Хууль хүчнийхэн өөрсдөө ХАР ТАМХИ-ны хэрэгт холбогдохоор хэн тэмцэх юм бэ?

olloo_mn_1561594682_har

Сүүлийн жилүүдэд хар тамхитай холбоотой хэрэг буурах биш бүр их гарч байгаа талаар ЦЕГ-ын Хар тамхитай хэлтсээс байнга мэдээлж, сэрэмжлүүлэг, хар тамхины эсрэг хийж байгаа ажлаа сурталчилж, нийгэмд зөв мэдээлэл хүргэх гэсэн зорилготой ч агуулга талаасаа ач холбогдолгүй байна.

Хар тамхи хяналтаас гарч, хамжааргагүй болж. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэв. Насанд хүрээгүй хүүхдээс эхлээд нэр бүхий томчууд ч холбогддог болов. Тэр дундаа хууль хүчнийхэн болон урлаг соёлын одод, төрийн хариуцлагатай албан хаагчид хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэв.

Эрхэлж буй албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, олны танил байдлыг бодсон ч эдгээр хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бас ч гэж тав, гурван “цаас” цаашаа хийсэн болов уу гэж хармаар.

Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий. Энэ дундаас “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгээс эхлээд рок попын олон од ч хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж шийтгүүлж байв.

Ингээд зогсохгүй спортынхон дундаас хар тамхины хэрэгт холбогдож улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэргээр 11 жилийн ял сонссон билээ. Анхандаа жирийн иргэнээс эхэлж, урлаг соёлынхны дунд гарч байсан хар тамхины хэрэг прокурор, тагнуулын ажилтнууд холбогдож эхэллээ.

Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар мөн л хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс хар тамхины хор хөнөөл аюулыг сайн мэддэг хэрнээ хууль бусаар хадгалж, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэнээс ч илүү мэднэ. Гэвч хоёр удаа хар тамхины хэргээр баригдаж шийтгүүлсэн тэд ямар учраас ямар ашиг сонирхолтойгоор ийм төрлийн гэмт хэрэг үйлдэв.

Хамгийн сүүлд гэхэд дипломат ажилтнууд нь хэдэн улсын хил дамнуулан героин зөөх хүртлээ даамжирсан байна.
Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар олон улсын хил дамнуулан их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсанаар Монгол Улсын нэр хүндээр олон улсад шал арчсан үзэгдэл болов. Ер нь эндээс харахад хар тамхины хэрэгт хууль хяналтынхан тэр дундаа Монголынхоо нэрийг олон улсад гаргаж байх хүндтэй үүрэг хүлээсэн Консулууд сэвтүүлэхээр одоо яах вэ.

Хэд хэдэн жишээг дурьдвал, 2017 онд дээрх нэр бүхий прокурорууд хар тамхи худалдаалдаг байсан нь илэрч шүүхээс ял авав.

2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхэд найзуудтайгаа хар тамхи хэрэглэж нэг нь амиа алдав.
2017 онд хар тамхины диллер цагдаа баригдав.
2018 онд Х.Баттулгын хүүхдийн хар тамхины хэрэг хэрэгсэхгүй болов.
2018 онд Прокурорууд дахин хар тамхины хэрэгт холбогдов.
2018 онд хураагдсан хар тамхийг шүүхийн ажилтан авч бусдад худалдаалдаг байсан нь илрэв.
2019 онд дипломатчид хар тамхи тээвэрлэж яваад баригдав. Тэд тагнуулынхантай холбоотой байсан гэх.

Дүгнэлт: Хар тамхийг дипломатчид тээвэрлэж, тагнуулынхан хилээр оруулж ирж, цагдаа, прокурорууд зарж, улстөрчдийн хүүхдүүд хэрэглэж, шүүх хамгаалж, улстөрчид удирддаг юм байна гэж харж хардаж болохоор. Хуулийн байгууллагуудын дотор хар тамхины бүлэглэл, мафи байна уу даа. Энэ хар тамхины бүлэглэлтэй тэмцдэг хуулийнхан ч бас байна.

2018 онд л гэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 хүн уг гэмт хэргийг үйлджээ. Насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа юм.

Хамгийн аюултай нь энэ бүхний үр дүнд манай улсад хар тамхинд донтсон арми бий болчих вий дээ.

Монголын хууль хүчний байгууллага, тэр дундаа шүүх, прокурор, тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүмүүс уг хэрэгт холбогдох болсон нь хэрэг бишидсэнийг харуулж байгаа үзэгдэл юм.

О.Гэрэл
Оллоо.мн


URL:

Нэр: Brett Bradburn Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.