Эдийн засаг 2009 оноос хойших хамгийн аюултай түвшинд хүрэв

243422-09082019-1565335099-1833310385-1Screen_Shot_2019-08-09_at_3.17.45_PM_copyТӨСВИЙГ ТЭЖЭЭХ ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД УНАЛТ НҮҮРЛЭВ

АНУ-ын шийдэмгий мэдэгдлүүд, өмнөд хөршийн шуурхай хариу арга хэмжээ, юанийн ханшийн огцом уналт, үүнээс улбаатай Азийн санхүүгийн зах зээлийн доргилт нөхцөл байдал сайнгүй байгааг бүрэн илтгэнэ.

Дэлхийн эдийн засагт дахин шинэ хямралын салхи сэвэлзэж, их гүрнүүд мөнгөний бодлогоо дараалан суллаж эхэлсэн нь дуулиан тарилаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулж, үүнийгээ болзошгүй эрсдэлийг хаах оролдлого гэж мэдэгдлээ. Тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хэлж буйгаар дэлхийн эдийн засгийн сул өсөлт, худалдааны бодлогын тодорхойгүй байдал нь АНУ бодлогын хүүгээ өөрчлөх үндэслэл болсон гэв.

Зэс болон нүүрсний үнэ дагаж манай эдийн засаг өсөлт, уналтын замаа сонгож ирсэн билээ.

Дэлхий нийтийг хамарсан хямралын дохио тэргүүлэгч гүрнүүдийн валютын ханшаар илэрч байна гэж зарим шинжээч үзэв. Олон улсын валютын сангийн нөөц валютад тооцогдох юанийн ханш доош гулссан нь зэсийн зах зээлийн өөдрөг таамгийг орвонгоор нь эргүүллээ. Дэлхийн нөлөө бүхий эдийн засгийн валют ийнхүү хямдарсан нь таваарын ханшийн уналтыг дуудаж, улмаар уул уурхайгаас хамааралтай орнуудын төсвийн орлого сох дутах аюул ойрхон байгааг энэ үйл явдал харууллаа. 2015 онд юанийн ханш суларснаар голлох түүхий эдийн үнэ уруудах нэг суурь шалтгаан болж, тухайн үед зэсийн ханш зургаан жилийн доод цэгтээ хүрч байсан удаатай.

Тэгвэл даваа гарагт шинэ доод цэгт хүрсэн юанийн ханшийн сулралыг дагаад таваарын зах зээл, ялангуяа, зэсийн үнийн уналт ирэх өдрүүдэд давтах төлөвтэй болов. Манай улсын энэ оны төсвийн орлогын 27 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлэхээр байгаа. Үүний 86 хувийг зөвхөн зэс, нүүрснээс төвлөрүүлэхээр тооцсон.

Тодруулбал, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.3 их наяд төгрөгөөр төсвийн зарлагыг санхүүжүүлнэ. Харамсалтай нь дэлхийн эдийн засгийн “цаг агаар” аашаа хувиргаж эхэлсэн нь бидний жилийн өмнөх тооцооллыг зөвхөн цаасан дээр үлдэхэд хүргэж мэдэхээр байна. Зэс болон нүүрсний үнэ дагаж манай эдийн засаг өсөлт, уналтын замаа сонгож ирсэн билээ. Эдийн засгийн өсөлт өндөр жилүүдэд зэсийн үнэ тогтвортой байсан төдийгүй түүхэн дээд рекорд тогтоож байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Хятадын зарим бараа бүтээгдэхүүнд дахин 10 хувийн татвар ногдуулах тухай мэдэгдэл нь нөхцөл байдлыг улам дордуулж, БНХАУ юанийн манипуляци хийхэд хүрсэн.

Харин 2019 он гарснаас хойш зэсийн ханш хөрөөний ир шиг хэлбэлзэх болов. Хямралын сүүдэр эрдэс түүхий эдийн орлогоор амьдардаг орнуудад хамгийн том сорилт болж ирсэн. Үүнийг 2008, 2009 оныг дамнасан дэлхийн эдийн засгийн хямрал сануулна. дэлхийн эдийн засаг хямралын шинэ нөхцөл байдалд шилжээд байгааг олон улсын хэвлэлүүд бичиж эхэллээ. Тухайлбал, “АНУ, Хятадын худалдааны дайн олон улсын санхүүгийн зах зээлийг 2009 оны хямралаас хойших хамгийн аюултай түвшинд хүргэж байна” гэж АНУ-ын сангийн сайд асан Ларри Саммерс мэдэгдсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл он гарснаас хойших хамгийн бараан өдрийг үдсэн. Ялангуяа, АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Хятадын зарим бараа бүтээгдэхүүнд дахин 10 хувийн татвар ногдуулах тухай мэдэгдэл нь нөхцөл байдлыг улам дордуулж, БНХАУ юанийн манипуляци хийхэд хүрсэн.

  • Манай улсын энэ оны төсвийн орлогын 27 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлэхээр байгаа. Үүний 86 хувийг зөвхөн зэс, нүүрснээс төвлөрүүлэхээр тооцсон.
  • Эдийн засгийн өсөлт өндөр жилүүдэд зэсийн үнэ тогтвортой байсан төдийгүй түүхэн дээд рекорд тогтоож байлаа. Харин 2019 он гарснаас хойш зэсийн ханш хөрөөний ир шиг хэлбэлзэх болов.
  • АНУ, Хятадын худалдааны дайн олон улсын санхүүгийн зах зээлийг 2009 оны хямралаас хойших хамгийн аюултай түвшинд хүргэж байна” гэж АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс мэдэгдсэн байна.

Хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд тасралтгүй унасаар байна. Үүнийг 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн эгзэгтэй үе гэж сангийн сайд асан мэдэгдлээ. Хоёр их гүрний дунд үүссэн худалдааны сөргөлдөөн 2020 оны сонгуулиас өмнө шийдэгдэх боломж харагдахгүй байгааг Goldman Sachs-ийн шинжээчид онцолж буй. Худалдааны маргаантай байдал газар авах тусам дэлхийн эдийн засаг өсөлтийн хурдаа хасах, улмаар хямралд хаалгаа дэлгэх эрсдэл хажууд ирснийг дээрх мэдэгдэл илтгэх аж.

Дэлхий хямралын байдалд шилжиж, биднийг тэжээдэг гол түүхий эдүүдийн ханшид ч уруудах дохио хангинаж эхэллээ. Энэ эгзэгтэй үед бид төсөв, санхүүгийн бодлого, хэрэгжилтээ чамбайруулж, оны сүүлийн хагасын төсвийн хэрэгжилт болон ирэх оны сангийн бодлогын зураглалаа эргэн харахаас өөр аргагүй болох нь. Магадгүй нөхцөл байдал доройтсоор байвал энэ оны төсөвт тодотгол хийхийг үгүйсгэх аргагүй юм.

Тодотгол хийснээр төсвийн алдагдлаа хумьж, зарим бүтээн байгуулалтын ажил, үйлчилгээг дараа онд шилжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил бүсээ чангалахаас өөр сонголтгүй хувилбар бидний өмнө гарч ирж мэдэхээр байна. Хямрал улам гүнзгийрч ирвэл Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны зурагласан манай улсын эдийн засгийн өсөлтийн таамгууд зөрөх эрсдэлтэй. Ялангуяа, Засгийн газрын тооцоолсон эдийн засгийн найман хувийн өсөлт биелэх боломж хумигдах нь дамжиггүй.

Б.Баяртогтох

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.