Нобелийн шагналтнуудын судалгаа Монголын ядуурал буурдаггүйн шалтгааныг тайлбарлав

GOL_ZURAG• Нобелийн эдийн засгийн эзэд шинжлэх ухаанчаар ядуурлыг бууруулах шаардлагатайг баталж байна. Харин Монголын улстөрчдийн ядуурлын эсрэг тэмцэл нь тэдний баталсан судалгааны эсрэг явж ирснийг харуулж буй.

•Ядууралтай тэмцэхийн тулд язгуурыг нь судлах нь чухал • Эдүгээ дэлхий даяар 700 сая хүн хоногийн хоолоо арай ядан залгаж, ядуурал дунд амьдарч байна. 

• Ядуурлыг бууруулах нь ийм ярвигтай, шинжлэх ухааны нарийн тооцоолол нэхсэн тэмцлийг шаардаж байхад эрх баригчид үүнийг өнгөц аргаар бууруулах гэж оролддог

• Мөнгө дагуулсан, ядуурлыг бууруулах тэмцэл нь эргээд авлигыг өдөөж, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү түлхэх сул талтай.

Чинээлэг орнууд, их гүрнүүд, олон улсын байгууллагууд, сайн үйлстнүүд… Үгээгүй ядуурал хүрээгээ тэлсээр буй Африкт гар сунгагчдын жагсаалт ийн урт үргэлжилж, тус бүс нутаг руу цутгасан мөнгө санхүүгийн хэмжээ гол мөрөн мэт урсгадаг. Гэтэл мөнгөөр угжуулж, санхүүжилтээр цутгуулсан энэ тив сүүлийн хагас зуун жилд өөдлөв үү. Африкт хаягласан дэлхий дахины тусламж дэмжлэг болон тус тивийн орлогын үзүүлэлтийг та харж байна. Энэ тивийг чиглэх дэлхий нийтийн дэмжлэг нэмэгдэхийн хэрээр тус бүс нутгийн орлого өсөх бус буурсан урвуу дүр зураг харагдаж байгаа биз. Магадгүй хар тивийг чиглэсэн “хайр” ивээл Африкийг эмнэх бус харин илүү өвчлүүлсэн ч байж мэднэ. Зөвхөн Африк гэлтгүй халамж, дэмжлэг хэрэгтэй улс орон, хэн бүхэнд мөнгөн тэтгэмж, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж бодитоор хүрч, байгаа онодог болов уу. Дэлхийд энх тайван тогтсон сүүлийн хэдэн арван жилд цэнхэр гараг даяараа ядуурлыг ялан дийлэхээр байдгаараа тэмцлээ. Гэсэн ч эдүгээ дэлхий даяар 700 сая хүн хоногийн хоолоо арай ядан залгаж, ядуу тарчиг амьдарч байна. Нийгэм, эдийн засгийг хослуулан доройтуулдаг энэ “хорт хавдар” дэлхийн олон орны хоолойд тулсан өнөө үед тус аюулт эмгэгийг эмчлэх аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой судалсан гурван эрдэмтэн 2019 оны Нобелийн эдийн засгийн шагнал хүртлээ. АНУ-ын иргэн М.Краймер, Францын Э.Дюфло, Энэтхэгийн Абиджит Банерджи нар ядуурлын судалгааг олон жилийн турш буурай болон хөгжиж буй орнуудад бодитоор хийж, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй энэ “өвчнийг” илүү прагматик туршилтад суурилан судалсан нь шагналыг хүртээх гол шалтгаан болсныг Нобелийн хороо мэдэгдсэн байна. Массачусетсийн технологийн институт болон Харвардын их сургуулийн эдгээр эрдэмтний тухай сүүлийн үед хэвлэлээр хөвөрч буй тул энэ төрлийн мэдээллийг орхиод тэдний судалгаанд анхаарлаа хандуулъя. Ядуурлыг бууруулна. Энэ үг дэлхийн бараг бүх орны улстөрчдийн амнаас урсдаг. Гэтэл яг үнэндээ улстөрчдийн бодлого ядуурлыг бууруулж байна уу. Ялангуяа, буурай болон хөгжиж буй орнуудад ядуурлаар түрий барьсан тоо тоймгүй олон төсөл хөтөлбөр, бодлогын арга шийдэл хэрэгжүүлдэг атлаа яагаад буурахгүй байна вэ. Хэмжихэд хэцүү, хийсвэр шинж чанартай энэ асуултад 2019 оны Нобелийн шагналтнууд хариулахаар зорьжээ. “Бид ядуурлын эсрэг тэмцлийг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн баталгаажуулахыг зорьсон. Үнэндээ ядуурлыг бууруулахаар тэмцэгчид түүний язгуур шалтгааныг тоодоггүй. Яг ямар шалтгааны улмаас ядуурал үүсэж буйг тогтоохгүйгээр түүний огт харанхуйгаар тэмцдэг. Ингэснээр ядуурлыг бууруулах нэрийдлээр их хэмжээний мөнгө, цаг хугацааг үр дүнгүй үрэхэд хүргэдэг” хэмээн Францын эдийн засагч, Нобелийн шагналтан Э.