ӨГҮҮЛЛЭГ: Тавилангийн зөрөг

c5f50si9Галсангийн Болормаа

(зохиолч, сэтгүүлч)

Дээлээ хөөргөж бүсэлсэн Дамиранг сумын төвийн худалдааны төвөөр ороход дэгжин авгай, хүүхнүүд худалдаанд шинэ содон бараа таваар ирснээ дуулгах гэж ам уралдан шаагилддаг юм.

-Дамиа ах минь хэзээ ирээ вэ. За даа авгайдаа хайртай эрийн авдаг л бараа даа… Гар утасны шинэ загвар ирсэн… гэж Цэнгэлийг сул асгарсан шаргал гэзгээ хоёр гараараа арагш хумин шидэнгээ хэлэхэд,

-Торго даавуу элбэгшсэн энэ цагт наад өмсөж яваа дээлээ солих цаг болжээ, Дамиран минь гэж үеийн нь Цэцгээ тэрүүхэндээ тушаах мэт хэллээ.

-Та нар чинь мэнд үг ч үгүй л түрүүвч хоосолчих шахах нь. Алив нэг сандал аль. Эмээлийн бүүргэнд дуг хийх шахам явж ирлээ. Шар ус ихтэй, хөх салхи тавиад хүн малыг тамирдуулсан л цаг болж байна шүү, хөдөөд гэж хэлээд Дамиран өтөг бууц үнэртүүлэн ганган Гармаагийн лангууг налаад суун тусав. Сэргэлэн нь дэндсэн Цэнгэл гар утсаа барьсаар Дамирангийн өмнө ирээд:

-Энэ сандал дээр тэгшхэн сууж бай. Зургийг нь аваад өгье. Ахыгаа интернэтийн “од” болгоно оо… гэж хэлээд тогос шиг алхаж урагш хойш болж байгаад зургийг нь шаг шагхийтэл хэд дахин авав. Түрүүнээс хойш дуугүй байсан Номин лангууны араас гарч ирэхдээ:

-Ах, аяга кофе уучих гэж хэлээд инээмсэглэлээ.

Дамиран: -Ямар сайхан юм бэ? Эртээд чиний өгсөн кофег аваачаад эхнэртээ өгсөн чинь “ямар муухай үнэртэй юм бэ” гэж хэлээд ярвайж байгаад ууснаа “амт нь гоё юм гээч” гэж хэлээд угжны хурга шиг уруулаа долоож байна лээ” гэж хэлснээ цагийн цагт салхинд балбуулж байдаг түмэн атираат улаан нүүрээ ханцуйгаараа шудран, “амархан хороошихноо, лүд” гэж хэлээд маг маг инээлээ.

-Дамиран ахыг ороод ирэхээр ингээд дуу шуу дэгдчихдэг дээ. Май чихэр ид… гээд Цэнгэл алаг цаастай амтат чихэр өгөв. Залуу насандаа эргээд ирсэн юм шиг л хормын төдийд инээд хөөр нь цээжиндээ багтааж ядан баясдаг Дамиран  сааль сүүний цагаар хүүхнүүдэд хэдэн хурууд өвөртлөөд ирнэ. Насны ялгаа арилтал хуучилж, хөхрөлдөн, жаргал зовлонгоо уудлан ярьж байдаг болохоор худалдааны төвийн хэдэн хүүхнүүд Дамирангийн хэзээний л найз нь. Нэг зун л Дамиран баларсан юм. Уг нь шальтай юм болоогүй ч галуун хүзүүтийн галзуу аагинд чадуулчихсан юм. Орилоо хочит Даваа хэзээний л энд тэнд сэлгүүцэж, хэний юу нь болж, юу нь болохгүй байгааг тоочиж явдаг хойно Дамиранг халамцсан байхтай нь тааралдаад баруун хороолол руу уруу татчихжээ. Хэдэн ч шил юм уусан юм бүү мэд. Нэг л мэдэхэд Дамиран орчлонд хадааж  байгаагүй дуугаа хадааж, олныг цочирдууллаа. Нэг залуу дуугүй сууж чадсангүй Дамирангийн өмнөөс сөрөн босож, айлын голомтыг буулгаж дуусгаад Давааг дүүгийнд нь хүргэж өгнө гэхэд заавал худалдааны төвөөр орно гэж зөрүүдэлж. Хоёр хөл дээрээ тогтож эс чадах Дамиранг харсан худалдагч хүүхнүүд инээлдэж угийн ааш зөөлөнтэй хүн гэж тохуурхсанд түүний нүд улаанаар эргэлдэж гарт тааралдсан бүгдийг авч шидэлжээ. Ханын толь хага үсрэхэд хүүхнүүд орилолдон, хаалгаар багтаж ядан гарцгааж Дамиранг бариад авах хүн хайж гудамжаар гүйлдэж тарсан юм. Ухаан орохдоо цагдаагийн гавтай хоночихсон байсан даа, хөөрхий. Хүүхдүүд нь сургуульд явчихсан. Эхнэрээ ганцааранг олон малтай орхиод ирснээ санаад толгойтой үсээ зулгаамаар санагдаж, орчлонгийн бүх зүйл утга учиргүй санагдсан аж. Цагдаагийн саатуулах өрөөнд гаднаасаа түгжээтэй гиюүрч суухдаа арван долоотой байхдаа нэг удаа сүрхий алдаа гаргаснаа давтжээ гэдгийг эргэн санав. Цаг үд дөхөж буй бололтой ч хүний чимээ алга. “Би юу хийсэн бол? Энэ цээж аргаж байгааг яана аа, дотор тал гандаж үжирсэн даавуу шиг л болсон бололтой. Их л архи ууж дээ. Хүн гэмтээгээгүй байгаа даа… “ гэж бодоод айж эхэллээ. Удаж удаж үд өнгөрч байхад хэсгийн цагдаа амьсгаадан орж ирэв.

