Намдаа 8000 иргэн элсүүлсэн амжилтаараа Б.Батзориг тэргүүлжээ
МАН-д л гишүүнээр элсэхгүй бол үеийнхнээсээ би л ганцаараа үлдэх нь шиг байна. Өчигдөр гэхэд миний үеийн 1000 залуу энэ намд элсэж батлахаа баяр ёслолын байдалтай хүлээж авахыг нь “Тусгаар тогтнолын ордон”д харлаа. “Тусгаар тогтнолын ордон” чинь ямар тансаг сайхан юм бэ. Барууны дээдсийн хүлээн авалт иймэрхүү том тансаг харшид болж байгаа харагддаг юм. МАН-ын шинэ байр түүнээс дутах юм ердөө алга. 57 тэрбумаар боссон гэдэг нь бараг худлаа байх. 100 тэрбумаар боссон байх.
Энэхүү ёслолын ажиллагаанд ирэхийнхээ өмнөхөн Баянзүрх дүүрэгт нэг найзынхаараа ороод гарсан юм. Тэгж явахдаа тэрхүү гэр хорооллын дүр зураг дотор миний бие гутарч явсан юм л даа. Гэнэт ийм тансаг юманд ороод ирэхээр чинь дуу алдалгүй яахав. Азгүйдээ та нар ийм тансаг орчинд ажиллаж амьдарч чадахгүй, угаадсан дунд амьдарч байна гэж Баянзүрх дүүргийн иргэдийг ямар тавлалтай биш. Ингээд 1000 залуугийн МАН-д элсэх ёслолын ажиллагааг бахдан зогслоо. Гоё юмаа, дуучин Анхаа дуулж тэдэнд амжилт хүсэхийг нь чагналаа. Хэдхэн хормын өмнө дүүргийнх нь иргэдийн амьдралыг хараад “Ишш монголчууд минь хөхөө өвлийн хүйтэнд ингэж ч амьдрах гэж дээ” хэмээн халаглаж явсан юм. Тэгсэн тэрхүү Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг тайзан дээр гял цал болсон амьтан гарч ирээд үг хэллээ. Сайхан үг хэлж байна лээ, тэр.
“Энэ намд элссэнээр ирээдүй чинь өнгөлөг өөдрөг болно оо…” гэхчлэн. Гэхдээ арай ч “Энэ намд элсэхгүй бол ирээдүй чинь бүрхэг бүүдгэр болно” гэж хэлээгүй ээ. Түүний тайзан дээр баяр бахдалтай байсан нь зөв байж. Түүний өнгөрсөн жилүүдэд тус дүүргийн Засаг даргаар ямархан ажилласныг нам нь энэ өдөр өндрөөр үнэлсэн юм байна. Ажлын үзүүлэлт нь үнэхээр гайхамшигтай гарчээ. Тэрбээр Засаг даргаар ажилласан өнгөрсөн гурван жил таван сарын хугацаанд дүүргийнхээ иргэдээс нийт 8000 иргэнийг намдаа гишүүнээр элсүүлсэн байна. Хамгийн сүүлийн “Мянгат” нь өнөөдөр ийнхүү элсэхээр МАН-ын байранд эгнэн жагсаад байгаа юм байна. Хажууд суугаа танилдаа хэллээ,”Үгүй ээ мөн лут аа, яаж ингэж олноор нь элсүүлж чадаж байнаа. Увдистай л эр юм даа” гэвэл мань эр “Батзориг даргын энэ юу ч биш. Сүүлийн мянгат нь гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Цаадах чинь сонгуулийн өмнө дахиад 3000 хүн дүүргээсээ гишүүнээр элсүүлнэ гэж намд амлачихсан байгаа. Чадна л даа” гэсэн юм.
Ер нь бол МАН-аас дүүргийнхээ Засаг дарга нартай гэрээ байгуулж намдаа дүүрэг бүрээсээ 20 мянган хүн элсүүлэх төлөвлөгөө өгсөн юм билээ. Энэхүү төлөвлөгөөгөө сайн биелүүлеэн нь өндөр шан харамжтай, төлөвлөгөөгөө биелүүлээгүй нь хатуу хариуцлага хүлээх юмдаг уу даа. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлж бусдаасаа арай илгүүхэн яваа нь Баянзүрхийн Засаг дарга, нөхөр Б.Батзориг юм байна. Ямартай ч мань эр дүүрэгтээ Их хурлын сонгуулиар нэр дэвших болзлоо шат шатаар ахиулаад яваа бололтой.
Хажууд суух МАН-ын зүтгэлтэн найзаасаа асуулаа, “Батзориг даргыг чинь хууль бусаар хорооны Засаг дарга нараа томилсон гэхчлэн өчигдөрхөн өрөөнийх нь үүдэнд иргэд суулт хийгээд байгаагүй билүү” гэвэл “Тэр юу болдог юм. Бүгдийг нь дуугүй болгоно ш дээ” гэсэн юм. Нээрэн ч тийм дээ гэж бодлоо.
Манийн хийж чадах ажил биш шүү дээ, 8000 иргэнийг намын үүдэнд жагсаана гэдэг чинь. 8000 дээр нэмэх нь 3000 гэхээр чинь нийтдээ 11 мянган иргэн намдаа элсүүлсэн болох нь. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Б.Батзориг үнэхээр гол ажлаа барьж авч чадаж. Бусад ажлынх нь тухайд… тэр муу ядуурал, ажилгүйдэл, архидалт… яршиг цаашаа намдаа том оноотой байвал гэж тэр үзэж.
Дашрамд дуулгахад бусад дүүргийн дарга нар нь яаж манаргасан юм бол гэж сониучирхлаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд л 4000 хүн намдаа элсүүлсэн амжилтаар дүүргийн намын дарга нараасаа баян ходоодонд орсон сурагтай. Гэхдээ 4000 ч бас их тоо. Даанч МАН-ын хувьд юу ч биш юм даа. Аливаа үйл бүхэн сайн муу хоёр талтай байдаг хойно яг энэ үзүүлэлтээрээ намаасаа хамгийн бага мөнгө авсан нь Ц.Болд болж таараад байгаа юм. Тэрбээр 100-хан сая төгрөг авч намынхаа гишүүнчлэлийн ажилд зарцуулжээ. Харин Б.Батзориг мангасалж өгсөн сурагтай. Тэрбум төгрөг намаасаа авч гишүүн элсүүлэх ажилдаа зарцуулсан гэж намынхан нь ярьж байна лээ. Арай худлаа байлгүй дээ. Би итгээгүй. Харин намын байр барих гэж өчнөөн тэрбумыг зарж байхад хажуугаар нь энэ муу Батзориг… гэж Хү, Со эд нар мань эрд дургүй байсан нь үнэн гэсэн. Гэвч өчигдөр түүний элсүүлсэн тоон дүнг нь хараад намын дарга нарынх нь харц зөөлөрцгөөсөн гэнэ лээ.
П.ХАШЧУЛУУН
Холбоотой мэдээллүүдийг эндээс үзнэ үү.
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: