Эрхээ хэтрүүлж сурагчдаа хэмэлдэг багш нарыг яах вэ, сайд аа

66

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд иржээ. Нохойн дуу ойртохын хэрээр нам эвслүүд дотроо задарч, улстөрчид хөнжил дотроо жийлцэх нь олширов. Тэдний эл хариуцлагагүй үйлдлийг дагасан цалгардал улс орныг бүчих болсон нь сандал суудал булаацалдахаас өөр дорвитой ажил хийсэнгүй гэж шүүмжлэхэд хүргэсэн юм. Тэр дундаа улс орны хөгжлийн цөмд тооцогдох боловсролын салбар дахь хариуцлага шалдаа буусан нь сүүлийн хэдэн жилүүдэд болсон үйл явдлуудаас тодорхой харагдах боллоо. Гуравхан жилийн дотор дөрвөн сайдын нүүр үзсэн боловсролын салбар сайдын халаа сэлгээ дагасан чамгүй өндөр өртөг төлөөд буй.

Олон сайд солигдсон жилүүдэд сурах бичгийн хавтас өнгөө өөрчилснөөс бус сурагчдын сурлаг дээшилсэн зүйл гавьтай харагдсангүй. Хамгийн гол нь боловсролын салбар дахь энэ хариуцлагагүй байдлыг дагасан ёс зүйгүй байдал газар авч чанартай боловсон хүчний дутагдалд ороод буйг илтгэсэн явдал хэдхэн хоногийн өмнө болсон юм.

Учир нь дээхнэ үед “Багшийн үг хууль” гэдэг зарчим үйлчилдэг байв. Тухайн үед буруу зүйл хийсэн сурагчид таван салаа өгөх эрх багшид албан ёсоор шахуу олгогдчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Хүүхдээ буруу зүйл хийсэн болоод л банга хүртэж гэдэгт эцэг, эхчүүд итгэдэг байлаа. Тиймдээ ч багшийн үг хууль байсан биз. Тэгвэл өнөөдөр социалист үеийн ийм зарчим ард хоцорсон гэдэгтэй зарим багш нар санал нийлдэггүй бололтой. Тиймдээ ч сурагчдаа хатуу чанга гараар хүмүүжүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж, тэр хэрээрээ сурагчид эрүүл мэндээрээ хохирч байна.

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдсан юм. Уг хэргийн мөрөөр лавлахад арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнийг анги удирдсан багш нь тамхи татлаа гэж уурлаж, зодсоноос болж хүү гэмтлийн эмнэлэгт хэвтэх шалтгаан болсон юм. Азаар ГССҮТ-ийн эмч нар түргэн шуурхай ажилласны үр дүнд хүүгийн амийг аварч чадсан. Хүү хагалгаанаас гарсныхаа дараа “Багш намайг зодсон ч гэлээ багшийг шоронд явуулмааргүй байна. Битгий гомдол гаргаач” гэж чин сэтгэлээсээ гуйж уйлсан гэдэг. Хүүхэд бүр алдаа гаргадаг. Ганц хүүхэд ч гэлтгүй томчууд хүртэл алдаа гаргадаг шүү дээ. Тиймээс хүүхдийг алдаагаа давтан гаргахаас сэргийлж, эцэг, эх болоод сурган хүмүүжүүлэгчид анхааруулж, зөвөөр тайлбарлаж хэлэх ёстой болохоос биш үгэнд орсонгүй гээд барьж авч зодоод байвал Монголд эрүүл иргэн төлөвшинө гэж үү. Тиймээс л ганц энэ хүү гэлтгүй багшдаа дээрэлхүүлж, зодуулсан, сэтгэл санааны хохирол амссан сурагчид цөөнгүй бий гэдгийг нэхэн сануулъя.

Тухайлбал,

  • Уран нугараач, 13 настай охиныг сайн нугарсангүй гэдэг шалтгаанаар багш нь зодож, биед нь хүнд гэмтэл учруулж байв.
  • Орхон аймгийн Лаборатори наймдугаар сургуулийн түүх нийгмийн багш н.Түмэнцэцэг 10 г ангийн 27 сурагчийг гэрийн даалгавар хийгээгүй гэдэг шалтгаанаар шалны модоор зодсон байдаг.
  • Тус аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяа  тус төвийн сурагч О.Бямбадоржийг “өрөөгөө цэвэрлэсэнгүй” гэж зодсон.
  • Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багш сурагчаа халуун будаагаар түлж, гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тус сургуулийн бага ангийн багш “Үдийн цай” өгөх үеэрээ сурагчаа “Аягагүй ирлээ” гэж загнаж, улмаар халуун будаа алган дээр нь хийж өгсөн байдаг. Нэгдүгээр ангийн сурагч багшдаа загнуулсандаа айж халуун будааг нь асгачихгүйг хичээж удаан барьснаас болж гараа гүн түлсэн юм.
  • Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр тусгай сургуулийн 15 эрэгтэй сурагч хичээл хаяж, “Бүх хичээлийг дохионы хэлээр заа” гэдэг шаардлага тавьсан юм. Мөн  сургуулийн багш нар сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг тухай ноцтой мэдээлэл дэлгэсэн боловч тус сургуулийн багш нар өмгөөлөгч Г.Батбаярын хамт мэдээлэл хийж, хүүхдүүдийн ярьсныг эрс няцаасан юм.
  • Баянгол дүүргийн лаборатори 93 дугаар сургуулийн багш нэгдүгээр ангийн сурагчаа эмээдээ хов зөөсөн гэж зоддог байжээ.
  • Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн багш найман настай сурагчийг “шээсээ барь” гэснээс болж сурагч тэсэлгүй өмдөндөө шээсэн байдаг. Энэ явдал тус оны хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулиудад олимпиад зохион байгуулж байжээ.
    Шалгалтын үеэр сурагч охин багшаасаа “бие засъя” гэж олон удаа гуйсан боловч “Шалгалтын дундуур хэнийг ч гаргахгүй. Чи тэвч” гээд зөвшөөрөөгүйн улмаас сурагч чадалгүй өмдөндөө шээсэн  гэж нагац эгч нь ярьжээ.

Энэ бол зөвхөн олон нийтэд мэдэгдсэн цөөн хэдхэн хэргийн нэгээхэн хэсэг. Үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан хэрэг олон бий. Түүнчлэн зөвхөн арван жилийн сургууль гэлтгүй цэцэрлэгийн балчир үрсийг хүртэл биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулж, зодож, занчдаг үйлдэл хэрээс хэтрээд байна. Тэгсэн атал “Хариуцлага тооно” гэсэн хоёрхон үгээр хохирогчийн ар гэрийнхний амыг тагласаар хэдий хүрэх вэ сайд аа.

Эрхээ хамгаалуулах, цалингаа нэмүүлэхийн тулд хэчнээн хоногоор жагсаж, сурагчдын сурах эрхийг зөрчдөг атлаа сурагчдаа ёс зүйгүй ханддаг багш нарын ёс зүйгүй үйлдлийг хэрхэх вэ. Тэдэнтэй хариуцлага тооцож, дэгэнд оруулах цаг нь ирсэн юм биш үү, Ё.Баатарбилэг сайд аа.

Б.Лхам

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.