Аудитын байгууллага 159.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ

5d942a96b57b0УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат  нар танилцуулав.

Тус Байнгын хороонд харьяалагддаг Сангийн сайдад 2018 онд нийт 1.7 их наяд төгрөгийн төгрөгийн төсөв баталснаас 1.6 их наядыг зарцуулжээ. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 159.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 158.1 сая төгрөгтэй холбоотой 52 нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулж, 32 сая төгрөгийн зөрчилд 10 төлбөрийн акт тогтоосон байна. Мөн 381.2 сая төгрөгийн 13 зөрчлийг арилгах албан шаардлага, 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх зөвлөмж хүргүүлснийг Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр, “Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа байгууллагуудын төсвийн хуваарийг баталгаажуулаагүй, Татварын ерөнхий газар болон харьяа хэлтэс, нэгжүүдэд баталсан орон тооноос илүү 48 албан хаагч ажиллаж байгаа, дууссан төслүүдийн хаалтын тайлан гаргаагүй, 85.9 сая төгрөгийг журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлээгүй зөрчил илэрсэн Түүнчлэн Хөгжлийн банк, Хадгаламж даатгалын корпорац нь 2018 оны санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт ирүүлээгүй” хэмээв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар асуулт асууж, саналаа хэллээ.  УИХ-ын гишүүд Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг тодруулж байв.

“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төсөлд төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурдсан юм.

Ийнхүү санал хураахад тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.


URL:

Сэтгэгдэл бичих