-Ах сайхан амрав уу? гэж даажигнан асууж байна. Дамиран дуугүй л толгой дохив.

-Ийм нас намба тогтсон хүн байж айл гэрийн бүх зүйлийг нурааж, хүн зоддог та ямар болчимгүй этгээд бэ?

-Би хэнийхийг түйвээж, хэнийг зодчихсон байна, хүүхээ…

-Өөрөө мэдэж байгаа биз дээ. Одоо удахгүй байцаалт авна аа…

-Юун байцаалт вэ…

-Ганбаатарынх нүүх гэж байгаа айл шиг л юм болсон байна. Эхнэр нь таныг шууд аймаг руу ачуулж өгөөч гэж цамнаад байна. Би ч таны өмнөөс “утсаа авахгүй удсан” гээд загнуулаад байна…

-Ах нь ямар их уудаг биш дээ. Дөчин тавтай байхдаа нэг удаа уусан. Одоо ч дахиж амсахгүй…

Цагдаа дуугүй тонгойн баахан юм бичлээ. Түүний утас дуугарч байна.

-Байна уу? Аан за. Өвдөөд эхэллээ гэж үү? За одоохон очлоо…

-Би хүн гэмтээчихсэн юм уу?

-Үгүй ээ, арай гэмтээгээгүй…

-Хэн өвдөөд, сүйд боллоо гэж чамайг дуудаад байгаа юм бэ?

-Гэрээс дуудлаа, эхнэр төрөх гэж өвдөөд…

-Өө зайлуул даа. Бушуу яв.

-Бушуу яв гэнэ шүү…Таныг яах болж байна?

-Би яадаг юм. Одоо яах ч үгүй ш тээ. Гэр лүүгээ шогшиж нэг шөлний юм аваад ирье ах нь. Чи харин эхнэр лүүгээ бушуу яв.

-Нээрээ шинэ шөл уулгана гэдэг мөн ч хэцүү шүү, дүү хүүд нь.

 -Түүнд зоволтгүй, Ах нь өөрөө очоод Ганбаатарынхыг төвхнүүлчихнэ…

-Та ч уг нь сумандаа хүндтэй л хүн шүү…За за өрөө түгжээд түлхүүрийг нь жижүүрт өгчихөөд яваарай…

-Хөөе хүүхээ, энэ гар дахь гаваа ав аа…Хүнийг ёстой ухааруулдаг эд байх чинь дээ…Ээ бурхан минь…

- Энэ аймаар эд шүү ах минь…

Дамиран тамирдаж хоносон биеэ морины явдалд сэгсчүүлэн, шогшуулж явахдаа “эхнэртээ л юу гэж хэлнэ дээ” гэж элэг доог болсон явдлаа санаж цээж нь дэлбэрэх нь холгүй байв. “Хүний л хань хойно чи минь уучлах байгаа даа. Дамиран чинь нэрээ хугалчихлаа. Ганбаатарын авгайн хэлж байгаа үнэн шүү. Яаж би олны хэл амыг дарна даа. Яасан ч үйлсгүй юм бэ дээ…За Дамиран дахин ухаанаа алдахгүй дээ…Харж л бай та нар…” гэж эзгүй хээр, эл хуль орчлонд ганцаараа ярьж явлаа. Тэр нэгэн явдлаа өнөөдөр боджээ суутал худалдагч Номин гэнэт: -Дамиран ах юу бодоод дуугүй суучихаа вэ? гэхэд хүнд бодлоо сэтгэлээсээ тийрэн, царайгаа төв болгов. -Эхнэрт минь таарах хүдэр бадар гутал байна уу, та нарт. Гоё торго ч хэрэгтэй л байна… гэвэл Номин:

-Ийм гоё даашинз байна. Эхнэрт чинь таалагдана даа…

-Ийм юм хэрэггүй ээ. Хормой нь дэндүү урт юм байна. Ийм юманд дургүй. Тэрлэг их сайхан зохидог юм гэвэл хүүхнүүд шаагилдан инээлдэж:

-Та үнэнхүү эхнэртэй хайртай юм аа гэж яриа өдөн, хүрээлээд ирэв. Номин шуудхан асуучихлаа:

-Дамиран ах аа, эхнэрээсээ өөр хүнд хайртай болж чадах уу?