Дюфло тайлбарласан байна. Өнгөрсөн хугацаанд ядуурлын эсрэг улс орнуудын тэмцэл бүхэллэг, цөм шинжтэй байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар ядуурлыг том зургаар харж, эл бул хар чулууг хөдөлгөхөөр байдаг чадлаа барсан нь үр дүн муутай, хүч, хөрөнгө тарамдсан арга зам байжээ. Харин том асуудлыг олон жижиг хэсэг болгон хуваавал ядуурлын эсрэг тэмцлийг удирдахад илүү хялбар болох санааг эдийн засагчид дэвшүүлж, түүнийгээ нотолжээ. Ядуурлын шалтгаануудыг илүү нарийвчилж, тодорхой асуудалд чиглүүлж, түүнийг онилсон шийдэл хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж үзсэн байна. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчны хүчин зүйлсийг задлан шинжлээд, ядууралтай тэмцэхэд  гүйцэтгэж буй үүргийг үнэлэх аргачлалыг боловсруулжээ. Тун энгийн жишээгээр тайлбарлая. Нобелийн шагналтнууд халуун орны хамгийн том сорилтын нэг болох хумхаа өвчнөөр жишээ авсан. Дэлхий даяар жил бүр 900 мянган хүн энэ өвчний улмаас амиа алддаг. Тэдний дийлэнх нь таваас доош насны африк жаалууд. Хумхаа өвчин нь Африкийн орнуудын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж, эргээд ядууралд нөлөөлж байна. Тэгвэл үүнийг бууруулахын тулд энэ өвчнийг тараадаг шавжаас хамгаалах тор ашиглах нь оновчтой аргад тооцогддог байна. Тэгвэл 10 ам.долларын үнэтэй торыг иргэдэд үнэгүй тараавал хумхаагийн өвчлөлийг бууруулах уу. Энэ амар арга учир дутагдалтай хэмээн судлаачид үзжээ. Чухам үүнээс бодлого тодор-хойлогчдын алдаа эхэлдэг байна. Дийлэнх бодлого тодорхойлогчид тор тарааснаар өвчлөлийг бууруулна хэмээн ухар мөчид тооцдог. Гэтэл үнэгүй тор авсан иргэд түүний үнэ цэнийг бүрэн ухаарч, ашигладаггүй. Эсвэл өвчнөөс хамгаалах торыг загас барих зэргээр өөр зориулалтаар ашиглах нь цөөнгүй байдаг аж. Тиймээс хамрах хүрээг нь нэмэхийн тулд үнэгүй тараах уу эсвэл үнэ цэнийг нь өсгөхийн тулд өртөг шингээх үү. Эдгээр сонголтын аль нэгийг нь сонгохын тулд ул үндэстэй судалж, тооцсоны үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн санааг Нобелийн шагналт бүтээлдээ дурджээ. Ядуурлыг бууруулах нь ийм ярвигтай, шинжлэх ухааны нарийн тооцоолол нэхсэн тэмцэл шаардаж байхад эрх баригчид үүнийг өнгөц аргаар бууруулах гэж оролддог. Тухайлбал, дэлхийн цөөнгүй орон бага орлоготой иргэддээ хямд зээл өгөөд ядуурлыг бууруулахаар зорьдог. Гэтэл энэ нь явуургүй арга болох нь судалгаагаар нотлогджээ. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин ялангуяа, буурай орнууд ядуурлыг углуургаар нь судалж, ул суурьтай бодлого боловсруулаагүй атлаа ядууралтай тэмцэхээр их хэмжээний санхүүжилт татаж, өр зээл тавих нийтлэг хандлага ажиглагдсан. Гэвч энэ нь үр дүн муу, хүч тамираа барсан оролдлого болох нь олон байжээ. Цаашлаад мөнгө дагуулсан, ядуурлыг бууруулах тэмцэл нь эргээд авлигыг өдөөж, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү түлхэх сул талтай. Өөрөөр хэлбэл, улстөрчид, эдийн засагчид гээд хэн бүхний дураараа ярьдаг ядуурлыг цээжний тооцоо, цочмог шийдвэр, амныхаа зоргоор ярьж ядуурлыг бууруулахаар тэмцэж, тас харанхуй бууруулах боломжгүй гэдгийг баталжээ. Шинжлэх ухааны нотолгоо баримтад суурилсан аргаар ядууралтай тэмцэх нь хамгийн үр дүнтэй хэмээн үзсэн. Ядуурлын эсрэг тэмцэл тооцоо судалгаа, нарийн дүн шинжилгээ, нухацтай бодлого боловсруулалт шаарддагийг дэлхий дахинд тунхагласнаараа энэ нь шинэлэг болсон байна. Тэгвэл тооцоо судалгаатай бодлого боловсруулж, түүний үр дүнг хэмжих нь Монгол Улсад хамгийн үгүйлэгдэж буй. Монгол Улс сүүлийн 30 орчим жил хөгжлийн дөнгө болсон ядууралтай тэмцсээр ирсэн ч Монголын хүн амын тал нь ядууралд нэрвэгдэж, гурван хүн тутмын нэг ядуу хэвээр байгаа. Яагаад. Тооцоо судалгаагүй ядууралтай тэмцдэг, хөнгөлөлттэй зээл зэрэг хялбар аргыг илүү үздэг зэрэг нь манайд түгээмэл ажиглагддаг үйл явц. Гэтэл ядуурлын эсрэг үндэслэл, нотолгоогүй тэмцэл үр дүнгээ өгөөгүйг дэлхийн шилдэг эдийн засагчид баталж байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: boli doo Огноо: 19 October 2019

