорын байгууллагынхан мэдээлэв. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг уг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт татжээ. Түүнийг “Анод” банкны удирдлагатай холбоотой хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. “Анод” банкнаас гаргасан хувьцааг хууль бус гэдгийг мэдсээр байж, түүнд хяналт тавилгүй, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нийтэд худалдсан нь иргэдийг хохироожээ. Тус банкны удирдлага дүрмийн сангаа 6.3 тэрбум төгрөгөөр зохиомлоор нэмэгдүүлж Хөрөнгийн биржээр хувьцаа борлуулж иргэдийн 19.3 тэрбум төгрөгийг залилан авчээ.

Хууль бус энэ үйл ажиллагааг мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн нь түүнийг энэ хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгахад хүргэж байгаа юм. Түүнээс гадна дээрх хэрэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг холбогдуулан шалгаж байсан. Мөн Монголбанкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатарт “Анод” банкны удирдлагаас авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад дуусаж буй гэнэ. Тэрбээр “Анод” банкинд шалгалт хийж, санхүүгийн нэлээд зөрчил илрүүлсэн аж. Гэвч Монголбанкинд өгсөн тайландаа ямар ч зөрчилгүй мэтээр дурдсан байжээ. Тус банкныхан 1999 оноос хойш Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагаас алдагдалтай ажиллаж буйгаа нууж, ашигтай ажиллаж байгаа мэтээр тайлагнаж байсан аж.

Мөрдөн байцаалтын явцад Г.Тогтохбаатар зөрчил дутагдлыг нь илрүүлсэн ч нуун дарагдуулсан, үүнийхээ төлөө тус банкны удирдлагуудаас 23 сая төгрөгийн хахууль авсан нь нотлогдсон гэнэ. Харин “Зоос” банкны удирдлагад холбогдох хэргийн тухайд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байсан Ш.Чуданжий нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэнэ. “Зоос” банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий болон ТУЗ-ийн дарга Д.Батбаяр нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 150 болон 156 дугаар зүйлд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байсан юм.

Уг хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн мөн холбогдсон. Түүнийг тус банкаар дамжуулан Төрийн сангийн багагүй хэмжээний мөнгийг зарцуулж, нэлээд ашиг олж хувьдаа завшсан гэж буруутгаж байсан билээ. Түүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг ч буруутган шалгасан юм. Харин мөрдөн байцаалтын явцад Л.Пүрэвдорж, Х.Пүрэвсүрэн, Д.Батбаяр нарын гэм буруутай нь нотлогдоогүй юм байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Х.Пүрэвсүрэн болон бусад холбогдогч нар НПГ-т ирж, цагаатгах тогтоолтойгоо танилцан гарын үсэг зуржээ. Уг хэрэгт зөвхөн тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийд яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөрдөн байцаалтын үеэр томилогдсон шинжээчид түүнийг харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан аж. Тэрбээр мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Хүмүүст зээлдүүлсэн” гэж тайлбарлажээ.

Гэвч шалгалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй аж. Тиймээс түүнд “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхтэй зэрэгцээд тус банкны салбарын захирал Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, мөн л Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Ш.Чуданжийгийнхаас тусгаарлан шийдвэрлэхээр болсон бөгөөд өмнө нь нэг удаа шүүхээр хэлэлцсэн ч зайлшгүй тодруулах зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн гадаадын банкинд тодорхой хэмжээний хүүтэй мөнгө байршуулж, хүүг нь хувьдаа завшдаг байсан хэмээн буруутгаж буй юм.

Г.ЦОЛМОН


URL:

Сэтгэгдэл бичих