Шинэ гүүрийн сургамж: Автомашинд бус ХҮНДЭЭ анхаарах цаг

Улаанбаатар автомашинд зориулагдсан хот гэдгийг ганц алхаад л мэдэрнэ. Автомашинд зориулан тавьсан зам гүүр нь явган хүний замгүй байдгаас үүнийг бэлээхэн харж болно. Машинд зориулан өчнөөн зам тавихдаа явган алхагсдыг мартчихдаг, гишгэх газар олдохгүй. Үүний бэлээхэн жишээ нь Замын цагдаагийн газрын ойролцоох шинэ гүүрэн гарц, явган замаа “мартчихсан”. Тэгж байгаад барина гэсэн.

Шинэ гүүрэн гарц ашиглалтад орохоор Энхтайваны гүүрийн ачаалал буурч, замын цагдаагийн газрын уулзварын түгжрэл 30 хувиар багасна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээлтийн үгэндээ онцолсон. Гэвч одоогоор энэ өөрчлөлт мэдрэгдсэнгүй, түгжирч бөглөрсөн хэвээр л байна. Тэгэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдэл нь зам гүүр биш гэдэг нь бэлээхэн харагдана. Хэдэн тэрбум төгрөгийн зээл тавьж, өчнөөн хоног зам хааж, шинээр барьсан зам гүүр ачаалал хуваалцахгүй, түгжрэл багасгахгүй байгааг бид харлаа. Тэгэхээр яах вэ?

Нийтийн тээврээ хөгжүүлье. Үйлчилгээнд явах автобусныхаа тоог нэмж, өнгө үзэмжийг нь сайжруулж, үйлчилгээ нь чанартай болгоод өг. Тэгвэл хэн хүнгүй автобусыг сонгоно. Олон цагаар зам дээр түгжирч, зорьсон газраа очсон ч зогсоол олдохгүй түмэн зовлонтой машин унахыг хэн ч хүсэхгүй.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн байдал үнэхээр өрөвдөлтэй. Өглөө, оройд олдохгүй. 30-40 минут цаашлаад бүтэн цаг хүлээлгэх нь энүүхэнд. Арай гэж ирсэн нэгэнд нь багтахгүй, хөгшин залуугүй суух гэж алалцана. Өнгөрсөн жил 900 автобус үйлчилгээнд гарч байсан бол энэ жил тоог нь багасгаж 850 болгосон сурагтай. Автобусны зардал нэмэгдсэн учраас 150-ыг нь шууд зогсоосон гэх мэдээлэл ч бий. Ядаж л автобусныхаа тоог нэмээд өгвөл хүлээлгэлт нь арай багасч ч болох.

Яаж ч бодсон өнөөдрийн Улаанбаатарт автобус хүлээж, суухын төлөө алалцаж, суусан хойноо шахалдаж бачуурч явснаас түгжрэлд өөрийнхөө машинд сууж байх нь илүү жаргалтай байна. Энэ л шалтгаанаар олон олон хүн автобуснаас “зугтаж”, машин унаж байгаа. Үүнээс үүдэн түгжрэл үүсч, зам дээрээ бухимддаг. Энэ бухимдлыг дарах ганц арга нь шинээр зам гүүр барих гээд дарга нар ойлгож, тэр ажилд мөнгө хөрөнгийг зарцуулдаг.

Үнэндээ автомашинд бус хүнд зориулагдсан хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Дугуйн зам, явган хүний замыг хангалттай тавьж, нийтийн тээвэртээ дорвитой том өөрчлөлтийг хийгээд өг. Нэг чиглэлийн автобусыг 10 минут тутамд явдаг болгоод өг. Машин барихаас автобусанд суух нь илүү хялбар болгоод өг. Тэр цагт энэ хот бухимдлаас салах ч юм билүү.

Б.Энэрэл

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.