АТГ “спорт загасчлал” хийв үү

7-1-3

Төрийн тэргүүн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан нь хууль, шүүхийн үйл явцыг тасалдуулахад хүргэлээ. Тэр дунд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын найман шүүгчийн тав нь өртөж нэг ёсондоо тэг зогсолт хийв бололтой. Өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас зарласан шүүх хурлуудыг цуцалсан. Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдэд хуваарилагдсан байсан хэргүүдийг бусад шүүгчид тарааж байв. Ямартаа ч дараагийн шүүгчид томилогдох хүртэл шүүхийн салбарын ажил урагшлахгүй нь.

Дээр нь Ж.Батзандан нарын УИХ-ын таван гишүүн нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д өгсөн тухайгаа мэдэгдээд байна.  Тодруулбал, УИХ-д хамгийн их гомдол ирсэн гэх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ц.Зориг, Ч.Хосбаяр, М.Батсуурь гэсэн найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүсч байгаа гэнэ.

ШҮҮГЧДИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ҮНДЭСЛЭЛ ТОДОРХОЙГҮЙ

Ерөнхийлөгч 17 шүүгчийг “ажлаас халсан” зарлигийнхаа  үндэслэлийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар гэсэн байна. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан  зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг хаалттай горимоор явуулсан. Иймд зөвлөлийн хуралдаан дээр яригдсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар мэдээлэх хуулийн боломж байхгүй” гэсэн тайлбарыг хэлээд буй. Үүнээс харвал юунаас болж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснийг олон нийт байтугай шүүгчид ч мэдээгүй явна. Ерөнхийлөгчийн зарлигийг ойлгоогүй шүүгчид ч эхнээсээ ам нээж эхэлж байна.

Шударга ёсны хэмжүүр болох учиртай шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж салбараар нь “унагах” дархан эрх дан ганц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд л бий. Угаас өнөөдрийн “том” хэргийн өмнөтгөл болгож хууль эрх зүйн орчныг нь засварласан. Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчилсөн байдаг. Тэр үед л шүүгчдийг айлгах төлөвлөгөөнийхөө бэлтгэл ажлыг хийж шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын шийдвэрээр чөлөөлдөг болгохын тулд ээлжит бус чуулган хүртэл хуралдуулсан удаатай.

Ингэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гарт хууль, шүүхийн байгууллагаар “тоглох” дархан эрхийг өгснөөр гэмтэй үгүй нь үл мэдэгдэх 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзэж, дахин араас нь поп гишүүдийн улс төрийн онооны тоглолт эхлэв бололтой. Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгч гэм хийсэн бол шалгах, хянах зэргээр хууль шүүхийн үйл явц явагдах учиртай. Гэтэл шууд л “амыг нь барьж” байгаа нь АТГ аюулгүйн зөвлөлийн бодлогыг гүйцэтгэж  “спорт загасчлал” хийж байна гэж олон нийтэд ойлгогдож байна. Үүнээс харвал Ерөнхийлөгчийн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэнэтийн зарлигийг аль ч өнцгөөс харсан асуултын тэмдэгтэй үлдэж байх шиг.

Ж.Оюунтунгалаг: Хуулийн байгууллагад шалгуулмаар байна

Ерөнхийлөгчийн зарлигаар яагаад бүрэн эрх нь түдгэлзсэнийг ойлгоогүй шүүгчид эхнээсээ зоригтой дуугарч эхэллээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа 17 шүүгчийн нэг Ж.Оюунтунгалаг өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрээр одоогоор чөлөөлөгдөөгүй байгаа. Цэвэр өөрийн хүслээр хэвлэлийн бага хурал хийж буйгаа тодотгож байв.

Ж.Оюунтунгалаг “Хориод хоногийн өмнө би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр томилогдсон. Лхагва гаригт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний дунд миний нэр орсон учраас зарлиг гардуулж өгөөгүй ч пүрэв гаригт ажлаа хүлээлгэж өгөх юм байна гэж ойлгосон. Гэхдээ би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй гэдгээ мэдэгдэхийн тулд хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн гэсэн бичгээ бэлтгэж байтал АТГ-аас ярьж  “Уулзах хэрэгтэй байна” гэсэн. Миний хувьд хүндэтгэлтэй хандаж очсон. Прокурорын зөвшөөрлөөр ажлын цаг дуустал гэрт нэгжлэг явуулсан.

Хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ АТГ-ын нэгжлэг хийсэн комиссарт өгсөн. АТГ-т тайлбар өгөх хэрэгтэй гэхээр нь мэдүүлэг өгсөн. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн асуудлаар мэдүүлэг авах үед л энэ асуудалтай холбож байгааг мэдсэн. 2017 онд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдэхэд даргалагч шүүгчээр оролцсон.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон. Гэхдээ би Монголын төрд итгэж байна. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг хэрхэн шийдсэн бэ гэдгээр шалгаж байцаагаагүй байх. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан хэргээр түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон.

Миний хувьд 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, ОХУ ын ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцсан. Төгсч ирээд сонгон шалгаруулалтад тэнцэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилд орж байсан. Сургуульд, ажилд орохдоо би арын хаалга, танил тал ашиглаж байгаагүй. Ийм зүйлд холбогдсондоо гайхаж байна.

2012 онд Нийслэлийн шүүхэд орон тоо гарсан учраас шалгалт өгөөд тэнцсэн.  Тэр  үеэс би Нийслэлийн шүүхийн иргэний танхимын шүүгчээр ажиллахдаа ямар нэг хүмүүстэй холбогдож байгаагүй. Хууль шүүхийн байгууллагад хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил бий болсон гэж үзэж байгаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэж болохгүй.

Улс орнууд дийлдэхээ байсан авлига хээл хахуулийн сүлжээг зайлуулахын тулд иргэн нь мэдүүлээд түүнийг хариуцлагаас чөлөөлдөг хуультай. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт хууль санаачлах эрх бий” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.