Үүрэн телефоны оператор компаниуд хар зах шиг ажиллаж байна

1572587371_gar_utasnii_kompaniНийслэлд автобусны буудал, зах худалдааны төвүүдийн ойролцоо үүрэн телефоны оператор компаниуд шинэ дугаараа талх шиг борлуулдаг. Үүнийгээ хэрэглэгчдэд ойртсон, амар хялбар үйлчилгээ хэмээн өмөөрдөг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө 800 гаруй хятад иргэдийг  10 гар утастайгаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгааг хууль хяналтынхан илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагын зүгээс үүрэн телефоны компаниуд шалгаж, хариуцлагын асуудлыг ярина хэмээн мэдэгдээд буй. Угаас Монголд монополь байгууллагуудын дээгүүрт үүрэн телефоны компаниуд бичигдсээр ирсэн. Тэдэнд зориулж хууль баталдаг ч хэрэгжүүлдэггүй. Том толгойтой. Гэтэл өнөөдөр тэдний хяналтгүй, зах замбараагүй үйлчилгээнээс үүдэн 800 хятад иргэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байж.

Монгол гуравхан сая хүн амтай. Үүнээс үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор гурван сая 886 мянгад хүрсэн тухай статистик мэдээлэл байна. Энэ бол өнгөрсөн хавар гаргасан тоо баримт. Тэгвэл гэнэт л 10 мянган хэрэглэгч шинээр нэмэгдэн орж ирж байгааг үүрэн телефоны оператор компаниуд анзаарсангүй юу? Мэдээж үйл явцтай холбогдуулан үүрэн телефоны компаниуд бие бие рүүгээ чихэж хариуцлагаас мултарч болох байх.
Гэхдээ УИХ-аас дугаартай шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр 2014 онд хууль батлагдсан хууль хэрэгжсэн бол үйл явцад хяналт тавих боломжтой байв. Гэвч батлагдаад 5 жилийн нүүр үзэж буй хууль хэрэгжээгүй өнөөдрийг хүрээд байна. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн байсан бол үүрэн телефоны компаниудаас үйлчилгээ авч буй иргэдийн мэдээлэл нэг цэгт төвлөрөх боломжтой байв. Ингэснээр гэнэт нэмэгдсэн 10 мянган хэрэглэгч анхаарах татах нь ойлгомжтой. Гэвч үүрэн телефоны компаниуд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг аягласаар өнөөдрийн энэ байдлыг үүсгэв. Төрийн хуулийг уландаа гишгэсэн эдгээр компаниуд төрийн хууль зөрчигчдөд боломж олгож буй үйл явцыг нийтээрээ харав. Тэгэхээр энэ үйл явцын дараа хууль хяналтын байгууллагууд үүрэн телефоны компаниудад ямар хариуцлага тооцохыг харах л үлдэж байна. Хариуцлага тооцохтой зэрэгцэн хар зах шиг  ажиллаж буй үүрэн телефоны оператор компаниудыг цэгцэлж нэгтгэж, батлагдсан хуулиа хэрэгжүүлэх цаг болсныг хэлэх хэрэгтэй байх. Ядаж  л хүн бүр хоёроос гурван сим карттай байгаа зах замбараагүй хэрэглээг хянах  боломжтой болно.

П.Гоо

Эх сурвалж: Olloo.mn


URL:

Нэр: зочин Огноо: 5 November 2019

Үүрэн телефоний компани гэхээр л заавал давуу эрхтэй данхалзаж байх ёстой юмуу Яагаад төрийн хууль биелүүдэггүй юм бэ??? Эсвэл дурын компани ,түүний эрх мэдэлтнүүд Төрийг төр гэж авч хэлцэхээ больчихсон юмуу? Гаргасан журмыг нь тоодгүй, баталсан хуулийг нь захын нэг хуулийн этгээд ч юмуу жирийн иргэн нь ч хууль журмыг нь биелүүлдэггүй,төрийн нэр хүнд бүр ийм дээрээ тулаа юу? За нэгэн бодлын аргүй ч юмуудаа. Яагаад гэвэл төрийн түшээгээсээ ахлаад жирийн албан хаагчид хуулиа зөрчидөг болохоор тэр шүү дээ. Тиймүү ААА?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.