-Яалаа гэж дээ. Сэтгэлийн хайр чинь ганцхан л байдаг юм шүү дээ. Таалагдаж харагдсан хүн тааралдаж л байлаа, залуу байхад.

-Та тэгээд өөр хүнд дурлаж үзээгүй юу? Таныг ямар сайхан ах вэ? Энгэрт нь тэврүүлээд эрхлэх юмсан гэж залуухан хүүхэн боддог ч юм бил үү? Тэгвэл та тэр бүсгүйд хайртай байж чадах уу?

-Дамшиг чинь юу асууна вэ? Дурлал гэдэг чинь ондоо юм шүү дээ. Насны ганцхан ханьдаа л хүн хайртай байдаг юм шүү дээ…Өөрийг хайрлах хайр байхгүй…

-Тэгвэл хүн бусдад зориулсан сэтгэлийнхээ хэмжээгээр гомддог гэдгийг та мэдэх үү?

-Гомдох учиргүй…

Гэрэл лангууны араас шууд Дамирангийн өмнүүр ирж хөндөлсөөд: -Иш ах минь. Яасан хуучирсан үзэлтэй хүн бэ? Орчин үед бол ондоо болсон шүү дээ. Дургүй хүргэвэл нөхрийг хөөж явуулаад дараагийнхтай нь сууж болно, ийм л байна даа гэв. Дамиран уулга алдаж:

-За Гэрэл минь, дүү нар минь, энэ чинь л ёстой буруу шүү. Би л гэхэд ханиа сонгож олж авсан. Намайг тоохооргүй л хүүхэн байсан. Гэсэн ч сэтгэлээ бүрэн зориулсан хүнийг л хань минь ойлгосон байх. Одоо бид дөрвөн хүүхэдтэй. Сайхан амьдарч байна… Ам халж байна аа даа… Гэвч бас нэг удаа сэтгэлийн гэмд унасан нүгэл бий. Би тэгэхэд гуч гаран настай байлаа… Малчдын зөвлөгөөнөөр нэг залуухан бүсгүй надад их таалагдлаа. Бид биенээ харж хоёр өдрийн турш болоход үнэхээр сайхан хүүхэн байна даа гэж надад санагдлаа. Бид хүнээс зайдуухан уулзаад ярилцлаа. Тэр хүүхэн надаас нэг л зүйл асуусан:

-Та намайг чин сэтгэлээсээ хайрлаж чадах уу? гэсэн. Би: -Чи надад таалагдаж байна. Гэхдээ би чамд хайргүй гэж хэлсэн. Тэр бүсгүй: -Хайртай болж чадах уу? гэж асуусан: -Би “Үгүй, хэзээ ч үгүй. Хөх тэнгэрээр дамжаад эхнэрийн минь сэтгэл сонсчихно” гэж хэлсэн. Тэр бүсгүй уйлаад гүйчихсэн… Дахиж би эмэгтэй хүний сэтгэлийн гүн рүү нэвтрээгүй дээ. Үгийн хүч гэж айхтар юм байдаг юм шүү дээ. Та нарт нөхрөөс чинь өөр хүн “хайртай” гээд хэлбэл битгий үнэмшээрэй. Тэр чинь хөх тэнгэрийн заадас руу шургаад орчихдог үг шүү дээ…Хүнд тавилан гэж бий дээ. Дамиранг ингэж хэлэхэд тэднээс хэн ч үг сөргөж дахин юм асуусангүй. Хоршооны хошуу амаа билүүдсэн хүүхнүүдийн хэнийг нь ч гомдоохгүй гэсэн шиг Дамиран худалдагч бүрээс нэг нэг зүйл сонгон авч байгаа харагдана. Дамирангийн хумс нь элтэрч эмтэрч бойргошсон харагдана. Гэсэн ч Номингийн булцгар алган дээр тавьсан мөнгийг дагаад зөөлхөн, дулаахан гар зэрвэс хүрээд өнгөрөхөд нууцхан хайрын долгион бүрхэж ирээд буцав. Номин Дамирангийн энгэрт эрхэлж хэнд ч өгөөгүй охин биеэ зориулмаар санагдав. Тэр яг л уйлах гэж байгаа хүүхэд адил болж, сэтгэл нь өмөлзөхийг мэдэрчээ…


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.