yaduuraltai temtseh gesen goe nereer tatvar tologchdiin mongoor bosson ulsiin san homorgiig tsolmogchid ni “hunii erh,ardchilal,shinechlel geh met halhavchin dor nuugdsam MAN-iin genisk D.Amarbayasaglan,L.Oyun-Erdene naraar ongolson Huukiin armidiin tsolmoh uildel sh dee.Ene 3 hunii horongo orolgiin meduulgiig harahad l oilgomjtoi toroos torson terbumtanuud mon. Tolgoinoosoo otson gesen ug .Odoo tedniig tseverleh tsag bolj baigaa yum bish ?! Bugd l hodoonoos irsen oorokuud hediidee ingej horongojih bileedee. Ene 3 huniig shudragaaar, hols huchee ursgaj baij bayalgaa buteesen gej bodoh teneg oldoh uu?!

Нэр: boli doo Огноо: 19 October 2019

yaduuraltai temtseh gesen goe nereer tatvar tologchdiin mongoor bosson ulsiin san homorgiig tsolmogchid ni “hunii erh,ardchilal,shinechlel geh met halhavchin dor nuugdsam MAN-iin genisk D.Amarbayasaglan,L.Oyun-Erdene naraar ongolson Huukiin armidiin tsolmoh uildel sh dee.Ene 3 hunii horongo orolgiin meduulgiig harahad l oilgomjtoi toroos torson terbumtanuud mon. Tolgoinoosoo otson gesen ug .Odoo tedniig tseverleh tsag bolj baigaa yum bish ?! Bugd l hodoonoos irsen oorokuud hediidee ingej horongojih bileedee. Ene 3 huniig shudragaaar, hols huchee ursgaj baij bayalgaa buteesen gej bodoh teneg oldoh uu?!

Нэр: Sampil Огноо: 17 November 2019

Sedwe sn zadalj ogjee ghd yag ymr arga hemjee awah estoig bidni setgehui l sudalgaa l mdj dee gj oilgoh dugneltend hurlee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.