Аймаг, дүүргүүдийн АН С.Эрдэнийн “үүрэг гүйцэтгэгчдээр” дүүрчээ

11407З.Энхболд фракцуудынхаа дарамтад байдаг намын дарга надаар дуусаг гэсээр ажлаа өгсөн. Тэр үнэн хэлсэн. Ардчилсан нам фракцгүй болсон. Гэхдээ энэ эрүүл үзэгдэл биш. Намын даргынх нь фракцаас бусад нь далд хэлбэрт шилжсэн. Даргынхаа дарамтад орсон. Зарим нь ил тэсэрч шинэ нам болж тасарсан. Энэ бол Ардчилсан намын хувьд ухралт. Хагарал, задрал.

С.Эрдэнэ гэдэг хүн Ардчилсан намын дарга болоод намтайгаа, эгэл шударга гишүүдтэйгээ л байлдсаар өнөөг хүрчээ. Хүчирхэг сөрөг хүчин байж, парламентад үнэмлэхүй олонхи болсон эрх баригчдад хяналт тавих ёстой Ардчилсан нам ийнхүү дотоодын үймээн самуундаа идэгдэн хагаран бутарч, салан тусгаарлаж, сульдан доройтов. Энэ бүхний эх сурвалж нь С.Эрдэнэ өөрөө. Бас түүний гаргаж буй тэвчишгүй, зүй бус үйлдлүүд. Тиймээс Ардчилсан намын гишүүд даргынхаа дарангуйллын эсрэг тэмцэж эхэлжээ. Арга ч үгүй биз. Энэ чинь Ардчилсан нам шүү дээ. Ардчилал, шударга ёс, хууль, эрх зүй, ил тод байдал, олон ургальч үзэл гээд энэ намын үнэт зүйлс хог дээр хаягдах ёсгүй. Үүнийг эсэргүүцсэн шударга гишүүд нь хөдөө, хотгүй хөдөлгөөнд оржээ.

Ардчилсан нам анхан, дунд шатандаа ийнхүү бужигнаж байгаа нь үндэслэл, шалтгаантай. Гол шалтгаан нь С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсноосоо хойш намынхаа дунд шатны байгууллагуудын удирдлагын томилгоонд гараа дүрэх болсон явдал. Аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нарыг тухайн орон нутгийн намын хорооны гишүүд нь хуралдаж сонгох ёстой. Гэтэл С.Эрдэнэ энэ бүх томилгоонд шууд оролцож, өөрийн хүмүүсээ тавих болсон нь гишүүдийнх нь дургүйцлийг хүргэжээ.

Баримт түшье. Одоогоор найман аймаг, таван дүүргийн Ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч даргатай байгаа юм байна. Энэ нь тухайн орон нутгийн Ардчилсан намын даргын томилгоонд ямар нэгэн будлиан орж, маргаан зөрчил үүссэнээс жинхлээгүй байгаа гэсэн үг. Тодруулбал, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан аймгийн Ардчилсан намын дарга нар үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтой байгаа аж. Эдгээр үүрэг гүйцэтгэгчид нь бүгд С.Эрдэнийн тавьсан хүмүүс ажээ. Жинхлээгүй дарга нараа хоёр гурван удаа сольчихоод байгаа тохиолдол ч бий гэнэ. Дундговь аймгийн Ардчилсан намын даргыг л гэхэд өнгөрсөн хоёр жилийн дотор гурван удаа сольсон байна. Орхон аймгийн Ардчилсан намын даргыг ч бас сольжээ.

Дээр дурдсан найман аймгаас гадна есөн аймгийн Ардчилсан намын дарга нарыг сольж, С.Эрдэнэ өөрийн хүмүүсээ томилж жинхлээд байгаа юм байна. Төв аймгийн Ардчилсан намын даргаар л гэхэд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Төмөрчөдөрийг “томилсон” байна. Л.Төмөрчөдөр 2012-2016 онд С.Эрдэнийг ХАХНХ-ын сайдаар ажиллах үед Баянгол дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн, Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн даргаар ажиллаж байсан, ойр шадрынх нь хүн аж.

Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар мөн л С.Эрдэнийн ойр дотнын бөгөөд Баянгол дүүрэгт ажиллаж амьдардаг хүн дээрээс томилогдон очсон байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын дарга ч мөн Баянгол дүүргээс очсон нэгэн аж.

Уг нь Ардчилсан намын Үндсэн дүрэмд зааснаар бол аймаг, дүүргийн намын даргыг тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах саналын эрхтэй нийт гишүүдээс сонгох бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсон тооцдог. Ийнхүү төлөөллийн ардчиллын хамгийн энгийн зарчмаар, олонхийн саналаар сонгогдох албан тушаалтныг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ шууд томилсоор байгаа ажээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Сүхбаатараас бусад таван дүүргийн Ардчилсан намын дарга нар мөн  л С.Эрдэнийн хүмүүс. Гэхдээ тухайн дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд хүлээн зөвшөөрөөгүйгээс үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй гэнэ. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдавааг л гэхэд намаасаа хасч, хөөж, эргүүлж авах мэтээр холион бантан болгосон байна. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийн Ардчилсан намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр одоо С.Эрдэнийн хүргэн, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд тус дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажээ.

Ардчилсан намын дунд шатны 30 байгууллагын 14 нь ийнхүү үүрэг гүйцэтгэгч дарга нартай, С.Эрдэнийн тавьсан хүмүүс жинхлэхээ хүлээж суугаа гэнэ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн энэ хууль бус, дүрмийн бус бүдүүлэг үйлдэл, дарангуйллаас болж Ардчилсан намын дунд шатанд ажиллаж байсан мэдлэг, боловсролтой залуус сайн дураараа намаасаа гарах болжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Ц.Гантулга, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Д.Батмөнх нар намаасаа гарч саяхан байгуулагдсан ШИНЭ намд элссэн байна. Ийнхүү Ардчилсан нам анхан, дунд шатандаа мэдлэг, боловсролтой, чадварлаг залуусаа алдсаар байгаа нь боловсон хүчний хувьд том гарз юм.

Эрх мэдэлдээ эрдэж, улайрсан С.Эрдэнийн дүрэмгүй тоглолт Ардчилсан намын дунд шатны байгууллагуудыг ганхуулж байна. Ардчилсан нам ард түмний нам болохоос ганц хүний нам биш гэдгийг Онц их хурал зарлахыгаардсан мянга мянган гишүүдийнх нь албан шаардлага,уриалга, эсэргүүцэл, тэмцэл харууллаа.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.